-УИХ-ын гишүүн Н.Энхболд тэргүүтэй таван гишүүний боловсруулсан тэрхүү хуулийн төслүүдийг ердөө маргаашаас эхлээд Байнгын хороогоор оруулж, энэ долоо хоногтоо багтан чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх ажээ-

Намрын чуулганы нээлтээр УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль нь өөр, өөрийн онцлогтой тул нэг хуулиар зохицуулж байгааг өөрчилж, салангид өөр өөрийн онцлогт нийцсэн хуультай болох ажлыг шинэ УИХ хийнэ хэмээн мэдэгдсэн. Ингээд шинэ он гарахаас өрсөн ажлын гурав хоногт амжаад гишүүд УИХ-ын даргад 34 хуулийн төсөл, тогтоолын төсөл өргөн барьсны дотор нийгэмд тулгамдсан байж болох цаг үеийн шинжтэй хуулийн төслүүдээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг олонхийн бүлгийн зүгээс өргөн барьсан нь анхаарал татаж байна. УИХ-ын гишүүн Н.Энхболд тэргүүтэй таван гишүүний боловсруулсан тэрхүү хуулийн төслүүдийг ердөө маргаашаас эхлээд Байнгын хороогоор оруулж, энэ долоо хоногтоо багтан чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх ажээ.
Үндсэн хуулийг ч өөрчлөх хүчтэй болсон гэдгээ нуулгүй ярьж, аархаж байгаа МАН-ын 65-ын бүдүүн бүлгийнхэн энэ жилийн сонгуулийн тоглоомын дүрмийг өөрсдийн талд аятайхан өөрчлөхөд нь одоохондоо хэн ч саад хийж үл чадна.
Хэдий тийм ч сонгууль угтан өөрсдөдөө таацуулан өөрчилсөн хуулийн төслүүд өөрчилсөн эздэдээ ээл биш балаг болох жишиг ч сүүлийн үед ажиглагдаж байгаа. АН-ын удирдлагуудын үхэн хатан зүтгэж өөрчилсөн хуулийн төслүүд өнгөрсөн зун парламент дахь хүчний байрлалыг хэрхэн сольж тавьсныг улстөрчид мартаагүй яваа.
“Номер 1”-ийн төлөө эрх баригч намын зүгээс мэдээж хэрэг намын дарга нь нэр дэвших нь тодорхой болсон тухай хэвлэлүүд таамаглаж байгаа. Парламентын сонгуульд ялсан намын дарга гүйцэтгэх засаглалын тэргүүнээ авдаг жишгийг М.Энхболд дагаагүй, Ерөнхий сайдын албанаас хууль тогтоогчдын хуралдааныг даргалагчийн суудлыг илүүд үзсэн нь үүний илрэл гэдэг.
Улс орны нөхцөл байдал хүнд байгаа тул Засгийн газартай зууралдах нь эрсдэлтэй гэж үзсэн байж мэднэ, тэгээд ч гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглалаа ч үл ойшоон зөвхөн хууль хүчний байгууллагуудын эрх мэдлийг гартаа атгадаг “номер 1” гэх албан тушаалыг илүүд үзэх хандлага манай улс төрд зонхилох болсны нэг илрэл нь М.Энхболдын жишээ гэж харвал МАН-аас өрсөлдөгч нь тодорхой байна. “Номер 1” болчихвол бэлгэ тэмдэг төдий бус, харин ч өөрт байгаа эрх мэдэл, хүч чадлаа ашиглан улс төрийн талбарт яаж ч зоргоороо аашилж болно хэмээж, тэрхүү суудлын төлөө үхэн хатан зүтгэх улстөрчдийн балаг явж явж Монгол Улсыг дүр эсгэсэн “парламентын засаглал”-тай орон гэж нэрлэгдэхэд хүргэх вий дээ. Магадгүй ийм байдалд хүргэхийн төлөө л эрх баригчид үтэр түргэн хөдлөөд эхлэх шив.