Монгол наадмыг Хүннү гүрний нэгдсэн төр байгуулагдсан үеэс үүсэлтэй хэмээн судлаачид үздэг. Тэгвэл өнөө жил Хүннү гүрний 2225 жилийн тэгш ой тохиож буй.

Мянга мянган жилийн улбаатай Монголын төрт ёсны их бэлгэдэл, эв нэгдлийн илэрхийлэл монгол наадмын оргил нь үндэсний бөх билээ. Хүннүчүүд тарж бутарсан овог аймгаа нэгтгэн, цэргүүдийнхээ байлдааны ур чадварыг сайжруулах үүднээс наадам зохион байгуулдаг байсан гэх түүхтэй. Эртний баатруудын тулаан дундаас монгол бөхийн мэх үүсч хөгжсөн гэдэг нь тодорхой юм. Манай эриний өмнөх хоёр мянган жилээс хорьдугаар зууны дунд үе хүртэлх оюуны болон түүх соёлын үнэт өвийг хадгалан орших Дэлийн уулын элгэн хаднаа бөхийн барилдааныг харуулсан зураг байдаг. Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл уулын бичээс бол хүрлийн үеийн дурсгалд хамаарах соёлын хосгүй нандин өв билээ. Тэгэхээр монгол наадмын цэнгэл баяр, бөхийн барилдаан наадаан эртний түүхийн улбаатай гэдэг нь эндээс батлагддаг юм.

Эл бүхнийг өгүүлсний учир өнөөдөр монгол төрийн наадам хаяанд ирж, бөхчүүдийн ир бяр тэгширч, Монголын уул талаар наадмын уухайн түрлэг цуурайтан байна. Туурга тусгаар улс Монголын маань өв уламжлал, түүх соёлын дархлаа болсон үндэсний бөхийн тухай хууч яриа газар бүрт дэлгэгдэж, Лу гүний домогт Вандан аварга, “Буур” хэмээх Нацагийн Жамъян аваргаас улбаалаад алдарт “Хоёр Мөнх”-ийн ид жагсаж явах үеийн дүр зураг наадамчдын сэтгэлд хадгалагдан байгаа нь дамжиггүй. Өнөө жилийн наадмын зүүний магнайг Монгол Улсын гавьяат тамирчин дархан аварга, энэ цагийн шилдэг хүчтэн Гэлэгжамцын Өсөхбаяр аварга магнайлах биз ээ. 1024 бөхийг магнайлж, төрийн наадмын зүүний магнайд босно гэдэг бахтай байх нь мэдээж. Орчин цагийн монгол бөхийн түүхэнд “зургаан залуу зааны үе” хэмээн тодорхойлогдон үлдсэн хүчтэнүүд дундаас жинхэнэ бөхийн төрмөл чанар, жудаг ёсоороо шалгарч үлдсэн бөх бол Өсөхөө аварга гэдэгтэй олон түмэн санал нийлэх болов уу.

Гэлэгжамц гуайнх Архангайн Цахир, Тариат, Тэрхийн цагаан нуураар нутаглаж ахуйдаа дараалсан олон охинтой айл байсан гэдэг. Буур аварга Гэлэгжамцын гэргий буюу өөрийнхөө охиноос бөх хүү төрөхийг өнгөрөгч зууны далаад он хүртэл хүлээжээ. Гэвч аварга нэгийг бодож хүүхдүүддээ Батцэнгэл сум руу нүүхийг зөвлөсөн байдаг. “Миний бөх болох зам мөрийг эхлүүлж, намайг монгол төрийн наадамд дагуулж очин зодоглуулж, улсын наадмын түрүү үзүүрт хүргэсэн ачтан бол Лу гүний Вандан аварга юм. Монгол бөхийн оргил аварга хэмээх алдар цолыг Вандан гуайн буянд би хүртсэн. Тиймээс Батцэнгэл буюу Вандан аваргынхаа нутагт очъё. Бөх хүү заяах байх аа” хэмээн Буур аварга бодоод Батцэнгэлд очиж суурьшсаны дараа жил хүү төрсөн нь өнөөгийн алдарт аварга Өсөхбаяр байсан түүхтэй. Энэ бол монгол бөхийн давтагдашгүй сайхан түүх. Басхүү бахадмаар хувь заяа юм. Ийм л хувь заяанд төрсөн Өсөхөө аварга Хүннү гүрний 2225 жил, ардын хувьсгалын ерэн таван жилийн тэгш ойн 1024 бөхийг магнайлна.

Наадмын өглөөний цэнгэл баяраар бялхсан наран дор төв цэнгэлдэхэд хуран чуулсан үзэгч олноо баясгаж, бөхөд хайртай монгол түмний омог бахархлыг төрүүлдэг хүчит аваргууд маань есөн хөлт цагаан тугнаасаа адисладаг. Гэвч энэ жил монгол бөхийн түүхэнд уран дайчин барилдаан, угсраа олон мэхний гайхамшгаараа шагшигдаж үлдсэн Дашдоржийн Цэрэнтогтох аваргагүй наадам болно. Харин Халхын их хүчтэнтэй овог нэр жил Хонгор нутгийн хүү Бүх цэргийн наадмын түрүү бөхөөр тодорсон цэргийн залуу арслан Цэрэнтогтох жавхаатай барилдах нь дамжиггүй. Ингэж л бөхийн алдар замнал, үндэсний өв соёлын дархлаа үргэлжилдэг ажгуу. Монгол бөхийн амьд домог болсон Мөөеө, Баянаа аваргууд есөн хөлт цагаан тугнаасаа адислаж цэнгэлдэхийн ногоон дэвжээнээ хэн хэнээ түшээд гараад ирэх нь нэг л сайхан. Хоёр Мөнхийг харсан бүхэнд “Энэ хоёр хүчтэнийг ид жагсаж явах цагт, засуулынхаа мөрөн дээр халин дэлж, ааг омог нь багтаж ядан байхад Хан уул өндөлзөж, хатан Туул цалгих шиг болдог сон” гэж ирээд л сэтгэл зүрх нь огшоод ирэх нь бий. Монгол хүн бүрт ийм л ид хавыг төрүүлж, дотоод сэтгэлийн барагдашгүй тэнхээг хайрладаг зүйл яалт ч үгүй монгол бөх л дөө.

Нэгэнт л бөхийн тухай яриа дэлгэж, монгол наадмаараа бахдаж буйн хувьд сүүлийн арван жилийн наадмын их шөвгийн барилдаанаас эргэн дурсъя. Эдүгээгээс яг арван жилийн тэртээ Их Монгол Улс байгуулагдсаны түүхт найман зуун жилийн ой бас л дуулиантай болж билээ. Наадамч олон сайн санаж байгаа. Яагаав, Сумъяабазар арав давж түрүүлэн, үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу улсын арслан цол олгоход цэнгэлдэх дүүрэн цугласан олон “аварга аварга” хэмээн уухайлан хашгирч, төрийн тэргүүн тэр дороо зарлиг гарган монгол бөхийн дээд цолыг хүртээж байсан. Улсын наадамд дөрвөн удаа үзүүрлэн хүүгээ үзэгч олны ижил түрүүлээсэй хэмээн залбирч байсан аав нь арав давж түрүүлэн мянган бөхийн манлай болоход нь тэвэрч аваад уйлан хайлж буй мөчийг бид мартаагүй. Гэвч тэр жилийн наадамд ганцхан Долгорсүрэн заан асгартал уйлсан юм биш. Наймын даваа эхлэхийн өмнө шиг санагдана, А.Сүхбат аварга зодог тайлж буйгаа албан ёсоор мэдэгдэж, бөхийн торгон дэвжээгээ үнсэж, сүлд хийморийн бэлгэдэл есөн хөлт цагаан тугнаасаа адислачихаад Баянаа аваргын энгэрт наалдан жаахан хүүхэд шиг цурхиран уйлсан. Тийм л уйлаан майлаантай наадмын их шөвөг буюу есийн даваанд ардын төрийн наадамд арваннэгэн удаа түрүүлсэн цагийг эзэлсэн их хүчтэн Б.Бат-Эрдэнэ Говьсүмбэр аймгийн харьяат Д.Азжаргал начинг амлан авч, Өсөхөө Сумъяа хоёрыг тунагаж байв шүү дээ. Азжаргал их аваргыг дотуур этэх мэхээр бөгсөөр нь нам суулгаж, арслан цолны босго алхаж байсан сан.

Дараа жил нь буюу хоёр мянга долоон оны наадмыг санахаар И.Доржсамбуу гарьдын өмнөөс харамсаад байдаг юм. Тэр жилийн түрүү бөх бол яалт ч үгүй Доржсамбуу байлаа. Цэнгэлдэх дүүрэн наадамчид, цэнхэр дэлгэцээ ширтэн суугаа ард түмний дийлэнх олонхи нь Доржсамбууг дэмжсэн байх. Хөвсгөлийн Х.Мөнхбаатар арслантай түрүү үзүүрт үлдсэн л дээ. Бөхийн жудаг ёсоо бодсон ч, олон жилийнх нь хөдөлмөр зүтгэлийг үнэлсэн ч яах аргагүй Доржсамбууг түрүүлчихээсэй гэж ард түмэн харж байсан. Тэр жил аваргуудад халгаатай сонин наадам болж билээ. Б.Бат-Эрдэнэ аварга тавын даваанд Ховдын Цогтоогийн Лхагвасүрэн начинд унаж, монгол төрийн наадамд зодоглосноосоо хойш анх удаагаа шөвгөрч чадаагүй юм. Аварга тийнхүү тавын даваанд өвдөглөснөөс хойш зодоглоогүй билээ. Ховдын Лхагвасүрэн гэж барам аваргыг тэгж л “тэтгэвэрт” нь бүрмөсөн суулгачихсан. Бат-Эрдэнэ аварга элэг бүсээ тайлахдаа зэрэгцээд идэр залуухан хүчтэн Өсөхөө аварга мөн л тавын даваанд годройтчихсон. Завханы Их-Уулын Бадамдорж гэж залууд тахимаа өглөө. Тэгтэл долоогийн даваанд урьд жилийнх нь түрүү бөх, шинэхэн аварга Сумъяабазар нэг нутгийн залуу Болдын Сайнбаярт мушгиулж гуядуулаад бас л газардчихлаа. Тэр жил Сумъяа аваргыг баттай түрүүлнэ гэсэнг наадамчдын итгэл талаар болсон юм даг. Ингээд л Булганы Доржсамбууд түрүүлэх боломж гараад ирсэн. Гэвч үзүүр түрүүний барилдааны үеэр Дооёо гарьд ганцхан секундын алдаа гаргаж, төрийн наадмын түрүү бөх болох, Монгол Улсын арслан цол хүртэх боломжоо алдаж билээ. Сайнбаярт заан цолны үнэмлэх тэмдгийг гардуулан ёслолын хөгжим эгшиглэж байхад Доржсамбуу индрийн зүг харах тэр мөчид л Мөнхбаатар авдар шиг цээжээрээ дараад авсан юм, тэгээд л бүх юм дууссан.

Тэр том цээжинд даруулсан хүн чинь хэд хэдэн удаа хүчлэн зүтгээд, хагас суусан байдалтай хоёр тийшээгээ сэжлээд нэмэр болоогүй. Мөнхбаатар арслан тэр боломжийг яахин алдах билээ. Барьцаа улам баглаж, биеэ суллан хүнд жингээр дээрээс нь хүчлэн дарж, аргагүйн эрхэнд сөхрүүлээд авсан. Дооёо гарьд наадмын дараа Ерөнхийлөгчийн хүлээн авалт дээр “Төрийнхөө наадамд түрүү үзүүрт шалгарлаа, сайхан байна. Гэхдээ би айхтар сэрэмж алдлаа. Болдоггүй юм болдоггүй л юм байна” гэж хэлж билээ.

Хоёр мянга найман оны наадмын их шөвгийн дөрвийн барилдаан бас л сэтгэлд ойрхон байна. Тэр жил бөхийн салбар комиссын нарийн бичгийн дарга Довдонгийн Данзангаас ногоон талбайд ажиллах мандат олж аваад, жигтэйхэн додигор амьтан Баянаа Мөөеө аваргуудтай чинь зэрэгцэж суугаад бөх үзэж билээ. Мөн л түрүү үзүүрт хүрнэ гэж олны таамаглаж байсан Өсөхөө Сумъяа аваргууд долоогийн даваанд дуу дуугаа аваад унаад өгдөг юм. Тэгэхдээ идэрхэн хоёр аварга Алтайн залууст тахимаа өгч таарлаа. Өсөхөө нь Баттулгын Соронзонболдод, Сумъяа нь Нямдоржийн Ганбаатарт уналаа. Цэрэнтогтох аварга зургаа, долоогийн даваа жигтэйхэн шимтэж үзэж байв. Хүргэн хүү Рагчаа нь Төв аймгийн Даваабаатарт өвдөг шороодон баларч билээ. Сумъяабазарыг Ганбаатартай барилдаж байхад “Түрүү жил амлах байсан юм. Энэ жил яаж дийлэх юм” хэмээн үглэж байсан. Үнэхээр ч Сумъяа аваргыг Ганбаатар илт давуу байдлаар хаясан. Жаахан хүүхэд шиг л өргөж гаргаж ирээд, мушгиад байсан. Долоогийн даваа шувтарсны дараа Ганбатын наадам боллоо гэх яриа бөхийн хүрээнд өрнөж, цэнгэлдэхийн урд талын модон асраас Ганбат заан (одоогийн арслан) уртаа гэгчийн улаан шаргал дээл намируулаад ам авахаар гарын даа нарын зүг хандлаа.

Цэрэнтогтох аварга, Мөнх-Эрдэнэ арслан, Мягмар заан нартай хууч хөөрч суусан Балжаа аварга “Шавийнхаа ам авахад саналаа хэлнэ ээ” гээд бослоо. Балжаа аваргыг босохтой зэрэгцээд өвгөн арслан Өлзийсайханы Эрдэнэ-Очир “Ганбатаа Ганхуягийгаа аваарай” гэж ориллоо. Гэвч Ганбат гарын даа нар дээр очоод л буцаад эргэчихлээ. Буцаж эргэхэд нь Балжаа аварга уулзаад “за буруудлаа шүү, цаад чинь Ганбаатарыг авчихаж” гэв. Том Санжаа заан, Эрэдэнэ-Очир арслан, Сэнгэдовдонгийн Лхагваа начин гээд ахмад бөхчүүд “Ээ гарцаагүй буруудсан. До.Ганхуягийгаа авах байсан. Хоёр аваргаар долоо даваад гараад ирсэн ир нь орчихсон залуучуудыг хооронд тунагах байсан юм” гэх яриа өвөр зуураа хөөрөлдөн халаглацгааж байв. Удаа ч үгүй наймын даваа эхлэн Ганбат Ганбаатар хоёр өрсөн даруйд л барилдаан өрнөж, Ганбаатар Ганбатын сэнжгэнд хүрэв үү, үгүй юү ганцхан хүчтэй дугтраад бөгсөөр нь суулгаад нам эргүүлчихсэн. Сүүлд бичлэг харж байх нь ээ, Ганбатын булчин шөрмөс бүхий л зүйл нь нэг гарт нь чинэрч ирээд үндсэндээ өөрөө өөрийгөө аваад шидчихсэн юм билээ. Тэрхүү барилдааны үйл явц, хийгдэж буй мэхний хувилбар зэргийг нарийн ажиглахад монгол бөх эрт үеийн баатруудын тулаанаас эхтэй гэдэг нь үнэндээ мэдрэгдээд байдаг. Бөхийн ам авах, ир нь орчихсон, од нь гийчихсэн бөхийг амлаад бурууддагийг энэ мэт олон барилдаан бидэнд харуулдаг.

Өнгөрөгч жил Б.Гончигдамба гарьд бараг л ямар ч амьсгаагүй, гар хөнгөн гэж хэлж болохоор долоо даваад наймын даваанд Э.Оюунболдод яаж унасан билээ. Салтаан дор нь орчихсон, өнөөх нь бөгсөн дороо хийгээд сандайлчихсөн, чухам юу болоод өнгөрөв гэсэн шиг алмайран гайхаад байсан сан. Ир нь орж, од нь гийсэн бөх гэдэг ийм л аюул байдаг байна. Тэр жилийн П.Бүрэнтөгсийн барилдааныг наадамчид бүр сайн санаж байгаа. Даваа өгсөх тусам улам задгай барилдаж хөөр баяр, сэтгэлийн догдлолоо улам дарж хатуу өрсөлдөгч учраа бүхнээ тухайлбал, М.Баяржавхлан, Г.Эрхэмбаяр, Д.Рагчаа нарыг төвөггүй орхиж байсан. Өрсөлдөгч бөхчүүд нь худлаа унаад байгаа юм шиг санагдахаар харагдаж байсан. Наадам хаяанд ирсэн цаг мөчид энэ мэт олон дурсамж дурдатгалыг хэлж яаж барах билээ. Төрт ёсны их баяр наадмыг цогцлоон илэрхийлэгч монгол бөхийнхөө барилдааныг шимтэн үзэж, олон шилдэг хүчтэний мандан бадралыг харах ч монгол хүний бахархал мөн дөө.

Б.БАТБОЛД