МАХН  2010 онд  "Тэрэлжийн тунхаг"  гэгчийг гарган, Монгол Ардын Нам болгон нэрээ өөрчлөхтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр, Н.Удвал, С.Молор-Эрдэнэ нар МАХН-ын түр штабыг  үүсгэн байгуулж, МАХН гэсэн улс төрийн намыг дахин сэргээн байгуулсан билээ.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр МАХН-ын онц их хурлаас тус намын даргаар сонгогдсон бөгөөд үүнээс хойш уг албыг үргэлжлүүлэн хашсаар байна.
 
Шинэчлэн байгуулагдсан МАХН УИХ-ын 2012 оны, Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулиудад харьцангуй амжилттай оролцсон ч УИХ-ын 2016 оны сонгуульд ердөө ганцхан суудалтай болох хэмжээнд ялагдал хүлээсэн юм. Мөн тус намын дэд дарга байсан Д.Тэрбишдагва, нарийн бичгийн дарга асан Ч.Улаан ба тэднийг дагалдагсад МАН-д гишүүнээр эргэн элссэн.
 
Энэ бүхэн нь  МАХН-ын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй бөгөөд тус намын анхан шатны байгууллага, гишүүд ч урам зориггүй болж, үйл ажиллагаа нь үндсэндээ зогсчээ. Үүнтэй холбоотойгоор түүнийг намаа татан буулгана, АН-д элсэнэ гэх мэтээр ярьж байсан ч тэрээр бууж өгөх болоогүй бололтой.
 
МАХН-ын дарга Н.Энхбаяр УИХ-ын гишүүн асан Г.Уянга, С.Ганбаатар тэргүүтэй иргэний хөдөлгөөнийхнийг намдаа элсэхийг урьж, хоёр ч удаагийн уулзалт хийсэн болохыг эх сурвалжууд баталж байна. Яриа хэлэлцээр одоогоор ямар нэг үр дүнд хүрээгүй байгаа аж.
 
Э.Мягмар
sonin.mn