АН-ын гишүүд намын бус Монгол Улсын эрх ашгийг нэн түрүүнд тавих ёстой бус уу
2016/12/26
-Хөгжлийн банкны мөнгөөр гараа угаасан хүмүүс нь тодорхой байсаар атал яагаад тэднээр төлүүлэхгүй байгаа юм бэ-
Хөгжлийн банкийг тойрсон дуулиан шуугиан тасралтгүй үргэлжилсээр байна. Тус банкнаас ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө авсан нөхдүүд бусдад руу буруугаа чихэж, зээл хэмээн олгогдсон хэдэн арван тэрбум төгрөгийг Монгол Улсын бүтээн байгуулалтад зарцуулсан хэмээн өчиж буй билээ.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд засгийн эрх аль намын гарт байсан, хэн нь эрх мэдэл илүү байсан, тус банкнаас хэн ямар төсөл хөтөлбөрүүдэд мөнгө авсан бэ гэдгийг хамгийн сайн тайлбарлаж чадах хүмүүс нь АН-ын нэр нөлөө бүхий эрхмүүд. Энэ талаар ч бид өнгөрсөн хугацаанд олонтаа бичиж, цагдаа шүүх дээрээ тулж байсан.
Цаг хугацаа улирах тусам тус банкнаас ямар эрхмүүд хэчнээн тэрбум төгрөгийн зээл авч, Монгол Улсыг өрөнд оруулсан нь илэрсээр, АН-ын нөлөө бүхий эрхмүүд олон нийтэд яаран сандран худал мэдээллийг цацаж эхэлсэн билээ. Тухайлбал, өнгөрсөн мягмар гарагт тус банкны асуудлыг хаалттай хэлэлцэх саналыг УИХ-ын гишүүн З.Нарантуяа гаргаснаар уг асуудал улам ч ихээр олны анхаарлыг татах болсон. Учир нь тэд өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны асуудлыг олон нийтийн өмнө ил тод хэлэлцэж байснаа гэнэт хаалттай хэлэлцэх болсон нь сонирхол татсан хэрэг. Тэгвэл Засгийн газар энэ сарын 14-нд УИХ-д өргөн барьсан тогтоолын төсөлдөө Хөгжлийн банкинд ямар эрсдэл үүссэн тухай танилцуулсан аж. Тухайлбал, тус банкны гаргасан зээлийн хэмжээг өөрийн хөрөнгөтэй нь харьцуулахад зохист харьцааны шалгуур үзүүлэлтийг хангахгүй хэмжээнд хүрч, долоон их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй болж 2000 орчим төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлснээс болж 5.9 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болсон аж. Эдгээрийн 80 орчим хувь нь чанаргүй зээл болсон нь тус банк гадаадын санхүүгийн байгуулагуудаас зээл авахдаа “Өөрийн хөрөнгийн зохистой харьцаа болон чанаргүй зээлийн хэм хэмжээг баримталж ажиллана” хэмээн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэсэн үг. Хөгжлийн банк гэрээгээ зөрчөөд зогсохгүй Монгол Улсын эдийн засгийг маш хүнд байдалд оруулах суурийг нь тавьсан байна. Тодруулбал хэрвээ бид гэрээгээ зөрчсөн тохиолдолд гадаадаас авсан бүх зээлээ хугацаанаас нь өмнө төлөх үүрэгтэй байсан. Үүнийг мэдэрсэн гадны зээлдүүлэгчид Хөгжлийн банкийг кросс-дефолт болж байгааг анхааруулсан байна. Тэгэхээр манай улс олон улсын санхүүгийн зах зээлд мөрдөгддөг дүрэм журмын дагуу одоо байгаа бүх хөрөнгөө хураалгах нөхцөл байдал бий болчихоод буй юм. Тэгээд ч Хөгжлийн банкны бүх зээлийг Засгийн газрын баталгаагаар авсан учраас Засгийн газар ч гадаад зах зээлээс босгосон үнэт цаас, зээлээ хугацаанаасаа нь өмнө төлөх нөхцөл байдал үүсээд буй юм. Ерөнхийдөө манай улс “Чингис”, “Самурай” бондын зээлийн эргэн төлөлтийг нэг дор хийх үүргийг олон улсын өмнө хүлээсэн гэсэн үг. Тиймээс л өнгөрсөн хугацаанд олонтаа яригдаж байсан Монгол Улс шууд дефолтоо зарлахаас өөр аргагүй боллоо хэмээж байсан нь Хөгжлийн банкны тооцоогүйгээр өгсөн хэдэн арван тэрбум төгрөг ийнхүү улсыг өрийн дарамтад оруулсантай холбоотой бололтой.
“Гудамж төсөл”-ийг
татан буулгав
Түүнчлэн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хангалттай сайн ажилласан хэмээгээд байсан “Гудамж төсөл”-ийг ч татан буулгахаар боллоо. Мэдээж татан буулгах болсон шалтгаан нь гэвэл зарлагдсан тендерүүдийг будлиантуулж, дундаас нь хэдэн арван тэрбумыг тоншсон асуудалтай холбоотой.
Тухайлбал, Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийнхэн Гудамж төслийн хүрээнд хийгдсэн III, IV хорооллын эцсийн уулзварын өргөтгөлийг шинэчлэхдээ ихээхэн хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй зөрчлийг илрүүлжээ. Энэхүү ажлын зураг төсөл гараагүй байхад 300 сая төгрөгийн гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр “Пабликроуд” ХХК-тай гэрээ байгуулсан байжээ. Гэтэл нийт дүнгээрээ 1.3 тэрбум буюу гэрээнд зааснаас 4.3 дахин өндөр зарлага гаргасан нь илэрчээ. Түүнчлэн Монголд ямар ч бүртгэлгүй, тусгай зөвшөөрөлгүй, Япон улсын компанитай шууд гэрээ байгуулж ажилласан зэрэг хууль бус маш олон үйлдэл илэрсэн учраас тус төслийг татан буулгахаар болжээ. Нөхцөл байдал ийн хүндэрсээр байхад УИХ-д суудалтай АН-ын хэсэг бүлэг нөхөд бондын мөнгийг баруун солгойгүй цацаж, үрэн таран хийсэн намын нөхдөө өмөөрч, ямар ч булхай луйвар байхгүй, хуурамч дүгнэлт гаргасан хэмээн хээв нэг хэлж байгаа нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, улсын төсөв 1.4 их наяд төгрөгөөр тасарчихаад байхад АН-ын гишүүд Хөгжлийн банкны мөнгөөр гараа угаасан эрхмүүдийг ийнхүү өмгөөлж буй нь эмгэнэлтэй.
Хууль зүйн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн түүнчлэн Хөгжлийн банкинд шалгалт хийгээд аж ахуйн нэгжүүдэд тараасан зээлдээ ямар ч хяналт тавиагүйгээс болж өнөөдрийг хүртэл эргэн төлөлт байхгүй, УИХ, Засгийн газраар батлуулаагүй олон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн, гэрээнийхээ ажлыг дуусгаад мөнгөө авахдаа төсөвт өртөг нь 3-4 дахин нэмээд авсан компаниудыг олж илрүүлжээ. Түүнчлэн 2012-2016 онд нийт 29 хүнд урамшуулал цалин олгоход 2.6 тэрбум төгрөг зарцуулж, нэг хүнд дунджаар 92 сая төгрөгийн урамшуулал өгсөн нь нотлогджээ. Тэр ч бүү хэл уралдаан тэмцээнд амжилттай оролцсон гэсэн нэрийдлээр 28 хүнийг урамшуулахад нийт 180 сая төгрөг зарцуулж, нэг хүнд ойролцоогоор 26.3 сая төгрөг өгсөн гэсэнд дүгнэлт гаргасан байна. Энэ мэт асуудлаас болж өдгөө Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат шалгагдаж байгаа юм. Энэ бүхнээс харахад манай улс өргүй гэж хэлэх эрх хэнд ч байхгүй болчихлоо. АН-ын ах нарынхаа буянаар манай улсын эдийн засаг улам бүр уналтад орж, дээрээс нь зүгээр л нэг хүү төлдөг гадны орны халаасны “байгууллага” болох замдаа орж буй бололтой. Ямартай ч Хөгжлийн банктай холбоотой асуудал энэ долоо хоногийн бас нэг "хэрүүлийн алим" байх нь. Эцэст нь АН-ын нөхдүүдийн хэлсэнчлэн баримт нотолгоогүй гээд яриад байгаа зүйл нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шалгалт, Үндэсний аудитын газрын хоёр удаагийн шалгалт, Засгийн газраас байгуулагдан ажилласан ажлын хэсгийн шалгалт, УИХ-ын Байнгын хорооноос байгуулагдан ажилласан ажлын хэсгийн шалгалтын дүгнэлтээр тогтоогдчихоод байгааг хэлэх нь зүй байх. Гэтэл тэд үгүй гэж мэлзсээр л байх уу. Тэд намын бус, Монгол Улсын эрх ашгийг нэн түрүүнд тавих ёстой бус уу.
Зочин · 2016/12/26
ГОЛ ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛ БАТҮҮЛ ФОРТУНА ХАЛЗАН БАТТУЛГА ГУРАВ ШҮҮ.
Зочин · 2016/12/26
АН-д МЭРГЭШСЭН ХУЛГАЙЧ АНУ-ын ГАР ХӨЛ БОЛСОН ХҮМҮҮС ОЛОН БАЙДАГ УЧИР ТӨР БАРИХ БОЛГОНД УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСАГ ДОРОЙТДОГ ӨӨРСДӨӨР ТӨЛҮҮЛ