МАХН-ын дарга, экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Батшугар өнгөрсөн сонгуулиар аавынхаа нэрээр багагүй олны танил болсноос гадна Монгол банкны дэд ерөнхийлөгчийн албан тушаалд хүрсэн.

Тэрээр харин энэ удаад намаасаа гарч байгаагаа мэдэгдэв. Тэрээр МАХН-ын Гадаад харилцааны асуудал хариуцсан нарийн бичгийн даргын албан тушаал хашиж байсан бөгөөд харин түүний энэ албанд Байгаль орчны сайд асан У.Барсболд томилогдсон байна. Намаасаа гарсан шалтгаанаа Монголбанкны дэд ерөнхийлөгчийн албан тушаалтай холбон тайлбарлаж байгаа юм.

Өнгөрсөн 4 дүгээр сараас хойш Энхбаярын гэр бүлийнхэн төдийгүй МАХН-ынхан үргэлж л хэвлэлийн гол эзэд болсоор байгаа билээ. Шүүхээс 4 жилийн ял сонссон Энхбаярын бие муудсан учир 2 хоногийн өмнө Улсын II төв эмнэлэгт шилжсэн тухай мэдээлсэн.

Харин энэ удаад Энхбаярын хүү Батшугар намаасаа гарсан мэдээ гарч байна. Ямартай ч МАХН-ын дараагийн гэнэтийн бэлэг юу болох нь тун удахгүй харагдах болов уу.

С.Баяр