Сурагчдын дүрэмт хувцас “дуураймал” байсан гэв
2013/10/22
Үндэсний үйлдвэрлэгч нар хамтарч болдгийн жишээг сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл харуулж байгаа билээ. Үүний тод жишээ нь сурагчдын дүрэмт хувцас оёх ажилд гар бие оролцож буйгаас харж болно. Тухайлбал, нэг нь цамцыг, нөгөө нь өмдийг, бас нэг нь жакет үйлдвэрлэж байгаа юм. Хүрмийг бол хэд хэдэн үйлдвэр зэрэг оёж байгаа.
Энэхүү ажлын цаана олон зуун оёдолчид ажилтай, орлоготой болж, олон арван айл өрх хоногийн хоолтойгоо золгож өөрсдийн хөдөлмөрөөр аж төрөх болсон гэхэд хилсдэхгүй. Гэвч энэ байдал хэсэг бүлэг хүмүүст таалагдахгүй байгаа бололтой. Яагаад гэвэл, Монголдоо монгол хүний гараар бүтсэн сурагчийн дүрэмт хувцсыг дуурайлган хийлгэж, импортолсон тохиолдол хэд хэд гарчээ. Дотоодын үйлдвэрийн дүрэмт хувцсыг албаар урж тасдан гомдол мэдүүлсэн тохиолдол ч гарсан гэнэ. Дүрэмт хувцасны чинь материал муу байна гээд дотор, гадаргүй тас хайчлаад бариад очин гомдол мэдүүлэгсэд ч олширсон гэнэ. Гомдоллон буцаасан тэдгээр хувцсыг Нэхмэлийн хүрээлэн болон БНСУ-ын “лаборатори”-д шинжлэхэд гадны нөлөөтэй элэгдэл болохыг тогтоосон байх юм.
Эцэг эхчүүдээс ирж буй хамгийн түгээмэл гомдол нь ончироо буюу материал нь “бөөстөх” гэдэг гомдол аж . Энэхүү ончироо ноос, ноолууран бүтээгдэхүүнд түгээмэл байдаг зүйл. Учир натурал бүтээгдэхүүн учраас тэр хэмээн мэргэжлийн хүмүүс хариулж байна. Одоогийн байдлаар бага ангийн сурагчид дүрэмт хувцсаа бүрэн авсан. Харин дунд, ахлах ангийнхны хувцсыг энэ сарын 30-ны өдрөөс эхлэн олгохоор хуваарь гарчээ. Хэдийгээр сургуулиар дамжуулан хүүхдүүдэд түгээж байгаа ч Нарантуул зах дээр “Монголд үйлдвэрлэв” шошготой сурагчийн дүрэмт хувцсыг худалдаалсан тохиолдол мөн л гарчээ. Иймд ҮХАА-ны холбогдох албаныхан хэд хэдэн газарт худалдаалж буй дүрэмт хувцасны даавууг шинжлүүлэхээр лабораторид хандаад байгаа юм байна. Шинжилгээний дүн гармагц хэн гэгч импортлогч хаанаас, ямар зорилгоор дуураймал дүрэмт хувцас оруулж ирж, үйлдвэрлэгчдийг хорлож, иргэдийг хохироож байгааг нийтэд мэдээлэх ажээ.
Х.Даваа