Алтны үнэ өсч аз шовойх уу
2016/09/08
Дэлхий нийтэд эдийн засгийн болон улс төрийн тогтворгүй байдал үргэлжилж байна. Тиймээс сүүлийн таван жилд дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ буурсан. Түүхий эдийн энэ уналт манай эдийн засгийг хямралд татан оруулсныг хүн бүр мэднэ.
Зах зээлийн шинжээчид зэсийн үнэ 48, газрын тосных 67, мөнгөнийх 59 хувиар тус тус буурсан гэж мэдээлэв.
Тэгвэл алтны үнэ 14 хувиар унажээ. Хямралын үед хүмүүс хөрөнгө санхүүгээ байршуулах найдвартай хэрэгсэл хайдаг жамтай. Ямар ч хямралын үед дийлэнх нь алтыг сонгож ирсэн. Өнөөгийн эдийн засгийн хямрал ч бас дэлхийн хөрөнгө санхүүгийн урсгалыг алт хэмээх шар металл руу хөтөллөө. Иймд алтны үнэ өсч эхлэв. Жишээлбэл, энэ онд өнгөрсөн жилийнхээс 24 хувиар өссөн үзүүлэлт бий.
Гэвч таван жилийн өмнө тогтоосон хамгийн дээд үнэд арай хүрээгүй юм. Зах зээлийн шинжээчид, эдийн засагчид алтны үнийн өсөлт цаашид үргэлжлэнэ хэмээн төсөөлөх боллоо. Одоогоор нэг унци алт 1351 ам.доллар байна. Алтны үнэ ханшид олон хүчин зүйл нөлөөлдөг. Энэ долоо хоногт алтны үнэ 20 ам.доллараар өсөхөд АНУын хөдөлмөр эрхлэлтийн статистик мэдээ шууд нөлөөлсөн хэмээн шинжээчид тодорхойлов. Үнийн уг өсөлт он дуустал үргэлжилж нэг унци нь 1400 ам.доллар болох төсөөлөл бий. Улс орнуудын төв банк алт худалдахаас илүү авах сонирхолтой болсон нь үнэ өсөх бас нэг шалтгаан юм. Дэлхийн хамгийн том алтны сан 2013 онд 1300 тонн алттай байж.
Гэтэл хөрөнгө оруулагчид уг сангаас гарсан тул 630 тонн болж буурчээ. Харин энэ оны эхний хагас жилд алтны нөөц нэмэгдэж 800 тонн давсан байна. Дэлхийд алт олборлолт, худалдан авалтаар Хятад тэргүүлдэг. Тус улс энэ онд Торгоны зам болон Алтны санг 16 тэрбум ам.доллараар байгуулжээ. Өөрөөр хэлбэл, уг сангаас алт худалдан авах аж. Мөн ОХУ, Казахстаны төв банк алт худалдан авалтаа нэмэгдүүлсэн байна. Монголбанкны нэг унци алт худалдан авах ханш энэ оны эхэнд 71.7, зарах нь 71.9 мянган төгрөг байв. Тэгвэл энэ сарын эхээр авах ханш 92.7 зарах нь 92.9 мянган төгрөгт хүрсэн байна. Алтны ханшийн хэлбэлзэл манай улсын эдийн засагт хоёр сувгаар шууд нөлөөлдөг. Нэгдүгээрт, валютын урсгалыг нэмэгдүүлэх бас хорогдуулах замаар валютын ханшид нөлөөлдөг билээ. Тухайлбал, манай улсын гадаад валютын орох урсгалын 4-6 хувийг бүрдүүлж буй. Тэгэхээр жилд дунджаар 300-400 орчим ам.долларыг алтны арилжаанаас олдог гэсэн үг.
Иймд уг металлын эрэлт өндөр үнэ өсөглүүн байх тусам манай улсад орж ирэх гадаад валют нэмэгдэж төгрөгийн ханш тогтвортой байх нөхцөл бүрдэх юм. Хэрэв эсрэгээрээ үнэ буурвал гадаад валютын орлого хумигдаж төгрөгийн ханш суларна. Алтны үнэ өсч буй дээрх мэдээлэл нь ядарч туйлдаад байгаа манай орны эдийн засагт сүүмгэр боловч гэрэл асаасан явдал билээ. Хоёрдугаарт, төсвийн орлогоор дамжин эдийн засагт нөлөөлнө. Энэ оны төсөвт нэг унци алт 1156 ам.доллар байхаар тооцсон. Ингээд 23 тонн алт олборлоно хэмээн батласан. Үүний 10 тонныг “Оюутолгой” компани олборлох бол үлдсэнийг нь Алт хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгж, иргэд арилжааны банк болон Монголбанкинд тушаана гэж тооцжээ. Эндээс үзвэл алт төсвийн орлогод хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадах нь.
Т.Жанцан