Сураг нь алдарсан эдийн засгийн гэмт хэргүүд яаж шийдэгдсэн бэ?
2016/08/05
Өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллагуудад авлига хээл хахууль, албан тушаалын болон эдийн засгийн гэмт хэргүүд олноор шалгагдаж нийгэмд дуулиан тарьж байсан.
Гэвч дээрх хэргүүд шалгагдаж байгаа эсэх, шийдэгдсэн бол ямар хүмүүсийн хэрэг хэрхэн яаж шийдэгдсэн гэх мэдээлэл одоог хүртэл байхгүй байна.
НХЕГ-ын дарга асан Д.Баярсайханы хэрэг шийдэгдсэн үү
Тухайлбал, Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга асан Д.Баярсайхан Санхүү бүртгэл төлөвлөлтийн газрын дарга асан Ч.Эрдэнэбулган нарыг халамжийн мөнгийг завшсан байж болзошгүй хэргээр цагдан хорьж байгаад батлан даалтад гаргаж байсан.
Дээрх нэр бүхий хүмүүсийг албан тушаалаа урвуулан өөрсдийн ах дүү нарын нэр дээр 20 орчим компани байгуулан, халамжийн мөнгийг шилжүүлэн авдаг байсан төдийгүй тэднийг ойролцоогоор 4.5 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорьсон. Энэ тухай мэдээлэл баривчилгааны дараахан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч байсан. Тэгвэл энэ үйл явдлаас хойш бүтэн хоёр жил гаруйн хугацаа өнгөрчихөөд байхад хэрэг чухам хэрхэн шийдэгдсэн талаарх мэдээлэл өнөөг хүртэл алга. Уг нь тухайн үед цагдаагийн байгууллагаас нийгмийн халамж нэрээр улсын төсвөөс их хэмжээгээр урсдаг мөнгө жинхэнэ эзэддээ очсон эсэхийг нягтлахад цаг хугацаа, ажиллагаа шаардах учраас томоохон хүчээр ажиллаж төв, орон нутгийн 100 орчим мөрдөн байцаагчийг уг хэрэгт татан оролцуулж мөрдөн байцаалт явуулж ажиллагаа дуусч, дүн мэдээгээ нэгтгэж байна гэх мэдээллийг өнгөрсөн оны наймдугаар сард өгч байсан ч сураг алдарчээ.
Нийгмийн даатгалынхны хэрэг шийдэгдсэн ч цагдаагийнхан мэдээлэл өгөөгүй байгаа
Бас нэг дуулиан тарьж байсан асуудлын нэг бол Нийгмийн даатгалын байцаагчид нас барсан хүний нэрээр мөнгө завшсан гэх хэрэг. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дуулиан тарьсан уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлэн шалгаж байсан. Тодруулбал, Нийслэл, орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагууд арилжааны банкуудтай үгсэн хуйвалдаж нас барсан ахмад настнуудын нэрээр тэтгэврийн зээл авдаг байсан гэх хэрэг юм. Тухайн үед уг асуудал олон хүнийг цочирдуулж хууль хяналтынхан ч олон нийтэд мэдээлэл хийж байсан. Тэгвэл энэ хэрэгт мөрдөн байцаалт явагдаж байгаа эсэх аль эсвэл шалгагдаж дууссан гэх мэдээлэл бас л сураггүй болжээ. Харин энэ хэргийн талаар НДЕГ-ын удирдлагууд “Хэрэг шийдэгдэж худал мэдээлэл болох нь тогтоогдсон гэдгийг цагдаагийн байгууллага бидэнд албан ёсоор мэдэгдсэн. Тиймээс та бүхэн энэ худал гүтгэлгийн чанартай мэдээллийг гаргахгүй байхыг хүсч байна” хэмээн бидэнд хэлж байсан юм. Хэрвээ үнэхээр энэ хэрэг гүтгэлгийн чанартай байсан бол цагдаагийн байгууллага нийгэмд дуулиан тарьсан шигээ залруулж яагаад болохгүй гэж. Тиймээс олон нийт хийгээд хэвлэлийнхэн энэ хэргийг яаж шийдэгдсэн талаарх баримттай мэдээллийг авахыг хүссэн. Угтаа бол энэ асуудлыг хэн гэгч этгээд ямар шалтгааны улмаас олон мянган Нийгмийн даатгалын ажилчдын нэр хүндэд халдах болов гээд асуудал цааш хөвөрч гэм буруутай хүмүүс нь тогтоогдох байсан гэсэн үг.
Х.Баттулга ба түүний нөхдийн хэрэг
Төслийн нэрээр гадна дотныхонтой нийлж “Шинэ төмөр зам төсөл”-өөс ихээхэн хэмээний мөнгө шамшигдуулсан гэх хэрэгт холбогдоод буй Х.Баттулга ба түүний нөхдийн хэрэг. Яг үнэндээ энэ хэрэг нийгэмд дээрхүүдээс илүү шуугиан тарьж сүртэй гэмээр баривчилгаануудыг хийж байсан. Өөрөөр хэлбэл, энэ хэргийн улмаас УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын эргэн тойрны хүмүүсийг цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан юм. Тодруулбал, уг хэрэгт холбогдоод буй ЗТЯ-ны ТНБД асан Б.Батзаяаг “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэхдээ улсаас онц их хэмжээний мөнгө шамшигдуулсан, мөнгө угаасан хэмээн баривчилж “Самсунг Си Энд Ти” компанийн захирал солонгос эрийг хүртэл хэрэгт буруутгасан. Гэвч энэ хэрэг одоог хүртэл шийдэгдэлгүй бас л сураг алдрах тийшээ орж буй юм.
Ж.Алтансүхэд 201601000081 дугаартай хэрэг үүсгэсэн
Дараагийн дуулиант асуудал бол БХЯ-ны Нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Ж.Алтансүхийн гэх хэрэг. Түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-ны өдөр АТГ-ын мөрдөгчид үйлдэл дээр нь илрүүлсэн гэдэг. Ж.Алтансүхийг тус яамнаас сонгон шалгаруулалт зарласан тендертэй холбоотойгоор иргэн М-ээс хахууль авч байсан гэж үздэг юм билээ. Түүнд энэ хэргийн улмаас эрүүгийн 201601000081 дугаартай хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасны дагуу сэжигтнээр тооцон, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байсан ч хэрэг хэрхсэн нь тодорхойгүй байгаа юм.
Ямартай ч энэ мэтээр цааш тоочвол эдийн засгийн асар олон гэмт хэрэг болон албан тушаалын хэргүүд өнөөг хүртэл эцэслэн шийдэгдэлгүй хэрхсэн нь бүрхэг хэвээр байгаа юм. Угтаа бол цагдаагийн байгууллагаас иймэрхүү төрлийн гэмт хэргийг шалгаад прокурор шүүх рүү очдог ч ямар нэгэн байдлаар дарагдаж дээрээс ирсэн “том” ах нарын тушаалын дагуу замхардаг гэдгийг цагдаагийнхан учирлан ярьж байсан нь олон. Тиймээс энэ мэт нийгэмд дуулиан шуугиан тарьж байсан эдгээр хэргүүдийг хэрхэн яаж шийдэгдсэн хэрэв шийдэгдээгүй бол ажиллагаа ямар шатандаа явж байгаа талаар хууль хяналтын байгууллагын нэр бүхий удирдлагууд олон нийтэд үнэн зөвөөр мэдээлэх хэрэгтэй байх.
Зочин · 2016/08/05
nice