Хонконгтой ялтан солилцох гэрээ байгуулна
2016/05/20
Монгол Улс нь Ялтан шилжүүлэх тухай 1978 оны Берлиний конвенц мөн эрүүгийн эрх зүйн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялтныг эргэн нийгэмшүүлэх, эх орондоо ял эдлэх боломжоор хангах, ялтан шилжүүлэх ажиллагааг хялбарчлах зорилгоор Европын зөвлөлийн Страсбургийн 1983 оны “Ялтан шилжүүлэх тухай конвенц”-д 2015 онд нэгдэн орсон.
Өнөөдрийн байдлаар манай улс дараах улсуудтай ялтан солилцох гэрээ байгуулаад байгаа. Тодруулбал,
- ОХУ
- БНХАУ
- Бүгд Найрамдах Солонгос Улс
- Канад Улс
- Бүгд Найрамдах Польш Улс
- Бүгд Найрамдах Турк Улс
- Бүгд Найрамдах Куба Улс
- Бүгд Найрамдах Энэтхэг Улстай тус тус ялтан солилцох гэрээг байгуулаад байгаа.
Үүн дээр нэмээд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газартай ялтан солилцох гэрээ байгуулах гэж байна. Үүний тулд Монголын тал 2012 онд ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулахыг санал болгон төслөө хүргүүлсэн бөгөөд Хонконгийн тал саналыг дэмжиж төслийг эцэслэн тохиролцжээ. Улмаар Хууль зүйн сайдын 2016 оны 2 дугаар сард Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт хийсэн айлчлалын үеэр хэлэлцээрт талууд гарын үсэг зурсан бөгөөд асуудлыг өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн батлах юм. Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг талууд соёрхон баталж, батламж жуух бичгээ солилцсоноор хэлэлцээр хүчин төгөлдөр болно.
Энэхүү хэлэлцээр нь нийт 12 зүйлтэй бөгөөд уг хэлэлцээрээр харилцах байгууллага, шилжүүлэх нөхцөл, шилжүүлэхэд шаардлагатай баримт бичиг, ялтны зөвшөөрөл, ялтныг шилжүүлэх болон шийтгэх тогтоолыг гүйцэтгэх, ялтанд уучлал, өршөөл үзүүлэх асуудлыг зохицуулсан болно. Хуулийг баталснаар хэлэлцээр хүчин төгөлдөр болох нөхцөл бүрдэж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконг-д ял эдэлж буй монгол иргэдийг тэдгээрт Монгол Улсад эдлүүлэх зорилгоор шилжүүлэх авах, Монгол Улсад ял эдэлж буй Хонконгийн иргэдийг шилжүүлэх эрх зүйн үндэс бүрдэнэ. Ингэснээр эх орондоо хорих ял эдэлж өөрийн хэл, соёл, шашин шүтлэг адил, гэр бүл, найз нөхдөдөө ойр орчин, нөхцөлд ял эдлэх боломж олгох зэрэг ялтны Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх эерэг үр дагавартай. Хууль нь 1 зүйлтэй байх бөгөөд тус зүйлд гэрээг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлсний дагуу соёрхон батлах тухай заалт байхаар боловсруулсан байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 30-аад иргэн цагдан Хонконгт хоригдож, 10-аад иргэн хорих ял шийтгэгдсэн байна. Харин Монгол Улсад ял эдэлж буй Хонконгийн иргэн байхгүй гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Хэрвээ ялтан солилцох гэрээ батлагдвал Хонконгт ял эдэлж байгаа Монголчууд эх орондоо ял эдлэх боломжтой болох юм.
УИХ-аар уг төслийг хэрхэн шийдвэрлэхийг бид эргэн мэдээлэх болно.
иргэн · 2016/05/20
Монгол хүнийг Монголд авч ирэх нь зөв