МҮЭ-ийн холбоо тэмцэгч даргаа алдах уу?
2013/02/25
Монголын үйлдвэрчний эвлэл хэмээх нэр томтой нэмэр багатай байгууллагыг С.Ганбаатар хэмээх хэлэмгий доломгой бас ч үгүй чамлахааргүй боловсрол мэдлэгтэй залуу 2008 оноос эхлэн удирдаж эхэлснээс хойш Монголын хөдөлмөрчин түмэн өмгөөлөх эзэнтэй, нэг ёсондоо "дээрэлхвэл" хамгаалах хүнтэй болсон.
Боловсрол чадвар нь байтугай бодоход л тохиромжгүй томилгоотой дарга нарын дундаас хамгийн зөв хүнийг зөв газар нь аваачсан явдал энэ байлаа.
Үнэндээ ямар ч хүнээр чадах ажлыг нь хийлгэвэл үр дүнд хүрдгийг харуулж яваа хүн бол С.Ганбаатар. Гэтэл тэрбээр ойрмогхоноос МҮЭ-ийн ерөнхийлөгчийн ажлаа өгөх сурагтай. Өгөх ч гэж дээ. Хэн нэг нь ажлыг нь өгүүлэхээр зүтгээд байгаа юм даг уу даа. Ийн хэлэхийн учир нь Үндсэн хуулийн цэцэд Ши.Батбаярын хүү Бямбадорж хэмээх эрхэм гомдол гаргасан сурагтай.
Үйлдвэрчний эвлэлийн байрны нэгээхэн хэсгийг Ши.Батбаярын Бямбадорж эзэмшиж хувийн компанийнхаа үйл ажиллагааг явуулдаг. Хувийн компанийн мэдэлд очсон МҮЭ-ийн байрыг буцаан авах гэснээс болж Бямбадоржийн уур хүрч, "МҮЭ-ийн холбоо нь төрийн бус байгууллага биш, түүний ерөнхийлөгч нь УИХ-ын гишүүнээр сонгогдсоноор ашиг сонирхолын зөрчилтэй болсон" хэмээн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргажээ.
Үнэндээ МҮЭ-ийн холбоо нь төрийн бус уу, төрийн үү гэдгийг нь ч яг таг тодорхойлсон тодорхойлолт ч байдаггүй юм билээ. С.Ганбаатар нэг зарга хийвэл санасандаа хүрч байж салдаг мөртлөө гүдэс зан гаргахаараа бас овоо нөхөр юм билээ. Үүнийгээ Оюутолгойн гэрээний асуудлаар С.Баярцогттой телевизийн халз мэтгэлцээнд орохдоо баталсан.
Ямартаа л телевиз үзэгчид Ганбаатар чинь харин Баярцогт шиг ардаа баг ажиллуулчихаад багтарч сандраад дэвхрээд байдаггүй овоо гүндүүгүй эр үү гүй юу" гэцгээж байхав. Үүгээрээ тэр нэр хүнд, өөрийн улаан нүүрээ хамгаалах башир арга хэзээд хэрэглэдэггүйгээ харуулсан болоxoop энэ удаад ч холбооныхоо еренхийлөгчийн албанаас тас зуураад байхгүй байх л даа.
Мэдээж энэ хүний нэр хүнд, албан тушаалын төлөө улайран зүтгэдэггүй сул тал нь МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчийн албанаас амархан шиг холдуулчих байлгүй. Гэхдээ л түүнийг өнгөрсөн хугацаанд амжилттай хамтран ажиллаж, атгасан шагай шиг баг болж байсан хамт олон нь явуулах дургүй байгаа гэсэн. Тиймдээ ч холбооныхоо хүндэт ерөнхийлөгчөөр ч болтугай үлдээх юмсан гэж байгаа аж.
Тэр яагаад энэ байгууллагад ийм их хүндтэй хүн болчихов гэдгийг тунгаах гээд үзье. Тэр яг хэрэгтэй үед, хэрэгтэй зүйлийг, хэнээр ч заалгахгүй, хэнээс ч айхгүй хэлж, хийж, тэмцэж чаддаг төрөлх дайчин чанараа Монголчуудынхаа төлөө зориулсан шинэ цагийн тэмцэгч гэдэгтэй хэн ч маргахгүй байх. 2008 ойд ажил авуутаа дур зоргоор үнэ хөөрөгддөг асуудлыг эсэргүүцэн тэмцсэн. Талх, гурил, бензиний үнийг бууруулж чадсан.
Энэ нь хоногийн хоолоо арай ядан залгуулдаг олон өрх айлын амьдралд багагүй тус болж чадсан юм. Цалин, тэтгэвэрийг нэмэгдүүлэх гэж өглөө үдэшгүй зүтгэж байж цалин, тэтгэвэрийг дунджаар 35 хувь нэмэгдүүлэхээр шийдвэрлүүлж чадсан. Нийгмийн даатгалын сангийн гэх баталгаатай эсэх нь үл мэдэгдэх хөрөнгийг баталгаажуулахад С.Ганбаатар маш том үүрэг гүйцэтгэсэн.
Сүхбаатарын талбайд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч тэрбээр 10 хоногийн турш суулт хийж байж Нэрийн дансны нийт үлдэгдлийн хэмжээг 1 тэрбум 766.9 сая төгрөг байхаар тогтоолгож байсан. Хөөрхий Монголчууд цагийн цагт үнийн дарамтад оромтгой байдаг юм хойно 2009 онд гэнэт л Эрчим хүчний зохицуулах газраас 2009 оны эхнээс цахилгаан дулааны үнийг 25-35 хувиар нэмэх санал боловсруулан тавьсан.
С.Ганбаатар мөн л дуугүй сууж чадалгүй Монгол Улсын Засгийн газарт шаардлага хүргүүлж тэмцэж байж цахилгаан дулааны үнийг нэмэгдүүлэхгүй хэвээр үлдээж чадсан. 2009 онд төрийн албанд ажиллаж байсан хүмүүс С.Ганбаатарт талархаж явахад илүүдэхгүй байх. Яагаад гэвэл 2009 оны санхүү эдийн засгийн хямралтай холбогдуулан Монгол улсын Засгийн газраас төрийн албан хаагчдын цалин хөлсийг 20-30 хувиар бууруулахаар шийдвэр гарч байлаа.
Тэр төрийн албан хаагчдын цалин хөлсийг цээжээрээ хамгаалж байж бууруулалгүй үлдээсэн. 2009 онд багш нарын урамшууллын мөнгийг хасах гэж байхад мөн л тэмцсэн. Хасуулаагүй. С.Ганбаатарын эдийн засагчийн мэргэжил ихэнх үед түүний тэмцэж, жагсаж, шаардлага тавихад нь хэрэг болдог биз. Аманд ч үгүй хамарт ч үгүй цалин авч амьдралдаа хэрэглэх үү, автобусандаа өгөх үү гэсэн зовлонд унадаг монголчуудын цалин хөлсийг нэмэгдүүлэхийн төлөө тэрбээр хоолойгоо хаттал хашхирдаг.
Төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх тооцоо судалгаа хийж хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт удаа дараалан хүргүүлсэн нь төрийн олон албан хаагчдад тусаа өгч тэд одоо нэмэгдсэн цалин авдаг болсон. Монголын ажилгүйчүүд гудамжаар нэг хөлхөж байхад Засгийн газраас 2600 хятад ажилтан оруулж ирэхийг зөвшөөрсөн удаатай.
Мэдээж энэ асуудал түүний гэдэнг хөдөлгөсөн. Эсэргүүцсэн. Тэмцэл нь мэдээж үр дүнгээ өгсөн. Манай улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэж ёстой л хөгийн юм бий. Тийм атлаа нэмэгдүүлэх тун дургүй. Хэрэв С.Ганбаатар улаа эргэтэл харайж, улаан хоолойгоо шархалтал хашгирч тэмцээгүй бол 108 мянга нь 140 мянга болохгүй байсан.
Эрүүл мэндийн даатгал яг хэрэгтэй хүндээ хэрэг болж чаддаггүй хэрнээ завших хүнд чухамхүү бэлэн хоол болж байсныг МҮЭ-ийн холбооноос илрүүлж байсныг хүмүүс мартаагүй байх. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн дарга ажилтнуудтайгаа хуйвалдан хуурамч өвчний түүх бичиж ЭМД-ын сангаас сая саяар нь идэж байсныг таслан зогсоосон.
Таван жил гэдэг ажил амжуулж, бүтээж чаддаг хүнд ихийг хийх хугацаа аж. Энэ мэт тоочоод байвал С.Ганбаатар өнгөрсөн хугацаанд чамгүй ихийг амжуулсан аж. Шатахуун импортлогч компаниуд үгсэн хуйвалдаж бензиний үнээ нэмэхдээ гаргууд. 2012 оны 1 дүгээр сарын эхээр гаарсан тэднийг эсэргүүцэн тэмцэж байж 85-300 төгрөг хүртэл бууруулж чадсан.
Гэтэл ШӨХТГ-ын байцаагч автобензин, дизель түлш импортлогч "том толгойтнуудыг" 17 тэрбум төгрөгөөр торгох шийдвэрийг цуцалж түмний эгдүүцлийг хүргэсэн. Завшсан этгээдүүд гэмгүй болж, хохирсон, үнийн дарамтад өртсөн иргэд дуугүй суух уу. Яг энд мөнөөх л С.Ганбаатар хэрэгтэй байсан. "Соц" үеийн "коммун" үг нэгийг хэрэглэе. Тэр дутагдлын өмнүүр дуугүй өнгөрч чаддаггүй зангаараа мөн л эгдүүцэн тэмцсэн болохоор энэ хэрэг дарагдалгүй өнөөг хүртэл явж байгаа юм аа.
Ерөөс Монголын үйлдвэрчний эвлэл хэмээх байгууллага С.Ганбаатарын үед зөвхөн энэ мэт зүйлийг хийгээд зогсоогүй байх. Тэр энэ байгууллагыг удирдаж эхэлсэн цагаас хойш нурж унах шахсан байр нь овоо өнгө орж, хүн орохтойгоо болсон харагддаг. Бас бусдад алдаж завшуулаад байсан байр сав, байгууламж, газар зэргийн ихэнхийг нь буцаан авсан гэсэн.
Түүний бас нэг гавьяа бол хөлсний хөдөлмөр эрхлэгчдийн зоригийг багагүй өдөөж өгсөн явдал гэж хэлж болно. Аливаа шийдвэр, аливаа асуудал буруу байсан ч аялдан дагалддаг унтаа байдлыг сэрээж эрхээ хамгаалахаар зүтгэж тэмцвэл үр дүнг нь амсдагийг ойлгуулахад хувь нэмрээ оруулсан хүн. Өөрийгөө рекламдах дуртай хүн болгон "Монголын ард түмэн" гэж цээжээ дэлддэг болсон энэ цаг үед "Монголын ард түмэн" гэж үнэнхүү сэтгэлээсээ хэлж чаддаг, тэдний төлөө ажил амьдралаа зориулж тэмцэж чаддаг хүн бол МҮЭ-ийн ерөнхийлөгч С.Ганбаатар. Ийм Ерөнхийлөгчөө алдахыг хүсэхгүй байх нь МҮЭ-ийн холбооныхны түмэн зөв биз ээ.
Гэхдээ тэр энэ байгууллагыг удирдахаа больсон ч бусдын төлөө сэтгэлээ чилээж, нойргүй хонож чаддаг сэтгэл нь халуун хэвээрээ үлдэх нь тодорхой байх. Үйлдвэрчний эвлэл хэмээх байгууллагыг бусдын төлөөх, хөдөлмөрчин олны эрх ашгийн төлөөх гол үүргийг нь биелүүлж ажиллаж чадаж байсан энэ хүнийг явахаар Монголын ҮЭ-ийн холбооны гишүүд, нийт хөдөлмөрчин түмэн олигтойхон өмгөөлж хамгаалаад өгөх эзэнтэй болж чадах эсэх нь бүрхэг үлдэх боллоо.