Төрийн эрхийг барьж буй МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн мягмар гарагт хуралдахдаа УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахгүй байх улс төрийн шийдвэрт хүрчээ. Хэдийгээр тэд үүнийгээ гишүүдийн ирц бүрдэхгүй зэргээр тайлбарлаж байгаа ч ОУВС-гийн удирдлагуудтай ирэх сарын эхээр уулзахаар тохирсон нь хамгийн том шалтгаан болжээ-





Өвчтөнөөр бол эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй Монгол Улсын эдийн засаг "амь гарах" эсэх нь зөвхөн цаг хугацааны асуудал болоод удаж байна. Гэвч "хямрал" гэх оноштой үхэл сэхлийн заагт амь тэмцэн хэвтэх манай улсад "өвчин"-өө эдгээх эм, тарианы нөөц байхгүй нь харамсалтай. Ямар сайндаа л эрх баригчид эдийн засгаа "эмчлэх"-ийн тулд харь орноос "гуйлга" гуйх, олон улсын ямарваа нэгэн зээл хийгээд тусламжид хамрагдах зэргээр өөрсдийн бүхий л нөөц, боломжийг ашиглаж явна.
Үүний нэг нь, Монгол Улсын Засгийн газар бүтэн зургаан сар хэлэлцээр хийж, хөөцөлдсөний эцэст хэд, хэдэн төрлийн татварыг нэмэх болзолтойгоор ОУВС-гийн зээлд хамрагдах эрхийг өвөртөлсөн явдал юм. Үүнтэй холбогдуулан сар шинийн баярын өмнөхөн Засгийн газрын ээлжит хуралдаанаас 2017 оны төсвийн тодотголд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрийг гаргаж, УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.
Учир нь, ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт хамрагдахын тулд манай улсын Засгийн газар тэдний тавьсан шаардлага болох олон төрлийн татварыг нэмэх эсэх эцсийн шийдвэрийг УИХ-аар хэлэлцэн гаргах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, Сангийн яамнаас өргөн барьсан 2017 оны төсвийн тодотголд нэмэлт, өөрчлөлт оруулах шинэхэн "хувилбар"-ыг УИХ-аар хэлэлцэн баталсны дараа л ОУВС-гийн удирдлагууд дараагийн алхамдаа шилжиж, өөрсдийн зээлдээ хамруулах эсэхээ шийднэ.
Ийм эгзэгтэй үед бүтэн зургаан сар зовж байж арай гэж олж авсан эдийн засгаа эмчлэх "эрхийн бичиг"-ээ хэрхэн ашиглах эсэхийг өнөөгийн эрх баригчид цаг алдалгүй шийдэх учиртай бөгөөд тэр хэрээр олон нийтийн дунд хүлээлт үүсээд буй. Нэг үгээр хэлбэл, улстөрчид төдийгүй иргэдийн зүгээс УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж, ОУВС-гаас тавьсан "болзол"-д хариу өгнө хэмээн харж байсан нь илт.
Тэгвэл төрийн эрхийг барьж буй МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн мягмар гарагт хуралдахдаа УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааныг зарлахгүй байх улс төрийн шийдвэрт хүрчээ. Ээлжит бус зарлахгүй байх шийдвэрээ тэд гишүүдийн ирц бүрдэхгүй зэрэг хэд, хэдэн шалтгаанаар тайлбарлаж байгаа ч ОУВС-гийн удирдлагуудтай ирэх сарын эхээр уулзахаар тохирсон нь ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахгүй байх хамгийн том шалтгаан болжээ. Учир нь, УИХ-ын 65-ын бүлэг ОУВС-гийн зээлд хамрагдах эсэх асуудалд улс төрийн нэгдсэн шийдэлд хүрсэн гэж үзсэнтэй холбоотой гэнэ.
Өөрөөр хэлбэл, тэд ирэх сарын 5-нд нээлтэй хийх УИХ-ын хаврын ээлжит чуулганы эхний долоо хоногтоо багтаж, асуудлыг нэг тийш нь шийдэж чадна гэж тооцоолсон байна. Энэ нь хэдийгээр ОУВС-гийн зээлд хамрагдах эсэх асуудалд өнгөрсөн хугацаанд гишүүд янз бүрийн байр суурийг илэрхийлж байсан ч 65-ын бүлэг эцсийн шийдэлд хүрч, нэг үзүүрт байр сууриа нэгтгэж чадсан гэсэн үг. Тиймээс ч ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагагүй гэж эрх баригчид үзсэн нь лавтай. Тиймдээ ч өнгөрсөн мягмар гарагт МАН-ын Удирдах зөвлөлөөс дээрх шийдвэрийг гаргасан байхыг үгүйсгэхгүй.
Мэдээж дээр хэлсэнчлэн УИХ-аар Засгийн газрын өргөн мэдүүлсэн 2017 оны төсвийн тодотголд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцээгүй тохиолдолд Монгол Улс ОУВС-гийн зээлд хамрагдаж чадахгүй. Хууль, эрх зүйн талаасаа ч тийм боломж байхгүй гэдгийг дээр, дооргүй л мэдэж байгаа. Тэгээд ч Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт хамрагдахын тулд зарим төрлийн татвар нэмэх, төсвийн зарлагыг танах чиглэлээр хэд, хэдэн заалтыг 2017 оны төсвийн төсөлд тусгасныг Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэвлэлд өгсөн хэд, хэдэн ярилцлагадаа дурьдсан байдаг.
Тэр ч битгий хэл, зарим эдийн засагч "ОУВС-гийн зээл бол Монгол Улс эдийн засгийн хямралаас гарах хамгийн сүүлчийн боломж" гэдгийг ч онцолсон удаатай. Олон нийтийн зүгээс ч тэр "хямарсан дээрээ улам хямарна" гэдгээ ч сайн мэдэж байгаа билээ.
Харин УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд ОУВС-гийн төлөөлөгчидтэй өчигдөр уулзаж, манай улсад хэрэгжүүлэхээр санал тавьсан “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-ийн талаар санал солилцжээ. Гэхдээ тэд эрх баригчдаас ялгаатай нь нэгдсэн мэдээлэлтэй болсныхоо дараа байр сууриа нэгтгэхээр төлөвлөсөн талаар эх сурвалж өгүүлэв. Энэ үеэр ОУВС-гийнхан хүртэл манай улсын Засгийн газар төслөө боловсруулж, улмаар УИХ-ын чуулганы хуралдаанаас гарах шийдвэрийг тэвчээртэй хүлээж байгаагаа ч уламжилсан сурагтай.
Энэ бүхнийг тооцоолсон эрх баригчид "Энэ асуудалд улс төрийн яман нэгэн талцал, хагарал байхгүй, байлаа ч 65-ын бүлэг олонхиороо хүч түрэн баталчихна" гэж үзсэн учраас л ирэх сарын эхэнд УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийсэн даруйд асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр тохиролцсон байж ч мэдэх юм. Нөгөөтэйгүүр тэд олон нийт төдийгүй улс төрийн хүрээнийхэн дунд битүүхэн хүлээлтийг үүсгээд байгаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг ээлжит бусаар хуралдуулах шаардлагагүй гэж үзсэн нь ОУВС-гийн удирдлагуудтай ирэх сарын эхээр уулзахаар тохиролцсонтой ч холбоотой байхыг үгүйсгэхгүй.
Ямартай ч манай улс бүтэн зургаан сар гэрээ, хэлэлцээр хийж явсны үр дүнд ОУВС-гийн зээлд хамрагдахаар болсон. Өөрөөр хэлбэл, өвчтөнөөр бол эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй эдийн засгаа "эмчлэх" санхүүжилтийг олон улсын зах зээлээс зээлийн шугамаар босгох үүдээ нээсэн. Гагцхүү түүнийгээ хэзээ ашиглаж, тэрхүү зээлдээ хэдийнээс хамрагдаж эхлэхийг ирэх сард шийдэх нь бололтой.