АНУ-ын 58 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлог гэвэл тус улсын иргэд Ардчилсан намаас нэр дэвшсэн Х.Клинтон анхны эмэгтэй, эсвэл Бүгд найрамдах намаас өрсөлдсөн Д.Трамп анхны бизнесмэн төрийн тэргүүн болохын аль нэгийг сонгох явдал байлаа.
 
Сонгуулийн өмнөх бүх санал асуулгаар улс төрийн туршлага их­тэй, АНУ-ын улс төрийн элит, Уолл-Стритийг атгасан санхүү, бизнесийн олигархиуд төдий­гүй эмэгтэйчүүд, өнгөт арьстан, шинээр иргэн болсон цагаачдын дэмжлэгийг бараг тэр чигт нь хүлээсэн Х.Клинтон төрийн түшмэл байгаагүй “нялх” улстөрч Д.Трампыг түвэггүй ялах төлөв байдал ажиглагдаж бай­сан билээ.
 
АНУ-ын түү­хэнд Д.Трампаас өмнө Ерөн­хий­лөгчийн сонгуульд улс төрийн юм уу, цэргийн карьерын туршлагагүй бизнесмэн хүн ганцхан удаа нэр дэвшиж байжээ. 1940 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Ф.Рузвелтийн “Шинэ чиглэл”-ийн бодлогыг эрс шүүмжлэгч хур баян, мөн л Бүгднайрамдах намаас нэр дэвшсэн Венделл Вилки гэгч бизнесмэнүүд, дунд ангийнх­ны дэмжлэгийг ихээр татсан ч өрсөлдөгчдөө ялагдсан аж.
 
Гэвч бүдүүлэг сагсуугаараа дуудуулсан этгээд авиртай тэр­бумтан Д.Трамп сонгогчдын төлөөлөгчдийн 279 саналыг авч итгэлтэйгээр ялалт байгуулж, америкуудыг төдийгүй дэлхий нийтийг шоконд оруулж цочирдууллаа. Жинхэнэ америк шоу шиг өрнөсөн сонгуулийн явцад тэрээр Бүгднайрамдахчуудыг хэзээнээс дэмждэг төвийн мужуудад илүүрхэж, Х.Клинтон Ардчилсан намынхны талд ордог уламжлалтай хоёр эргийн мужуудад ялалт байгуулж эхэлсэн.
 
Тэгээд сонгуулийн дүнд ямагт шийдвэрлэх нөлөө үзүүлсээр ирсэн, 29 сонгогчийн төлөөлөгчийн санал бүхий хамгийн том “эргэлзэгч” муж Флоридад Д.Трамп Х.Клинтоноос ганцхан хувийн зөрүүтэйгээр ялсны дараа “New York Times” сонины нэр хүнд бүхий “Upshot” төсөл Д.Трампыг 68 хувийн магадлалтайгаар сон­гуульд түрүүлнэ гэсэн юм. “Upshot” уг нь сонгуулийн эхэнд Х.Клинтон 85 хувийн магадлалтайгаар ялна гэж байсан аж. 
 
Энд тэмдэглэхэд, чухам Флорида мужид ялалт бай­гуулс­наар сүүлийн дөрвөн сон­гуульд Бүгднайрамдах намын Ж.Буш, Ардчилсан намын Б.Обама нар тус тус хоёр удаа дараалан Ерөн­хийлөгчөөр сонгогдсон юм. 
 
Юутай ч улс төрийн тавцанд дөнгөж хөл тавьсан улстөрч бүх талаараа илүү “ноёны бөх”-ийг хаяж, дор хаяж ойрын дөрвөн жил Цагаан ордонд эзэн суух нь. Америкууд донгио ч гэмээр түүнийг сонгосонд хэд хэдэн шалтгаан байх шиг. Хамгийн гол нь Ардчилсан намын Б.Обамагийн Ерөн­хийлөгчөөр ажилласан найман жилийн хугацаанд АНУ-ын нэр хүнд дэлхий даяар үргэлжлэн унасны дээр АНУ-ын эдийн засаг хүссэн хэмжээнд өсөлгүй нийгмийн хэд хэдэн шинэчлэл үр дүнд хүрээгүй билээ. Иймээс энгийн дундаж америкуудын дийлэнх нь Б.Обамагийн бодлогыг үргэлжлүүлэх нь тодорхой Х.Клинтоныг сонгохыг хүсээгүй гэлтэй. Өөрөөр хэлбэл Х.Клинтон л биш бол хэн ч байсан яахав гэж үзсэн болов уу.
 
АНУ-ын “Трамп­чилал” юунд хүргэх нь сонин. Сонгуулийн кампанийн үеэр түүний хэлсэн мэдэгдлүүд дээр үн­дэслэн ажиглагчид АНУ-ыг түүний удирд­лага дор юу хүлээж буй талаар ярьж эхэлжээ.
 
Д.Трампын сон­гуу­лийн мөрийн хөтөл­бөрийн тулгын чулууны нэг нь хууль бус цагаачдыг эрс багасгах амлалт байсан юм. Иймээс тэрээр автомашины хурд хэтрүүлсэн гээд яльгүй боловч хууль зөрчсөн бүх цагаачдыг АНУ-аас олноор нь албадан гаргах ажиллагаа явуулах нь тодорхой аж. АНУ-д тийм хууль бус цагаачдын тоо хоёр саяас давсан гэх тооцоо бий. Үүнд АНУ-д хууль бусаар амьдарч буй монголчууд ч өртөх биз ээ.
 
Д.Трамп түүнчлэн терро­рист аюул ихтэй Сири зэрэг орноос АНУ-д ирэгсдийн тоог эрс цөөлөх төлөвтэй. Үүнээс гадна тэрээр АНУ-ын өмнөд хилийн дагуу хана бос­гохоо амлаж байсан юм.
 
Дотоодын бодлогодоо тэрээр хээл хахууль, авлига­тай эрс шийдэмгий тэмцэж, өөртэй нь адилхан хур баячуудын нөлөөг багасгахаар ам­ласан. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Конг­рессийн гишүүдийн бүрэн эр­хийн хугацааг танана гэж нэг бус удаа мэдэгдсэн. Үүнийгээ хэрэгжүүлж эхэлбэл АНУ-ын элит давхаргын эсэргүүцэлтэй тулгарах нь тодорхой. 
 
Д.Трамп гадаад худалдаанд дотоодын зах зээлээ хамгаалах протекционист бодлого баримтлахаа нэг бус удаа илэрхийлсэн. Тэрээр хөрш Канад, Мексиктэй байгуулсан чөлөөт худалдааны тухай гэрээг эргэн харж, Австрали, Япон, Шинэ Зеланд зэрэг 12 гишүүн оронтой Номхон далайн түншлэлээс гарах алхам хийх төлөвтэй.
 
Олон улсын харилцааны хувьд тэрээр дайралтад өртсөн НАТО-гийн орнууд өөрийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд туслахгүй гэж мэдэгдэж байсан билээ. Үүнээс гадна АНУ Сирийн талаар баримтлах бодлогодоо огцом эргэлт хийж болзошгүй. Юу гэвэл Д.Трамп Сирийн удирдагч Б.Асадыг АНУ-ын дэмжсээр ирсэн лалын шашны үзэлд хэт их автсан сөрөг хүчнээс илүү гэж үздэг тухайгаа удаа дараа мэдэгдсэн юм.
 
Д.Трамп глобал дулаа­ралтай тэмцэхэд АНУ-ын төсвөөс зарцуулж ирсэн их наяд шахам ам.долларын хөрөн­гийг дэд бүтцийг хөгжүүлэхэд зориулна гэсэн амлалтдаа мөн хүрэх биз ээ. Тэрээр мөн байгалийн хийн хоолой барих төслийг сэргээн АНУ дахь газрын тос, байгалийн хийн олборлолтыг нэмэгдүүлэхийг зорихоо мэдэгдэн эко­ло­гичдын шүүмж­лэлд өртөж байсан билээ.
 
Гэхдээ “битүү морь” түүний алхмууд ямар байх талаар яг таг хэлж чадах хүн энэ хорвоо дээр байхгүй биз ээ. АНУ-ыг хувийн компани шигээ удирдаж, эрсдэлтэй, санаанд оромгүй алхмууд хийх вий гэж болгоомжлогсод цөөнгүй. Зарим судлаач түүнийг ЗХУ-ын удирдагч М.Горбачёвтай зүйрлэсэн нь ч бий. Д.Трампыг М.Горбачёвын адил зөв зүйтэй мэт өөрчлөн байгуулалтыг эхлүүлж, эцэст нь улс орноо бүрэн нураах аюултай гэж тэд үзэж байна. Д.Трампын тооцоогүй буруу алх­муудын улмаас АНУ-ын дэлхий дэх нөлөө, жин буурч, бусдаас тус­гаар­ласан бодлогын ул­маас эдийн засгийнх нь өрсөлдөх чадвар дорой­тож болзошгүй гэнэ.
 
Гэхдээ Вашингтоны дотоод болон гадаадын бод­логод огцом өөрчлөлт гарах­гүй гэж үзэгсэд илүү их ажээ. Учир нь тэрээр Бүгд найрамдах нам дотроо ч цөөхөн дэмжигчидтэй. Тэгээд ч АНУ-ын элит давхарга, санхүү, эдийн засгийн хүрээ­нийхэн, Волл-стрит гээд бүгд түүний эсрэг байгаа. Иймд шинэхэн Ерөнхийлөгч улс төрийн нөлөө бүхий бүлэг­лэлүүд, Волл-стритийн олигар­хиудтай хэвийн харил­цаа тогтоохгүйгээр дур мэдэн юу ч хийж чадахгүй биз ээ.
 
Трамп гэдгийг орчуул­бал “хөзрийн тамга” гэсэн утгатай үг ажээ. “Америкийн сүр хүчийг дахин сэргээнэ” уриан дор АНУ-ын “хөзрийн тамга” болсон дөрөв гаруй тэрбум ам.долларын хөрөнгөтэй хур баян Д.Трампын эрин үе, “Трампчилал” АНУ-д болон дэлхий дахинд юу авчрахыг хүлээх л үлджээ.
 
Б.Барс