Нэгдүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн шинэ хуулиуд
2017/01/02
Өчигдөрөөс эхлэн хэрэгжээд буй шинэ хуулиудыг танилцуулж байна.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоолоо
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд нэг удаа шинэчлэн тогтоодог хуулийн зохицуулалт бий. 2013 оны есдүгээр сарын 1-нд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 мянган төгрөг байхаар заасан бол өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хуралдан тогтоол баталж 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмж 240 мянган төгрөг болгохоор шийдвэрлэсэн юм. Энэ нь өчигдөрөөс эхлэн хэрэгжинэ гэсэн үг.
Органик хүнсний тухай хууль хэрэгжиж эхэлсэн
Органик хүнсний тухай хууль хэрэгжиж эхэллээ. Энэ хуулиар органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх, органик хүнс, тэжээл, бордоо үйлдвэрлэх, тэдгээрийг баталгаажуулах, худалдах, импортлох, органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэх, сурталчлахтай холбогдсон харилцааг зохицуулах юм байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль хэрэгжиж эхэхллээ
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль хэрэгжиж эхлэв. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд 2016 оны хоёрдугаар сарын 5-нд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэхүү нэмэлт өөрчлөлтийн дагуу зарим аж ахуйн нэгжийн татвар буурах юм. Мөн үүнээс гадна иргэдийн дунд маш их хүлээлт үүсгэсэн нэг хууль бол Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль юм. Уг хууль нь ирэх хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх ажээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль сурталчлаад, энэ талаар сургалт мэдээлэл явуулаад байхад зөрчил гаргасан анхны тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэнэ. Харин удаа дараагийн үйлдэл гаргавал үүнийг гэмт хэрэг гэж үзэн албадах буюу холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж заажээ. Уг хуулиар эхнэр нөхөр, үр хүүхдийн хоорондын харилцааг зохицуулах төдий бус хамтран амьдрагчид, салсан гэр бүлийн асуудлыг ч хөндөж хамрах хүрээг нь өргөжүүлсэн. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн талаархи мэдээллийн сувгуудыг тэлэх, тэр дундаа хөршийн үүргийг тодорхойлж, удаа дараагийн гэмт үйлдлийг мэдээлээгүй айл хөршид хариуцлага тооцохоор болжээ. Цаашлаад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, хамтарсан баг хэрхэн ажиллах бүх зохицуулалтыг тодорхой болгосон байна.