CNN-ээс аялахад хамгийн тохиромжтой орноор Монголыг нэрлэлээ
2013/02/25
CNN агентлагаас энэ онд аялахад хамгийн тохиромжтой таван газрыг нэрлэсний нэгдүгээрт Монгол оржээ. Энэхүү жагсаалтыг уг агентлагийн аялагч сэтгүүлчид гаргасан бөгөөд Олон улсын мэдээллийн албаны ахлах сэтгүүлч Бэн Ведемэн Монголыг хүсэмжит газрын жагсаалтад оруулахад гол нөлөө үзүүлжээ.
Тэрбээр "Монголд очсон минь яг л 9,10 настайдаа Марко Пологийн аяллын уншиж, түүнийг авга ах нартайгаа хэрхэн Монголын эзэнт гүрэн рүү аялж байсан тухай бодуулахад хүргэсэн" гэж бичжээ.
"Марко Пологийн аялал 20 гаруй жил үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд тэрбээр монгол хэлийг маш сайн сурч, Хубилай хааны итгэлийг олж, ингээд эх нутаг руугаа үлгэр домогт ч байдаггүй гайхалтай түүх, сонин хачинг авч харьсан юм." Ведемэн бүр монгол хэл сурахаар хэлний сургалтанд сууж байжээ. Гэхдээ сурахад маш хэцүү гэсэн дүгнэлтэд хүрч байжээ. Тэрбээр мөн Монголд зун, эсвэл хавар ирэх дуртай байдаг гэж бичжээ.
"Монголын өвөл маш хүйтэн, хасах 30 хэм надад лав тохирохгүй юм билээ" гэж бичжээ. Ингээд эцэст нь тэрбээр Монголын энгийн аялал хийхийг хүсвэл ойролцоогоор 5000 долларт багтана гэжээ. CNN-ийн гаргасан уг жагсаалтад Монголоос гадна Иордан, Эквадор, Бразил, Өмнөд Африкийн БНУ-ууд багтсан юм.
Эх сурвалж: “Хөх толбо”