“МАН ялагдлын шокноосоо гарч чадахгүй байна” гэж ярьж, бичих нь бичиж, халаглах нь халаглаж, тавлах нь тавлаж байсан цаг ердөө л дөрөвхөн жилийн өмнө шүү дээ. Тэгвэл өнөөдөр АН хүнд нокаутын дараах байдлаасаа хараахан гарч амжаагүй л байна. Аливаа юм ээлжтэй байдаг гэж аргагүй л үнэн юм даа. Гэхдээ ялсан хүчний хувьд хөөрч сагсуурах нэг хэрэг. Ялгаагүй дөрвөн жилийн дараа тэднийг ямар хувь тавилан хүлээж байгааг хэлэхэд дэндүү эрт байна.

 

1992 онд болсон УИХ-ын анхны сонгуульд МАХН (МАН) 70 суудал авч гол өрсөлдөгч ардчилсан хүчнийг чигчий хуруугаараа л цэвэр дарчихаж билээ. “Ардчиллын нусгай бацаануудыг сэхэхгүй болтол нь нам дарлаа” хэмээн баярлан хөөрч, бас бяралхаж байсан ах намынхан дөрөвхөн жилийн дараа байр сууриа алдаад зогсохгүй УИХ-д ердөө 25-хан суудал авсан юмдаг. Парламентад 70 суудалтай даналзаж байсан данагар нам дараагийн сонгуулиар 20 гаруйхан төлөөлөлтэй болж сөрөг хүчний эгнээнд шилжинэ гэдэг яах аргагүй төсөөлшгүй том ялагдал. Амьдралдаа үзээгүйгээ үзсэн хууччуудаас “гүн” шокийн байдалд орох нь орж, намаа орхих нь орхиж юм юм л болж эхэлсэн гэдэг. Харин азаар ч гэх үү, цаг хугацааны тохиолоор ч гэх үү тухайн үед МАН-ын “толгой”-д богино хугацаанд цойлон гарч ирээд байсан шинэ залуу лидер Н. Энхбаяр ирээдүйг маш өөдрөгөөр төсөөлж, алсын хараатай улстөрийн тоглолт хийснээр намаа аварч билээ.

Тухайн үед УИХ-д 50 суудал авсан МҮАН-МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэл нэг талаас ялалтдаа хэтэрхий бялуурч, нөгөө талаас улстөрийн хүчний хувьд төлөвшөөгүйн гайгаар нэр хүнд, байр сууриа тун амархан алдав. Нэг ёсондоо 1996 оны сонгуулиар Засгийн газраа дангаараа байгуулах хангалттай суудал авч чадсан тэд 2000 онд арай чүү ганцхан суудал чирж, харин сөрөг хүчин болох МАН 1992 оны сонгуулийн амжилтаа давтаж 72 суудалтай үнэмлэхүй олонхи болов. Гэхдээ зарим улстөр судлаачид “МАН-ын сайнаас гэхээсээ “Ардчилсан холбоо” эвсэл өөрсдийн муугаас ялагдлаа” хэмээн дүгнэж байсан нь үнэний ортой. Яагаад гэвэл 1990 онд мэндэлсэн дөнгөж зургаахан “настай” нялх ардчилагчид үзэл бодол, бодлого, зорилт, боловсон хүчин, үнэт зүйл гээд олон зүйл дээр төлөвшиж амжаагүй байсан бөгөөд дотоод зөрчилдөө дийлдэж, сөрөг хүчинд боломж олгож байсан юм.

 

2000-2004 онд буюу МАН-ын үнэмлэхүй засаглал, Н.Энхбаярын хаанчлалын үед эрх баригчид хүссэн шийдвэрээ ямар ч саадгүйгээр гаргаж байсан ч ардчилсан хүчний хувьд боломж дуусаагүй гэдгийг сонгогчид харуулсан. Учир нь 2004 оны сонгуулиар маш хатуу сахилга баттай, дотоод эв нэгдэл сайтай гэж харагддаг МАН 72 суудлынхаа яг тал хувийг нь тавиад туучихаж билээ.

2008 оны сонгуулиар МАН 45, АН 28 суудал авав. Тухайн үед Ерөнхий сайд С.Баярын нэр хүнд нийгэмд өндөр байсны ачаар нам нь яллаа гэж шуугиж байлаа. Гэхдээ 2004-2006 оны хооронд Ерөнхий сайдаар ажилласан АН-ын дарга Ц. Элбэгдоржийн хувьд ч нийгмийн сэтгэлзүйг өөр рүүгээ эргүүлж чадсан гэдэгтээ итгэлтэй байсан юм билээ. Тэрбээр Засгийн газрын тэргүүний хувьд авлигатай зоригтой тэмцэл хийж эхэлснээсээ болоод огцорлоо гэдэг ойлголтыг олон нийтэд төрүүлж амжсан гэгдэж байв. Юутай ч АН ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүйгээс болоод 7 дугаар сарын 1-ний аймшигт үймээн дэгдэж, улмаар хоёр том нам урд өмнө нь үзэгдэж харагдаж байгаагүйгээр дайсагналцсан ч эцсийн бүлэгт хамтарч засаглах болсноор бүх зүйл нэг хэсэгтээ л ажин түжин болж авсан.

 

Цаг хугацаа ч нүд ирмэхийн зуур өнгөрч дараагийн сонгууль хаяанд ирлээ. АН-ын хувьд хэдийгээр МАН-тай хамтран засаглаж байсан ч 2012 оны нэгдүгээр сарын 11-нд буюу сонгууль болохоос хэдхэн сарын өмнө хамтарсан танхимаас гарч буйгаа албан ёсоор зарласан юм. Энэ бол АН-ын бусад бүлэглэлүүдээс “Удахгүй болох сонгуульд амжилт гаргахын тулд МАН-ыг жийх хэрэгтэй” гэдэг шахалтыг Н. Алтанхуяг тэргүүтэй “Алтан гадасчуудад” үзүүлсний үр дүн байлаа. Ямартаа ч тэдний тооцоолсноор 2012 оны сонгуулийн үр дүнд АН дангаараа Засгийн газраа байгуулах хэмжээний суудал аваагүй ч төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх түвшиний ялалт байгуулсан.

 

Харин 2016 оны сонгуулиар Монголын ард түмэн МАН-д итгэл хүлээлгэж 65 суудал хайрлалаа. Хамгийн гол нь илт давуу, үнэмлэхүй гэгдэх ялалт байгуулах нэг хэрэг. Дараагийн сонгуулиар амжилтаа хадгалж үлдсэн тохиолдол манай намуудын түүхэнд бараг байхгүй гэдэгт л асуудлын гол нь байх шиг. Гэхдээ бүрэн эрхийнхээ хугацаанд гоё амласан шигээ сайн ажиллаж чадвал сонгогчид мэдээж тийм улстөрийн хүчний бүрэн эрхийн хугацааг дахиж сунгах л байлгүй дээ.

Дажсүрэнгийн Лхагвадорж