Н.Энхболд: Эд нарыг огцруулаад дараагийн Засгийн газарт нь хамтраад сууя гэсэн санаа байхгүй
2013/10/01
УИХ-ын гишүүн Н.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын ээлжит бус чуулган үр дүнгүй хуралдлаа гэж дүгнэх хүмүүс байна. Харин та ээлжит бус чуулганыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Эдийн засаг өнгөрсөн нэг жилийн хугацаанд эрс муудсан. Засгийн газрын хэдэн сайдаас өөр эдийн засаг сайхан байна гэж хэлэх хүн ховор байгаа байх. Бид нар эдийн засаг муу байгаасай гэж хүсээд байгаадаа биш шүү дээ. Санаа зовж байгаа гол зүйл бол мөнгө санхүү болоод төсвийн гүйцэтгэл тал дээр анхаарахгүй байхын аргагүй тийм асуудал тулгарсан учраас Засгийн газрыг эртхэн шиг төсвийн тодотголоо яръя, болохгүй байгаа зүйлээ эртхэн ард түмнээс нуулгүй үнэнээр нь хэлээд хамтдаа зүтгэе гэсэн саналыг өнгөрсөн долдугаар сарын сүүл наймдугаар сарын эхээр тавьсан. Түүнчлэн ээлжит бус чуулганыг энэ үеэр хуралдуулах шаардлагыг тавьсан. Хүлээж аваагүй. Тэгээд намрын чуулган эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө ээлжит бусаар хуралдсан боловч эдийн засгийн хүндрэлтэй асуудлыг ярих бус өөр зүйл дээр анхаарлаа хандуулсан. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад ээлжит бус чуулган дорвитой үр дүн үзүүлсэнгүй. Яахав хэлэлцэх хуулиудаа урагш нь ахиулсан.
- МАН-аас Урт нэртэй хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжихгүй гэсэн. Үүнийг тайлбарлахгүй юу?
- Хэнээс сонссон юм бэ?
- Өнөөдөр Б.Бат-Эрдэнэ гишүүн хэлсэн. Бүлгийн байр суурь ч ийм байгаа гэж байсан.
- Манай бүлгийн албан ёсны байр суурь их тодорхой. Бид хэд хэдэн удаа мэдэгдсэн. Энэ байгаль орчин, ус, ой модтой холбоотой энэ хууль бол үнэхээр хүний амьдрах орчин, байгальд ээлтэй орчинг бүрдүүлсэн хууль байх ёстой. Ээлжит бус чуулганаар оруулж ирж байгаа хуулийн төлсийг харахад үндсэн хуулиндаа болохоор өөрчлөлт оруулаагүй ч , дагаж мөрдөх журамд нь нэмэлт өөрчлөлт оруулаад, түүгээрээ дамжуулаад үндсэн хуулийнхаа утгыг алдагдуулах агуулга бүхий төсөлорж ирсэн. Ийм байж болохгүй. Шаардлагатай гэж үзэж байгаа бол үүнийг тал талаас нь ярилцаж үзэх хэрэгтэй. Тэгээд ч өнгөрсөн баасан гарагт хуралдсан УИХ-ын даргын зөвлөлийн хурал дээр энэ асуудлыг нухацтай яръя. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд мэргэжлийн хүмүүсийг оруулж, яригдаж байгаа бүх газарт боломжтой бол очиж үзээд, бүгдээрээ нэг жигд ойлголттой болое. Бүгдээрээ эх оронч. Тэрнээс нэг хэсэг нь байгаль эх орноо хамгаалж эх оронч болох гээд, нөгөө хэсэг нь улсаа хөгжүүлж эх оронч болох гээд байгаа юм байхгүй. Энэ хууль маань өөрөө биелэгдэх явц нь их удаан байсан. Тэр хооронд нийгэмд эсрэг, тэсрэг байр суурь бий болчихсон учраас өөрсдөө нэгдсэн мэдээлэлтэй болчихоод цааш нь хэлэлцүүлээд явахгүй бол болохгүй ш дээ.
Тэрнээс огт өөрчдөхгүй яг энэ чигэрээ байж байх ёстой гэсэн зүйл байхгүй. Өөрчлөх шаардлагатай гэж үзвэл бид хамгийн түрүүнд байгаль орчинд ээлтэй байх ёстой гэдгийг л харгалзаж үзнэ. Ер нь явж явж урт нэртэй хуульд хамрагдаж байгаа газруудын дийлэнх нь шороон орд. Шороон ордыг ухалгүйгээр Монгол улсын хөгжлийг хангах өөр бололцоо бидэнд байгаа. Тэгэхээр ухахгүй бол хөгжихгүй гэсэн ойлголт байхгүй. Бүлгүүдийн хооронд ярилцаж байгаа зүйл гэвэл сайн үзье, олйголцье гэсэн байр суурьтай байгаа.
-УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр МАН-ын бүлэг Уул уурхай болон Эдийн засгийн хөгжлийн яам, Монголбанк ҮСХ-ноос мэдээлэл авсан. Ер нь энэ мэдээлэл үр дүнтэй болж чадсан уу?
-Холбогдох яам, байгууллагуудаас манай бүлэг нээлттэй мэдээлэл авсан. Бидний хийсэн дүгнэлт зөв юм байна гэдэг ойлголтыг тэндээс авсан. Яагаад гэхээр ҮСХ болон Монголбанкны зүгээс хэлж байгаа зүйлүүд яг биднийхтэй нийлж байгаа юм. Тооны хувьд ойролцоо. Тэгээд яаж тайлбарлаж байгаагаас нь асуудлын зөрүү харагдаад байна л даа. Нэг хэсэг нь энэ тоог харчихаад сайхан байна гэж хэлээд байдаг. Нөгөө хэсэг нь энэ тооны ард юу байна вэ гэдгийг хэлээд байгаа даа л байгаа юм. Уг нь УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг байгаа шүү дээ. Энэ ажлын хэсгийн гаргасан эдийн засгийн гадаад, дотоод орчинд үүсээд байгаа нөхцөл байдал, түүний Монголд нөлөөлөх байдал, сөрөг эерэг дагавар, цаашид авах арга хэмжээг эртхэн УИХ-аар сонссон хэлэлцсэн бол хэрэгтэй л байх байлаа. Энэхүү ажлын хэсэгт УИХ-ын 15 гишүүн болоод мэргэжлийн хүмүүс хамтарч нухацтай хийсэн дүгнэлт шүү дээ. Үндсэндээ тэр дүгнэлт манай бүлгийн хэлээд байгаа зүйлтэй тэнцэж байгаа юм. Эдийн засгийн хүнд байдлаас урьдчилан сэргийлэх дээр цаг алдаад байна шүү дээ. Одоо тэр дүгнэлтийг УИХ-аар нээлттэй хэлэлцэх ёстой.
-Монголбанкинд шалгалт хийхээр ажлын хэсэг гарчихлаа. Үнэхээр Монголбанк буруу ажилласан уу?
-Урьд нь манай бүлэг Монголбанкны мөнгөний бодлого дээр шалгалт хийе гэсэн санал тавьсан. Хүлээж аваагүй. Харамсалтай нь бас л цаг алдсан. Тэгээд саяхан УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг гарч өнөөдрөөс ажилдаа орж байх шиг байна. Монголбанкны үйл ажиллагаатай танилцах ажил тийм ч амархан дуусахгүй. Түүн дээр олон нарийн ширийн тоонууд ярих ёстой. Шаардлагатай гэвэл явц дунд нь үр дүнг нь хаалттай хуралдаанаар хэлэлцэж байгаад ч болсон хэлэлцэх ёстой. Үнэхээр бид өнөөдөр ийм байдалтай болчихоод байгаа юм байна. Нөөц маань багасчихсан, гадаадын хөрөнгө оруулалт буусан, ханш огцом өсөөд байгаагийн шалтгаан нь энэ байна гэдэг зүйлээ шийдвэр гаргагчдын түвшинд ойлголцох шаардлагатай байгаа юм. Ер нь банк, мөнгө санхүүгийн бодлого бол хүмүүсийн итгэл хүлээлт дээр тогтдог бизнес л дээ. Монголбанк дээр бол бидэнд шаардлагатай тоо баримт байгаа. Үүнийг баталгаажуулах хэрэгтэй. Энэ тоог яриад эхэлбэл банкныхаа үйл ажиллагааг хямрал руу түлхчих юм болов уу гэсэн болгоомжлол байна. Энэ шалгалт бол үнэн бодитой шалгалт болно гэж бодож байна. Эдийн засгийн нөхцөл байдалд дүгнэлт өгөх ажлын хэсэг, Монголбанкинд орж байгаа шалгалтын ажлын хэсэг хоёрын дүнг хамтраад төсвийн асуудал ярихын өмнө УИХ хэлэлцэх ёстой.
- Засгийн газар, МАН-ын хэн нь үнэн яриад байна вэ ?
-МАН-ынхан үг хэлэхээр л “Наадуул чинь худлаа хэлж байна” гээд байдаг. Өөрсдөө болохоор “Бид нар сайн ажиллаж байна” л гээд байгаа шүү дээ. Ер нь хэн нь үнэн хэлж вэ гэдгийг цаг хугацаа харуулах байх. Бид чинь нэг хоёр жилээр амьдарч байгаа хүмүүс биш шүү дээ. Дараа жил гэж байна. Төсөв гэж байна. Оны эцэсээр төсвийн гүйцэтгэл гарч ирнэ. Цаашилбал сонгууль гэж байгаа шүү дээ.
-Төсөвт тодотгол хийх тухай асуудал яригдах боллоо. Үүн дээр таны байр суурь ямар байна вэ?
-Төсийн тодотголын хувьд зарим тоог нь өөрчлөх л асуудал байна уу гэхээс эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас бодитойгоор гарч чадахгүй шүү дээ. Яагаад гэвэл Төсвийн хариуцлагын хууль, Төсвийн сахилга батын хууль гээд олон хуулиуд байгаа. Хэрэв одоогийн батлагдсан үзүүлэлтээр Засгийн газрын ажлыг дүгнэвэл огцорохоос аргагүй дүр зураг гарна. Төсвийн алдагдал 1,5 тэрбумд хүрэх гэж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өр, төсөв дотор эзэлж байгаа зарлагын хэмжээ замбараагаа алдсан шүү дээ. Харин 2014 оны төсвийг бид үнэхээр зөв хийх ёстой. Эд нарыг огцруулаад дараагийн Засгийн газарт нь хамтраад сууя гэсэн санаа бидэнд огтхон ч байхгүй. Манай нам бүтээлч, идэвхитэй сөрөг хүчин байна гэдэг л байр суурьтай байгаа шүү дээ.
- Эдийн засгийн хямралын шинж илэрсэн цаг үед олон улсын хэмжээнд татварын ямар бодлого баримталдаг вэ?
- Улс орны онцлогтой холбоотой асуудал. Эдийн засгийн бүтэц нь ямар юм, төсөв нь ямар бүтэцтэй юм, түүндээ тохирсон ямар арга хэмжээ авбал нөхцөл байдлаас түргэн гарах вэ? Гэдэг л асуудал тавигдана. Тэрнээс өнөөдөр нэг хуулинд өөрчлөлт оруулаад өргөс авчихсан юм шиг маргааш бүх юм сайжирна гэсэн ойлголт байхгүй. Үүнийг нь мэдсээр байж урт хугацаанд өөрчлөлт оруулахгүй яваад байна гэдэг харин ард түмний өмнө хийсэн гэмт хэрэг болж хувирна.
Манай эдийн засаг өвөрмөц бүтэцтэй. Манай улсын орлогын дийлэнх хэсгийг уул уурхай бүрдүүлж байна. Тэгэхээр бид Хөрөнгө оруулалтын хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиа баталснаар эхний ээлжинд дохио өгөх болов уу гэж бодож байна.
Хөрөнгө оруулагчдын хэцүү гэж үзэж байгаа зарим нөхцөл байдлыг нь хөнгөлөх гэж Монгол улсын төр засаг үзэж байгаа юм байна. Хоёрт, ойрхон татварын орчноо өөрчлөөд байх нь ашиггүй юм байна. Гуравт, гүйцэтгэх засаглалын зүгээс явуулж байгаа бодлого хөрөнгө оруулагчдад ойлгомжтой зөв байхгүй бол буруу зөрүү мэдээллээс болж нөхцөл байдал амархан дорддог юм байна гэдгийг ойлгосон, ийм л хуулийн хэлэлцүүлгүүд явагдаж байна гэж ойлгож байгаа. Дөрөвт, манай төсөв өнгөрсөн сонгуулийн дараа Засгийн газрыг маш том данхар бүтэцтэй болгож, төсвийн зарлагыг нэмэгдүүлээд, төсвөөс гадуур баахан мөнгийг тооцоо судалгаагүй зарсанаас болж энэ хүндрэл бэрхшээл үүссэн гэж бид үзэж байгаа. Энэ хүндрэлээс гарахын тулд бид нар татвараа өөрчилснөөс энэ зүйлүүдээ өөрчилбөл хамгийн хурдан бодитой үр дүн эндээс гарч эхэлнэ.
- Төсвийн тодотгол хийх нь тодорхой байна. Төвсийн тодотголтой зэрэгцээд ирэх оны төсвөө хэлэлцэх ирээдүй харагдаж байна?
- Эхлээд төсвийн тодотголо хийнэ. Дараа нь ирэх оны төсвөө батална. Дараа жилийн төсвөө ярилцаад энэ жилийн төсвийн тодотгол ярина гэдэг утгагүй асуудал болно. Одоогоор бидэнд төсвийн тодотгол ярих талаар мэдээлэл бидэнд ирээгүй байна. Хийхээс өөр аргагүй болсон гэдгийг бид мэдэж байгаа. Хэрвээ оруулаад ирвэл бид нар ирэх оны төсвөөс өмнө ярих болно.
- Төсвийн тодотгол хийвэл улс орны нийгэм, эдийн засгийн байдалд хэр өөрчлөгдөх вэ?
- Одоо төвсийн тодотгол яригдаад улс орны эдийн засаг, санхүүгийн нөхцлийг сайжруулахад зарчмын нэг их ялгаа байхгүй. Ганцхан хуулинд заасан үзүүлэлтүүдийг л зөрчихгүй байх нөхцөл бүрдүүлэх нь л Засгийн газарт хэрэгтэй. Төсвийн тодотгол хийхгүй бол төсөв тасалсан, төсвийн хуулийг биелүүлээгүй хэрэгт унана. Үүнээс л зайлсхийх арга. Эрт хийсэн бол ганц нэг арга хэмжээ авах боломж байсан.
- Манай улсын хэмжэнд төсөв ингэж их хэмжээгээр тасарч байсан түүх байдаг уу?
- Байхгүй.
- Тасарсан хариуцлагыг хэрхэн хүлээлгэх вэ?
- Засгийн газар огцорч хариуцлагаа хүлээнэ.
- Олон хүний эрх ашгийг огцороод л хамгаална гэдэг арай л....
- Улстөрийн хариуцлага хүлээж байгаа юм л даа. Улс төрийн хариуцлага чинь өөрөө их том хариуцлага ш дээ. Улстөрийн хариуцлагад санаа зовдог хүн л улс төрд байх ёстой гэж би хувьдаа боддог юм. Тэрнээс сонгуулиас сонгуулийн хооронд ажиллаж байгаад дахиж сонгогдохгүй бол тэр л биз гэдэг юм уу, сайдаар ажиллаж байгаад үүргээ биелүүлэгүй огцорч л орхие. Намайг ямар шоронд хийх юм биш гэж бодож байгаа нөхдүүд улстөрд хавьтахийн ч хэрэг байхгүй.
Төсөв тасалдсан нь идэж ууснаас болов уу, эсвэл өөр зүйл байна уу? юунаас болов гэдэг дээр олон шалтгаан байгаа. Одоо бидэнд байгаа мэдээллээр бол бүтээн байгуулалтын ажлын тендер үнэхээр замбараагүй, хяналтгүй, нэгдсэн удирдлагагүй болсон. Улсын төсвийн зарцуулалтад хяналт тавьдаг байгууллага нь Сангийн яам. Төсвөөс гадуурх мөнгөний хяналтад ч гэсэн Сангийн яам хяналт тавьдаг. Гэтэл одоогийн Засгийн газарт мөнгө мэддэг хоёр том яам байна. Тэдгээр нь хоорондоо уялдаа холбоо байхгүй. Урьд өмн нь хэзээ ч байгаагүй үзэгдэл. Дээр нь төсвийн мөнгө замбараагүй зарцуулагдаж байна. Энэ бүхэн хэзээ нэг цагт ил тод болж л таарна. Шалгана, хянана. Бид бондын зарцуулалтын асуудал ном журмынхаа дагуу байна уу гэдгийг бололцооныхоо хэрээр шалгаж ил гаргаж тавих бодолтой байгаа. Тэр цагт хариуцлагын тухай асуудал өөрөөр яригдана. Үнэхээр ажлынхаа төлөө чин сэтгэлээсээ зүгтэж байгаад мэдлэггүй чадваргүйгээсээ болоод алдсан бол улс төрийн хариуцлага хүлээгээд л таарах байх. Гэтэл бодлоготойгоор идсэн уусан бол улс төрийн хариуцлагаас өөр хариуцлага хүлээж л таарна.
- Цаг гарган ярилцсан таньд баярлалаа.
А.Баярмаа
ART TUMEN · 2013/10/02
Uls ornoo xurdan xugjuulmeer bna.tuluvluguunii daguu asuudlaa xurdan xurdan shiidex xeregtei.MAN-iinxan chudur tu**** bololgui ,ogtsrox tuxai yarilgui ajlaa shuurxai xiimeer bna