Ах, дүү амраг саднаа өөд нь татах аян үргэлжилж байна. Энэ удаад боловс­ролын  салбарт боловсон хүчний “шахааны бизнес” ид хүчээ авч, их захгүй үймэх аж.

УИХ-ын сонгуулиас хойш төрийн алба төрлийн болж, дарга нарын сэнтий АН-ын фракцуудын бялуу хуваалт болсныг хэн хүнгүй мэдэж буй.

Яамд, төрийн албаны газрын дарга нар АН-ын томчуудын төрлөөр солигдож, Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоо нь фракцуудын тохирол­цоогоор яваг­даж дуу­саад одоо хуваах зүйл дуус­­лаа гэж бодтол үгүй байж. Харин ч боловсролын сал­барт боловсон хүч­ний “шахааны бизнес” ид өрнөж байна.


Боловсрол, шинжлэх ухаа­ны яамнаас төрийн өмчит их сур­гуулиудын захирлын сонгон шал­га­руулалтыг нэг­дүгээр сарын эхээр зарлаж 2013 оны   нэгдүгээр сарын 28-ны өдөр хүртэл захирлын албан тушаалд өрсөлдөх хүмүүсийн материалыг хүлээн авсан билээ. Энэ хугацаанд  МУИС-иас 10, ХААИС-иас 10, ШУТИС-иас 14, ЭМШУИС-иас 16 нийт 50 хүн нэрээ дэвшүүлж  материалаа ирүүлжээ.

Эдгээр иргэдийн материалыг БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар томилогдсон ком­мис   шалгаруулах учиртай. Тэг­вэл Төрийн албаны зөв­лө­лөөс өгсөн чиглэлийн дагуу сонгон шалгаруулалтын үйл ажил­лагааг гуравдугаар сард явуу­ла­хаар хойшилсон байх юм. Өдгөө гуравдугаар сар хэдийнэ гарч төрийн өмчит их сургуулиудын захирлыг сонгон шалгаруулалт ч АН-ынхны зооглох амттай “бялуу”-нд тооцогдож байна.

Их сургуулийн ажлаа мэддэг, мэдлэг чадвар өндөртэй боловсон хүчнийг сонгох учиртай ч энэ удаад мөн адил намын харьяаллаар ялгаварлан гадуурхаж, ах намын гэх сэтэр зүүлгэж, их цэвэрлэгээгээр арчиж байгаа бололтой. Олон жилийн турш “гудамж метр”-лэж, хоосон ходоодтой хорвоог тольдож явсан Ард­чил­лынхан ирээдүйн зам мөрөө тэгшлэхийн тулд энэ удаагийн дөрвөн жилийг үр бүтээлтэй өнгөрөөх нь юу юунаас илүү чухал.

Нэг л олдох энэ боломжийг ганцаараа өөрөө бус ах, дүү амраг садан, найз нөхөд гээд тойрон хүрээлэгчдээ ч амтлуулах хэрэгтэй. Иймээс л шаргуу хөдөлмөрлөж, зай завсаргүй чигчиж байгаа нь энэ. Сургуульдаа олон жил багшилсан, өндөр мэдлэг боловсролтой, ажлын дадлага туршлагатай, доктор профессорууд 50 нэр дэвшигч дунд олон бий ч АН-ынхны шаардлагад нийцэхгүй тухай эл хүрээнийхэн учирлаж байна.

Учир нь эрх баригч намын шалгуур нь “Та аль фракцийн хүн бэ” гэх асуулт. Энэ асуултад үнэн зөв хариулсан хүн сонгон шалгаруулалтад тэнцэх учиртай гэнэ. Гэхдээ тэдний хариултаас илүүтэй фракцийн удирдлагуудын яриа тэдний амьдралыг шийднэ. АН доторх хүчтэй фракциуд бусдаасаа арай даавуу байдлаар оролцоно гэх явган яриа ч байна лээ. Иймээс хэн хэний нөмөрт байна, мөн хэр сайн далдаганаж, долигоно түүний амьдрал дээшилнэ. Зарчим ердөө л энэ.


Тухайлбал, МУИС-ийн захирлын суудлын төлөө 10 хүн нэрээ дэвшүүлэн өрсөлдөж буй. Эдгээр дотор МУИС-ийн Мэдээлэл технологийн сургуулийн захирал асан, доктор профессор гээд олон хүн бий. Гэхдээ тэд заагдсан шалгуурт тэнцэж байгаа ч улс төрийн бялуунаас хүртэхэд төрөл садангийн хэлхээ холбоо тээг хийгээд амаргүй байгаа бололтой.

Ямартаа л тэд УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн дүү МУИС-ийн проректор Р.Рин­чин­базар МУИС-ийн захир­лаар сонгогдох нь тодорхой боллоо хэмээн шив­нэлдэж, материалаа татах талаар ч ярилцаж эхэлсэн юм байх. Түүнчлэн ХААИС-д мөн л 10 хүн нэр дэвшиж өрсөлдөж байгаа. Манай улс хөдөө аж ахуй голлодгийн хувьд мэргэжилтэн бэлтгэдэг энэхүү их сургуулийн захирлын суудал чухал ач холбогдолтой.

Гэвч энэ талбарт УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ах, Хөдөлмөрийн дээд сургуулийн захирал Ж.Батчулуун томи­логдох нь тодорхой гэх яриа ч амнаас ам дамжиж эхэл­лээ. Мөн ЭМШУИС-ийн захиралд хамгийн олон буюу 16 хүн нэр дэвшсэн.

Энэ дунд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын дүү Н.Сүмбэрзул, УИХ-ын дарга З.Энхболдын нутгийн хүн Д.Мэндсайхан, АН-ын гишүүн Цэрэнчунт гээд бялуу хуваалцах хүн олон бий. Н.Сүмбэрзулын тухайд захирлын үүрэг гүйцэтгэгч гэх гуншинтай. Сайхан ахын буян дааж амьдрах гэж яваа нэгэн гэх яриа ч салбарынхан дунд нь тэнэх нь бий.

Харин н.Цэрэнчунтын тухайд АН-аас нэр дэвшиж, өвдөг шороодож явсан нэгэн гэдгийг нь зарим хүмүүс андахгүй. Иймээс про­ректор Д.Мэндсайхан, багш доктор Д.Даваадорж зэрэг эрх­мүүдэд сонгон шалга­руу­лалтаас нэрээ татсан дээр бололтой.

ШУТИС-ын захирлын сууд­лын төлөө 14 хүн нэр дэвшин өрсөлдөж байгаа дотор төрийн шагналт, академич, профессор Д.Содномдорж, тус сургуулийн багш н.Энхбат гээд мэдлэг боловсролтой хүмүүс мөн л олон бий.

Гэвч шалгаруулалт АН-ынхны дунд хэдийнэ явагдаж СЭЗДС-ийн дэд захирал, АН-ын “Алтангадас” фракцийн угшилтай Ж.Сүх­баатар томилогдох магад­лал өндөртэйд тооцогдох болжээ. Ийнхүү албан тушаалын тохиролцоо хэ­дийнэ явагдаад дууссан аж. Гагцхүү энэ бүх­нээ нийтэд мэдээллэх л үлдээд байгаа гэнэ.


Л.Нинж