Эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллаж байгаа эмч, багш нарын цалингийн хувь хэмжээг  нэмэгдүүлэх талаар Засгийн газарт шаардлага хүргүүлж, жагсаал зохион байгуулах гэж буйтай холбогдуулан өнөөдөр Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг нарын хүмүүс мэдээлэл хийлээ.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2012 онд жилийн эцсийн инфляцийн түвшин 14 хувь, 2013 оны есдүгээр сарын байдлаар 8.2 хувь буюу нийт инфляцийн түвшин 23.3 хувьтай байгаа аж. Мөн эдийн засгийн өсөлт 2012 онд 12.3 хувь, 2013 оны эхний хагас жилд 11.3, нийт 23,6 хувийн өсөлттэй байгаа учир цалин тэтгэврийг 46,5 хувиар нэмэгдүүлэх үндэслэлтэй гэх саналыг МҮЭХ-ноос Засгийн газарт хүргүүлээд байгаа юм байна.

Үүнтэй уялдуулж Боловсрол, Эрүүл мэндийн салбарын багш, эмч, нийт ажилтнууд цалингаа 40 хувь нэмэгдүүлэх тухайгаа удаа дараа мэдэгдэсэн  хэдий ч төр засгийн зүгээс дорвитой арга хэмжээ авахгүй байгаа учир тэд дуу хоолойгоо өөрсдийн биеэр хүргэхээр энэ сарын 08-ны өдөр буюу баасан гаригт Чингисийн талбайд жагсаал хийхээр болжээ.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар энэ талаар “Ирэх жилийнхээ төслийн төсвийг батлахын өмнө ингэж цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар ярьж байгаа нь дэвшил гэж үзэж байна. Гэхдээ шууд л 200 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж заах нь учир дутагдалтай. Учир нь энэ мөнгө нь илүү задаргаатай байх ёстой. Нийтэд нь бодоод үзэхээр цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж ердөө л найман хувиар нэмэгдэх тооцоо гарч байна. Өнөөгийн нөхцөлд энэ нь хангалттай нэмэгдэл болж чадахгүй. Тиймээс бид нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээр дээр энэ асуудлыг дахин төвих болно” гэсэн юм.

Мөн энэ үеэр Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар хэлэхдээ “2014 оны төсөв хэлэлцэж буйтай холбогдуулан Засгийн газарт багш, эмч ажилчдын цалин нэмэгдүүлэх тухай шаардлагыг бид өмнө нь хүргүүлсэн. Энэ шаардлагын хүрээнд хөдөлмөр нийгмийн зөвшилцөлийн гурван талт улсын хэлэлцээрийг өнгөрөгч сарын 23-нд эхлүүлсэн хэдий ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн ахиц өөрчлөлт гараагүй байна. Засгийн газраас цалин тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэхэд зориулж 200 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүний 100 тэрбум нь цалин, үлдсэн нь тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа" гэж онцоллоо.

Багш, эмч нарын ажлын нөхцөл хүнд, ачаалал ихтэй байдаг атал цалин маш бага байдаг. Тийм учраас эмч нар цалингаа 1-1.2 сая төгрөг, багш нар 600 мянга буюу түүнээс дээш болгохыг хүсч байгаа аж. Тодруубал, цэцэрлэгийн багш нар гэхэд бүтэн 10 цагийн турш 40-50 хүүхэдтэй ажиллаж байж дөнгөж 300 мянган төгрөгийн цалин авдаг гэнэ. Авсан цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй байнгын зээлтэй байдаг гэдгээ ч тэд хэллээ.

Эдийн засгийн өсөлт нь иргэн бүрт хүрч амьдралд нь дэмжлэг үзүүлж чадахгүй, амьдралын наад захын хэрэгцээ болсон өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүн, хувцас, орон байр, үйлчилгээний үнэ тариф өдрөөс өдөрт нэмэгдсээр байхад 2014 оны төсвийн төсөлд цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээнд 200 тэрбум төгрөг тусгасан нь хэтэрхий бага байгааг эмч, багш нар илэрхийлэв.

Хэрвээ саналыг нь хүлээн авахгүй бол МҮЭХ-ныхон гурван талт хэлэлцээрийн хамтын маргаан өрнүүлнэ гэж байгаа юм. Цаашлаад улс орон даяар ч ажил хаялт зарлаж магадгүй байгаа аж. Засгийн газрын зүгээс 2011 оноос хойш ганц ч удаа  цалинг нэмээгүй байгаа. Харин энэ хугацаанд бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин өссөн байдаг. Үүнээс үзвэл бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд цалингийн нэмэгдэл огт хамаагүй гэж МҮЭХ-ныхон хэлж байна.

МҮЭХ-ныхон улсын төсөв батлагдахаас өмнө цалинг нэмэх шаардлагаа хүргүүлж Засгийн газарт боломж олгосон. Харин цалинг нэмэх боломжийг Засгийн газрын зүгээс гаргах ёстой гэж МҮЭХ-ныхон үзэж байгаа аж. Мөн сүүлийн гурван жилийн инфляцийн түвшинтэй уялдуулж цалинг нэмэх шаардлагатай гэж байгаа гэдгээ ч мэдэгсэн юм.

Х.Даваа