Орон сууцны зах зээл өсөлттэй гарахад ипотекийн зээл гол найдвар болсон хэвээр байна. Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг энэ сард түр хугацаагаар зогсоосон.

Гэхдээ барилгын салбарын борлуулалтын “хувь заяа”-г уг зээл шийдэх нь тодорхой. Монголбанк болон арилжааны банкуудын удирдлагын түвшинд шийдэлд хүрснээр зээлийн бүтээгдэхүүн цааш “хөдлөх”-өөр байгаа. Тэр болтол ипотекийн зээлийн санхүүжилтийг үргэлжлэн олгохгүй гэдгээ төвбанкнаас зарласан.

Хуучин орон сууцны үнэ 11.9 хувиар буурчээ

Ипотекийн зээл царцсан нь орон сууцны борлуулалтад төдийгүй барилгын салбарт ч сөргөөр нөлөөлөхөөр байгааг тус салбарынхан учирлаж байна. Тэд ипотекийн зээлийг хэвийн үргэлжлүүлэх боломж, бололцоог бүрдүүлж өгөхийг Засгийн газрын тэргүүнээс хүссэн. Орон сууцны нийлүүлэлт өнгөрсөн хугацаанд тасралтгүй нэмэгдсэн ч иргэдийн худалдан авах чадвар муудаж, банкууд орон сууцны зээлээ хязгаарлаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор орон сууцны борлуулалт өнгөрсөн онтой харьцуулахад энэ онд огцом буурах төлөвтэй байна.

Хэдийгээр нийлүүлэлт харьцангуй өсөлттэй байсан ч цаашид агших эрсдэл хэвээр. Орон сууцны зах зээл дэх эрэлтийг тодорхойлох нэг гол үзүүлэлт нь тухайн сард арилжааны банкуудын шинээр олгож байгаа зээлийн хэмжээ, зээлдэгчийн тоо байдаг. Тэгвэл энэ үзүүлэлт он гарсаар тасралтгүй буурч ирсэн нь зах зээлийн төлөвийг бүдгэрүүлсээр.

Нийлүүлэлт өндөр, эрэлт бага байгаа тохиолдолд үнэ буурдаг. Эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан эрэлт буурснаар гэрлийн хурдаар өсөж байсан орон сууцны үнийн уналт жил дамнан үргэлжилж байна. Үнийн хөөсрөлт татарч, барилгын салбар өдгөө санхүүгийн хүндрэлтэй золгоод байгаа. Орон сууцны үнийн өсөлт саарсан нь сайн мэдээ. Гэхдээ эрэлт огцом буурсан нь төлбөрийн чадвартай иргэдийн тоо багассаныг нэг талаар илтгэх буюу. Эрэлтийг нэмэгдүүлдэг гол хүчин зүйл нь ипотекийн зээл байв.

Та шинэ болон хуучин орон сууц худалдан авахаар сонирхож байгаа бол түр хүлээгээрэй. Төгрөгийн ханшийн уналтыг эс тооцвол орон сууцны үнэ цаашид хямдарсан хэвээр байх нь. Эрэлтгүй зах зээлд үнийн уналт ирэх онд ч үргэлжлэхээр байгааг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн зарим судалгаанд дурдсан байна. Үүнд, “Тэнхлэг зууч” компанийн сар тутам гаргадаг орон сууцны үнийн индексийг дурдаж болно. Орон сууцны үнийн индекс наймдугаар сард 1.5 хувьтай гарсан. Тэгвэл энэ сард ипотекийн зээл түр зогссонтой холбоотойгоор үнэ буурах магадлал нэмэгджээ.

Барилгын компаниудыг мөнгөний урсгалтай залгуулж ирсэн ипотекийн зээл царцсан нь иргэдээс захиалга авч эхэлсэн орон сууцны зарим төсөл зогсоход хүргээд байгаа юм.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат барилгын салбарынхантай уулзах үеэрээ “Эхний ээлжинд зогссон барилгуудын асуудлыг судалж, шийдвэрлэнэ” хэмээн амалсан. Зогссон барилгуудыг хөдөлгөх гарц нь борлуулалтыг дэмжихээс эхэлж таарна. Нийслэлд 50 хувиас дээш гүйцэтгэлтэй 25 мянган орон сууц бий. Үүнийг бүрэн ашиглалтад оруулахын тулд барилгын компаниудын борлуулахад хэдийнэ бэлэн болсон 8000 орон сууцыг эзэнтэй болгож дууссаны дараа л дээрх 25 мянган орон сууцны “ирээдүй” тодорхой болох дүр зураг ажиглагдаж байна.

Орон сууцны үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.2 хувиар буураад байна. Шинэ орон сууцны үнэ оны эхэн үеэс 4.2, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 7.1 хувиар хямдарсан. Хуучин орон сууцны үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.9 хувиар буурсан дүнтэй гарсан. Ашиглалтад бүрэн орсон найман мянган орон сууцыг ипотекийн зээлээр дамжуулан эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтойг зарим эдийн засагч хэлж байна. Барилгын салбарын өндөр өсөлт ард үлдэж, хүндрэлийн үе тохиож байгаа нь энэ.

  • Шинэ орон сууцны үнэ оны эхэн үеэс 4.2, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 7.1 хувиар хямдарсан.
  • Нийслэлд 50 хувиас дээш гүйцэтгэлтэй 25 мянган орон сууц байна.
  • Үнийн хөөсрөлт татарч, барилгын салбар өдгөө санхүүгийн хүндрэлтэй золголоо.

Нийлүүлэлт илүүдэлтэй байгаа учраас байрны үнийг боломжит хэмжээнд бууруулж, мөнгөө чөлөөлөн, эргэлтэд оруулах нь хамгийн чухал шийдвэр болжээ. Байр худалдан авах боломжтой, зээлийн нөхцөл, шаардлагыг хангасан 8.7 мянган өрх байгаа аж.

Нийлүүлэлтийн илүүдэл, хуучин орон сууцны үнийн бууралтыг дагаад шинэ орон сууцны үнэ цаашид ч буурах хандлага ажиглагдсан хэвээр. Орон сууцны үнэ богино болон дунд хугацаанд өсөх боломж ч хомс байна. Байртай болох хүсэлтэй иргэдийн 83 хувь нь ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй байгаа юм. Энэ тохиолдолд түр зогссон ипотекийн зээл урагшлах, эсэхээс орон сууцны зах зээл хамаарах нь.

Б.Баяртогтох

Засгийн газрын мэдээ