Өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэр бүхий найман иргэний гомдлын дагуу хүүхдийн паркийн хувьчлалтай холбоотой шүүх хурал болсон. Уг хурлаар паркийг хувьчлах талаар нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал “2005 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 188 тоот хамтарсан компани байгуулах” хууль бус тогтоолыг баталж, Японы “Иточу” хэмээх корпораци “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-нд 74 хувийн хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргасан.

Харамсалтай нь эл компанийн ямар ч хөрөнгө оурулаагүй бололтой. Шүүхийн шийдвэрт дурьдсанаар, “Иточу” корпораци 74 хувийн хөрөнгөө оруулаагүй байхад нь хамтарсан компани байгуулсан нь Компанийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45,2-т “...хувьцааны төлбөрийг компанийн улсын бүртгэлд бүртгэхээс өмнө төлнө” гэсэн заалтыг зөрчсөн, хууль бус өмчлөл болох нь тогтоогдож байна” гэжээ.

Мөн “Үндэсний соёл амралтын хүрээлэн” улсын үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгө болон бусад хөрөнгийг хэрхэн үнэлж, мөн “Иточу” компанийн эзэмшил 74 хувийг тогтоохдоо юуг үндэслэн хөрөнгийн үнэлгээг хийсэн нь ямар ч баримтаар нотлогдоогүй гэнэ. Уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-гээс анхны шалгарсан төсөл гэж шүүх хуралдаанд гаргаж өгсөн төсөл нь “Mongolian Amusement Project” 2004.11 гэсэн нэр, огноотой, англи хэл дээр бичсэн, монгол хэлний орчуулгагүй байжээ.

Мөн техник эдийн засгийн үндэслэл, инженерийн шийдэл байхгүй, ердийн зурагт хуудас, тойм зураглал бүхий төсөл байсан гэнэ. Гэвч ямар ч орчуулгагүй англи хэл дээрх төслийг тухайн үеийн НИТХ хэлэлцэж баталсан болж байгаа юм. Тэгвэл төлөөлөгчид бүгдээрээ англи хэлийг академик түвшинд эзэмшсэн, тийм мундаг байсан уу гэвэл мэдээж үгүй. Шүүх байгууллагын дүгнэлтэд 10-хан хуудас, хар зураг шиг паркийн төслийг ямар ч эрүүл ухаантай хүн харсан дэлхий нийтийн жишигт хүрсэн соёл амралтын хүрээлэн барих боломжгүй талаар онцолсон аж. Үүнээс үзвэл “Иточу” корпораци 74 хувийн хөрөнгө оруулаагүй, НИТХ-ын 188 дугаар тогтоол хуурамчаар уу гэсэн аусудал сөхөгдөж эхлээд байна.

Тиймээс дээрх компаниуд хөрөнгө оруулалтын талаар худал мэдүүлснээс гадна нийслэлийн Засаг дарга асан М.Энхболд, Г.Мөнхбаяр нарын гаргасан энэ шийдвэрийн цаана авилга хээл хахуулийн хууль бус үйлдэл нуугдаж байж болзошгүй гэж хууль хяналтынхан үзэж буй бололтой.

Мөн тухайн үед НИТХ-ын дарга байсан Н.Болормаа хурлын шийдвэрт гарын үсэг зурж баталгаажуулсан учраас “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-гийн өмчлөлийн хэрэгт мөн татагдахыг ч эх сурьалж үзгүйсгэхгүй байна. Ямартай ч энэ лхагва гаригт болох шүүх хурлаас энэ асуудал эцэслэнэ.

Энэ хэргийг шалгах явцад иргэн Д.Өнөрболор, “Мон-Уран” ХХК гэх мэт компани, хувь хүмүүст газраа өгсөн нь шалгалтаар тогтоогджээ. Д.Өнөрболор гэгч хатагтай нь “Сөүл” группын хэмээн алдаршсан нэгэн цагт Солонгос хоолыг Монгоод сурталчилж UBS телевизээр хоол хийдэг байсан эмэгтэй аж. . Тэрбээр солонгос нөхрөөсөө өрх тусгаарлаж Улаанбаатар хотод нэлээд том том ресторон, компанийг цэцэглүүлж яваа гэх. Түүний мэдлийн “Сөүл” ресторан Хүүхдийн паркийн газрын нэгээхэн хэсэгт сүндэрлэсэн нь олны нүдэнд ил байгаа. Түүнчлэн “Сөүл” трейдинг, “Мантууш” зэрэг компани бүгдээрээ Д.Өнөрболорынх аж.

Д.Эрдэнэ 

tvmongolia.mn