Монголын ирээдүйн сэхээтнүүдэд далан мянга хэрэггүй
2013/11/07
Сонгууль нэрийн доор хатгайрсан халамж, тэтгэлэг өгдөг гээд хэлчихэд болно. Ерөнхийлөгчийн ивээл доор Оюутны тэтгэлэг нэрийдэн сар бүр далан мянган төгрөгийг өгөөд удаж байгаа. Тэгвэл ирэх оны төсөвт оюутнуудын сард олгох тэтгэлгийн хэмжээ нэмэгдэх үү, оютнуудад зарцуулж буй олон тэрбум төгрөгийг сургууль, цэцэрлэг барихад зарцуулах хэрэгтэй зэрэг асуудал гарч ирсэн.
Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг байнгын хороод, УИХ-ын нэгдсэн чуулганд хэлэлцэх үеэр ширүүн яригдаж эхэлсэн юм.
Дээрх хууль хэрэгжиж эхэлснээр өнгөрсөн жил их, дээд сургуулийн 165 мянган оюутанд 106 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгосон гэх тооцоо гарчээ.
Ирэх оны төсвийг Ерөнхий сайд хөөсрүүлэхгүй байх хэрэгтэй хэмээн гишүүдэд уриалсан. Тэгвэл энэ тэтгэлгийн мөнгөөр нэн тэргүүнд тулгамдаад байгаа сургууль цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэх байсан юм гэж үзэх хэсэг байхад суралцагчдын нийгмийн баталгаа болсон тэтгэлгийг үргэлжлүүлэн олгох, цаашид нэмэгдүүлэх шаардлагатай гэх нөгөө хэсэг бас байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хуулийг санаачлахдаа оюутнуудын нэн тэргүүний хэрэгцээ, нийгмийн баталгааг хангахыг чухалчилсан байх.
Дээрх хуульд өөрчлөлт оруулахаар Сангийн яамнаас хуулийн төслийг боловсруулаад байна. Хичээлийн нэг жилд олгох үндэсний тэтгэлгийн доод хэмжээ арван сарын турш сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэхээр байна гэж хуульд анх заасан. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд тодорхой боловсрол, тусгай мэргэжил шаардсан мөнгөний ажил, хөдөлмөрийн гэрээ болон тусгай ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтны хууль ёсны эрхийг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн хөлсний нийтээр дагавал зохих хамгийн доод хязгаарыг хэлнэ гэж заасан байдаг. Харин суралцагчдад олгож байгаа тэтгэлэг нь урамшууллын шинж чанартай учир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан нэмэгдүүлэх нь хуулийн зүйл заалттай нийцэхгүй гэж үзжээ. Хуульд орж буй гол өөрчлөлт нь тэтгэлгийн хэмжээг тухайн жилийн улсын төсөвтэй уялдуулан Засгийн газраас тогтоодог байх. Энэ оны есдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 мянга 400 төгрөг болж нэмэгдүүлсэн. Тиймээс нэг оюутанд олгож байгаа 70200 төгрөг 96200 болж өсөх ёстой. Гэвч ирэх жилийн төсвийн нөхцөл байдал хүндхэн, зардлаа танаж байгаа тул ядаж 70 мянгадаа бариулахыг хичээх шаардлага тулгараад байгаа юм.
Тэгвэл өчигдрийн УИХ-ын чуулганаар их, дээд сургуулийн оюутнуудад үндэсний тэтгэлэг олгох асуудлыг тусгасан Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Уг хуулийг хэлэлцэх явцад боловсролын үндэсний тэтгэлгийг суралцагчийн суралцаж буй сургууль аттестатчлагдсан, төгсөгчдийн 50-аас доошгүй хувь нь мэргэжлээрээ ажлын байраар хангагдсан сургуульд сурдаг, сурлагын амжилт гаргасан оюутанд 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн, арван сарын хугацаанд олгоно гэсэн өөрчлөлтийг төсөлд тусгах талаар гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Баярцогт "дээд боловсролын салбарт реформ хийх цаг болсон. Манайх шиг арван жилийн сургууль төгссөн бүх хүүхэд дээд сургуульд элсдэг улс орон Монголоос өөр дэлхийн хаана ч байхгүй. Манай дээд сургуулиуд соёлтой хадгаламж зээлийн хоршоо шиг ажилладаг. Эцэг, эхчүүдээс мөнгийг нь авчихаад, оюутнуудынхаа сурлагын чанар, төгсөөд ажлын байртай болоход сургуулиуд ер санаа тавьдаггүй. Үүнийг өөрчлөх болсон. Олон улсын жишгээр дээд сургуулиудыг төгсөгчдийн ажлын байраар хангагдсан байдлаар дүгнэдэг. Тиймээс Засгийн газарт нэг жилийн дотор дээд сургуулиудаа цэгцлэх, шинэчлэл хийх үүрэг өгсөн. Үндсэн шалгуур үзүүлэлтээ Засгийн газар өөрөө тогтооно. Мөн суралцагчдад ч шаардлага тавьж, чанартай сурч буй оюутанд тэтгэлэг олгох нь зүйтэй" гэв.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Өндөр хөгжилтэй орнуудад ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 70-80 хувь нь мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамрагддаг. Түүнээс цааш дээд сургуульд элсэн суралцах боломж байдаг. Гэтэл Монголд урвуу жишиг тогтчихоод байгаад дүгнэлт хийх цаг болсон. Тиймээс мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн сарын тэтгэлгийн 45 мянга биш 70 мянга болгоё гэсэн төсөл оруулсан" хэмээн онцоллоо.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Я.Содбаатар "Оюутны тэтгэлэг олгох санаачилга Ерөнгхийлөгчийн сонгуулийн амлалт байсан. Оюутан болгонд мөнгөн тэтгэлэг өгнө гэж мөрийн хөтөлбөртөө тусгаад явсныг мартах болоогүй. Одоо амлалтаасаа буцах гэж" байна гэж шүүмжлэв. Ийн оюутнуудад сар бүр үндэсний тэтгэлэг олгох асуудлыг тойрон гишүүд байр сууриа илэрхийлцгээв.
Энэхүү тэтгэлгийг сурлагын дүнгийн харгалзан үзэж өгье гэж үзэх хүн ч олон бий. Гэхдээ их, дээд сургууллийн оюутнууд өөрсдийн төлөө суралцаж буй гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгч асуудал гардаг. Жишээлбэл, нийгэмд ихэнхи оюутныг далан мянгаа аваад шоу, амралт зугаалганд зарцуулдаг хэмээн шүүмжилдэг билээ. Энэ нь ч оргүй хоосон зүйл биш ортой л...
Оюутны 70 мянган төгрөгийг нийт 160 мянган оюутнууд авдаг байна. холбооноос гаргасан Оюутны 70 мянгыг оюутнууд юунд зарцуулдаг тухай ийм судалгааг МОХ гаргажээ! Уг судалгааны хариуд 60-65 хувь нь сургалтын төлбөр, 20 хувь нь лизенгээр бараа худалдаж авсан мөн 10 хувь нь дотуур байр, хоол хүнс зэрэг бусад зүйлсдээ зарцуулдаг гэх хариу гарчээ.
Уг судалгааны хариуг харвал хөөрхий оюутнуудад өгчихмөөр ч юм шиг. Нэгэн жиргээч оюутан ийн жиргэлээ. "Би оюутны далан мянгаараа ном авдаг бас зураг зурах хэрэгсэлдээ зарцуулаад дуусдаг. Эдгээр зүйлсээ авахаа бодохоор далан мянгаа авмаар ч. Харин ирээдүйгээ бодохоор энэ тэтгэлгийг авмааргүй байна" хэмээн жиргэж байна.
Оюутнууд минь өнөөдрөөрөө биш ирээдүйгээ харж буй оюунлаг улс. Тиймээс энэ тэтгэлгээр хэрэгтэй зүйлдээ зарцуулдаг нэгэн ч байгаа аваад буруу зүйлд ашигладаг нөгөө хэсэг нөхөд ч бийг үгүйсгэх аргагүй юм.
Сурлага сайтай оюутнууд өөрсдийн төлбөрөө зовох зүйлгүй олчихдог цаг. Учир нь ХААН банк 250 оюутанг тэтгэлэгт хамруулж, Голомт банк 100 оюутанд мөн адил сургалтын тэтгэлгийг олгодог болсон.
Мөн хувийн хэвшлийн байгууллага болон "Зориг" сангаас авахуулаад үнэхээр сурлагатай оюутнуудад харамгуй гэраа сунгадаг. Тиймээс энэ олон газруудаас чадварлаг та мөн л бол тоглгойгоороо их сургуулийн төлбөрөө олчихно. Ийм боломж нээлттэй байхад энэ их хавтгайруулж өгч буй 70 мянгыг 96 мянга болгоод байх шаардлагагүй гэдгийг эргээд нэг бодож үзээсэй билээ.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Та нар оюутны тэтгэлгийг өгвөл өг, боливол боль. Сургууль, суралцагчдад шалгуур тавьсан нэрээр болиулах гэж байна. С.Баярцогт Сангийн сайд байхдаа оюутны тэтгэлгийг бий болгосон. Одоо болиулчихаад, сонгууль болоход бид шалгуур үзүүлэлт гаргасан гэж ард иргэдийн амыг таглах гэж байна гэж" өчигдрийн чуулганаар шүүмжлэсэн. Түүний энэ үгийг ч бас бодолцмоор. Ер нь тус тэтгэлгийг өгөхөө зогсоовол зохилтой. Тэгээд тэр багачуудынхаа цэцэрлэг, сургуулийг нь барих зардалд 106 тэрбумаа зарцуулах нь зүйд нийцэлтэй.
Х.Даваа