УИХ төгрөгийг үнэгүйдүүлж, долларын үнийг өсгөх бодлого хэрэгжүүлж болзошгүй байна
Зууны мэдээ
2016/11/04
“Бүгдээрээ хэлэлцье” ТББ-ын тэргүүн, Монгол Улсын гавьяат эдийн засагч Г.Янсанжавтай ярилцлаа.
-Монгол Улсын эдийн засгийн байдал тун хүнд байна. Ээдрээтэй, хүндрэлтэй ийм нөхцөлд УИХ-ын чуулганаар улсын төсвийн төслүүдийг хэлэлцэж байгаа. Та ямар байр суурьтай байгаагаа манай уншигчидтай хуваалцана уу?
-“Бүгдээрээ хэлэлцье” ТББ маань төсөв, мөнгөний бодлогын асуудлын хүрээнд судалгаа, дүгнэлт хийж, УИХ, Засгийн газар, ард түмнээ үнэн бодит мэдээллээр хангах үүрэгтэй байгуулагдсан. Энэ үүргийнхээ дагуу үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн ханш хэт унаж, түүнээс урган гарч байгаа үр дагавар нь улс орны хэмжээнд үнийн зохисгүй харьцааг бий болгож, цаашдаа улам гүнзгийрэх төлөв ажиглагдаж байгаад санаа зовниж байна.
Уг нь Монголбанкны ерөнхийлөгчид асуудлыг танилцуулж байхаар албан тоот хүргүүлсэн ч Тамгын газраас нь зөвшөөрөөгүй хариу өгснийг энэ дашрамд дурдах нь зүйтэй байх. Эдийн засаг хүндэрлээ гэдгийг 2014 онд Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Монгол Улс эдийн засгийн тусгаар тогтнолоо бараг л тавиад туучихлаа” гэж “Анализ” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлж байсан л даа.
Эдийн засгийн энэ хямрал шинээр гарч ирж буй асуудал биш гэдгийг дурдах нь зөв байх. Цаашдаа өр зээл өсч, эдийн засаг хүндрээд байвал юунд хүрч болзошгүйг Д.Бямбасүрэн Тажикстан Бадахшаны хөндийгөө хэрхэн алдсаныг санаа болгож бичсэн байдгийг анхаарахад бас илүүдэхгүй байх.
-Ер нь бол төгрөгийн ханшийн байдлаас цаашид олон зүйлийн тогтвортой эсэхэд нөлөөлж мэдэхээр байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Төвбанкны тухай хуулийн 4.1-д Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангана гэж хуулийн зорилтыг тодорхойлсон байдаг. Гэтэл төгрөг тогтвортой байна уу гэдгийг авч үзье л дээ.
-2012 онд
1 ам.доллар=1350 төгрөг
-2016 оны мөн үед
1 ам.доллар=2350 төгрөг болж ханш нь өссөн.
Дөрвөн жилийн дотор 1 ам.долларын ханш 1000-аар чангарлаа.
-Үүнээс болж иргэдэд ямар хохирол гарч байна вэ?
-Жишээгээр хариулъя. 500 мянган төгрөгийн цалин, тэтгэвэр, тэтгэмжтэй хүний орлогыг ам.доллараар тооцвол,
500.000 : 1350 = 370 ам.доллар
500.000:2350=213 ам.доллар
Төгрөгийн ханш суларснаас 157 ам.доллар буюу 211950 төгрөгөөр цалин буурчээ.
-Банкны тухай ярьсан зарим хүн хадгаламж л банкны зээлийн хүүг нэмэгдүүлдэг, 100 саяас дээш төгрөгийн хадгаламж бүхий 500 гаруйхан хүн бий гэх юм?
-Тэгж ярьж байна. Энэ ярианаас болгоомжилсон нэг хэсэг нь хадгаламжийн мөнгөө гадаадад гаргасан ч яадаг юм гэх нь сонсогдох боллоо. Гэтэл бидний зарим бас гадаадаас Монголдоо хөрөнгө мөнгө оруулах биш үү. Нөгөө талаас хадгаламжтай хүмүүсийн эрх ашгийг хамгаалах нь хадгаламжийг банкинд татах гол арга зам болно. Төгрөгийн ханш уналттай хадгаламжийн хүүг уялдуулах, ханш унаад байвал хүүг дагалдуулаад бага боловч нэмэгдүүлэх нь мэдээж. Иймд хадгаламжтай 500 гаруй эзэмшигчийг буруутгаад ярьдаг хүмүүс банкийг бас бодох цаг.
-Иргэдийн хадгаламжинд ханшйн өөрчлөлт хэрхэн нөлөөлсөн бол?
-100 сая төгрөгийн хадгаламжтай гэвэл 1 ам.доллар =1350¥ байхад 100.000.000:1350=74074 ам.доллар болж байсан бол ханш 1 ам.доллар=2350¥ болоход 100.000.000:2350=42553 ам.доллар болж, төгрөгийн ханш суларснаас 31521 ам.доллар буюу 42.5 сая төгрөгөөр хадгаламж буурсан байгаа.
Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн үнэгүйдэж байгааг хадгаламжийн хүүгийн хувь хэмжээ нөхөж чадахгүй. Тэгэхээр иргэдэд маань хохирол учруулах болсныг УИХ, Засгийн газар 2017 оны төсөв, мөнгөний бодлого хэлэлцэх үедээ анхаарна уу гэх байна. Банкны мэргэжлийн хүний хувьд энэ санааг тэдэнд хэлье гэж бодож байна.
Энд жишээ хэлэхэд, гадаадаас 100 сая ам.доллар орж ирсэн гэвэл 1 ам.доллар-1350 төгрөг байхад 135 тэрбум төгрөг болж байсан бол 1 ам.доллар-2350 төгрөг болоход 235 тэрбум төгрөг болж төгрөгийн ханш унаснаас 100 тэрбум төгрөг улсын төсөвт илүү орж байна. Түүгээр цалин тэтгэвэр тэтгэмжийг тавих гэж ард иргэдийг хуурч байгаа мэт харагдах боллоо. Төгрөгийн ханшийн уналт төрд маш их ашигтай, иргэдэд хохиролтой. Үүнийг Монголбанкныхан л хийж байх шиг.
Тэтгэврийн зээлийн хүүг буурууллаа гэж Засгийн газар зарлалаа. Хүү буурсан гэж 36 хүртэл сарын хугацаатай зээл авна. Гэвч бурхан болж байгаа ахмадуудын тэтгэврийн дэвтэр банкинд үлдэж зээлийн өртэй болно. Энэ зээлийн өрийг ямар эх үүсвэрээр банк барагдуулах вэ.
-Банкны хүүг бууруулах ямар арга зам байна?
- Банкуудын дүрмийн санг дэлхийн жишигт хүргэж нэмэгдүүлэх, ингэснээр нэг их наяд давсан төгрөгийн хадгаламжтай банкны эх үүсвэрийн 30-50 хувийг өөрийн хөрөнгөөр нөхөж байхыг амьдрал шаардаж байна. Ингэснээр банк өөрийн хөрөнгөөр зээл олговол хүү аяндаа буурна. Одоогоор зарим банк нь хадгаламж авч түүгээр зээл олгодог, яг Хадгаламж зээлийн хоршоо шиг ажиллаж байгаа гэж ярьдаг нь үнэний хувьтай байх аа.
Төвбанкийг хараат бус болгох цаг нь болоогүй. Төв банк эдийн засгийн үзүүлэлтээр нь авч үзвэл, аль хэдийн дампуурсан ч байж болзошгүй талтай байгаа. Алдагдал гэхэд их байгаа, алтан гулдмай хийлгэсний зөрүүгийн алдагдал гэх ч яриа байгаа.
Төгрөгийн ханш унаж байхад зүй нь хөдөө аж ахуйн гаралтай арьс шир, ноос ноолуур, махны үнэ өсөх л учиртай. Гэтэл үнэ зохицуулах хөтөлбөр нэрээр үнэ бууруулахад л хөрөнгөө зараад байвал малчдын амьдрал хүндэрч мал аж ахуйг ч ашиггүй гэж үзэх хүмүүс олон болно. Малчид төв суурин газар шилжихээс болгоомжлоход илүүдэхгүй.
Харин МАН засгийн эрхийг авснаар ноос, ноолуур, арьс ширний үнэ нэмэгдэх хандлага байх шиг. Энэ бол зөвхөн эхлэл. Манайд арьс шир, ноос, ноолуурын үнэ буураад байвал гадаад руу зөөх нь ихсэнэ.
Ипотекийн зээлийн асуудал, Төвбанкны асуудал биш энэ Засгийн газрын хариуцах ажил гэдгийг анхаарах болов уу.
Улс орныг эдийн засгийн хүнд байдлаас гаргаж чадвал Монголын ард иргэд баярлаж дараагийн сонгуульд дахиад л МАН-д санал өгөх нь мэдээж. Үүнийг бодолцох нь зөв байх.
-Гадны банк орж ирнэ гэж яриад удлаа. Энэ ямар нөлөө үзүүлэх бол?
-Гадаадын банкны салбар нээх тухай асуудлыг сайтар судалж үзвэл дээр байх даа. Төвөгтэй асуудал гарч ирж болзошгүй. Харин хэлэхэд бол хялбар.
Гадаад өрийн хувь гэвэл, харьцангуй хүү багатай зээл гадаадаас олдвол авч, урд нь авсан өндөр хүүтэй авсан зээлээ төлж өр төлбөрийг багасгавал болох талтай.
Экспортыг бүх талаар дэмжмээр байдаг гэтэл экспортод гаргаж байгаа барааны үнийг хууль зүйн үндэслэлтэй дэлхийн зах зээлийн үнэд нийцүүлэн гэрээ хэлцлийг хийж баймаар санагддаг. 1 тонн нүүрсний экспортын үнэ 30 ам.доллар гэнэ үү. Манай чулуун нүүрс бол хар төмөрлөгийн үйлдвэрт хэрэглэгдэх үнэтэй түлш. Мал мах болон хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн үнийг бас бодмоор.
-Ингээд ярихаар Оюутолгойн асуудал сөхөгддөг. Мөнгөө гадны банкуудад байршуулдаг гэлцдэг?
-Оюутолгойн асуудлыг цэгцэлж төсөвт орох татварыг нэмэхийг ард түмэн хүлээсээр л байна. Монгол Улс зах зээлд шилжиж багагүй хугацаа өнгөрсөн боловч банкууд нь хадгаламж зээлийн хоршооны үүрэг гүйцэтгэж хадгаламж авч, зээл олгож ирлээ.
Ийм нөхцөлд иргэдийн хадгаламж нь зээлийн гол эх үүсвэр болж хадгаламжийг татах талаар банкууд өрсөлдөж өндөр хүү зарлаж өнөөдрийг хүрлээ. Тэгвэл үүнийг өөрчилж банкуудын дүрмийн санг дэлхийн банкуудын жишигт хүртэл нэмж банкуудын зээлийн эх үүсвэрийн бүтцэд өөрчлөлт оруулж өөрийн хөрөнгийн эзлэх хувийг нэмэгдүүлснээр зээлийн хүү аяндаа буурч иргэдийн хадгаламж авдгаа банкууд багасган ийм нөхцөлд иргэд гуйж бэлэн мөнгөө найдвартай талаа бодож банкинд хадгалуулах болно. Харин хүүг банк шийдэх цаг ирнэ.
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин