Хүчин
2013/11/18
Хүчин мөхөс хоёр. Зусар зулгуй хоёр. Монгол төрийн эрхэнд буй дөрвөн нам, эвсэлийг эдгээрээр төлөөлж, мөн чанарыг таньж болохоор байна. Хүчин гэдэг бол хэлзүйн талаасаа хоёрдмол утга байхгүй, хүч хэрэглэх гэсэн л утгатай үг.
Харин ойлголтын тухайд олон янз. Хүчин гэхээр нэг бол их муухай гэмт хэрэг ойлгогдоно. Нөгөө бол улс төрийн хүчин ч гэж ойлгож, ярьж болдог. Гэвч аль аль нь үндсэн утга болох хүч хэрэглэх гэсэн агуулгаасаа гаждаггүй.
Энэ удаад ч ялгаагүй, хүчин гэх үгийг улс төрийн хүчний тухайд онцлон хэрэглэж буй ч гэлээ агуулгын хувьд мөнөөх утгаас гажихгүй.
Ардчилсан нам Монголын улс төрд хүч хэрэглэж байна гэх үг шүүмжлэл сүүлийн үед их сонсогдох болсон. Эхэндээ үүнийг ялагдсан намын хэл ам, ул шагайгч цөөнхийн сэтгэлзүй хэмээн олон хүн бодож байлаа. Гэтэл хэрэг явдал эртнээс бишдэж ирснийг бид анзаарсангүй. Ардчилсан нам засгийн эрхэнд гармагцаа ардчилсан бус арга барилаар ажиллаж, өөрсдийн мөн чанараа гээж орхижээ. Тэд тэмцэж, эсэргүүцэж, үзэн ядаж байсан бүхнийхээ талд орж зогсохыг харлаа. Үүнийг урвалт гэнэ. Тэд хэлж, ярьж, бичиж, хэвлэж байсан бүхнээ өнгө урвуулж, гоёчилдог, лоозогнодог, хошгируулдаг, холбирдог болж. Үүнийг хууралт гэнэ. Тэд эрх мэдэлд хүрмэгцээ юм л бол хаана, цуцална, хорино, цагдана, хашна, нураана гэх болсон. Үүнийг хүчин гэдэг билээ. Хүчин бол гэмт хэрэг. Хүсээгүй, дургүй байхад нь хүч хэрэглэхийг хэлж буй хэрэг. Гэтэл АН хүч хэрэглэх арга барилыг өөрсдөдөө тохируулан хэрэглэж байна. Түүгээр ч зогсохгүй, үүнийгээ ардчиллын зарчмаар зөвтгөж байгаа нь хачин. Ёгтолбол, гурван хүний олонх буюу хоёрынх нь зөв байна гэсэн санаа. Ардчилсан үзэл санааны тулгуур зарчим л даа. Гэвч буруугаар мушгиж хэрэглэвэл тийм ч таалаад байхаар зарчим бас биш. Жишээ татая. Гурван хүний хоёрынх нь саналаар буюу хоёр эрэгтэй нь санал нэгдэж зөвшсөнөөр нэг эмэгтэйгээ хүсээгүй байхад нь хүч хэрэглэхийг олонхийн саналаар шийдсэн тул хэмээн зөвтгөж болох нь л дээ. Ийм тохиолдлыг таашааж болно гэж үү.
Гэтэл санамсаргүй тохиолдлоор монголчууд АН-ыг ардчилсан хүчин хэмээн нэрийдэх. Мэдээж энд үүнийг ёгт санаагаар хэрэглэж байгааг ойлгож буй биз ээ. Шулуухан хэлэхэд, АН төрийн толгойд гарч ирмэгцээ хүчийг үзүүлэх, хүчин хэрэглэх арга барилыг илүүтэй ашиглаж байх шиг. Санахад ардчилсан хүчин 1996 онд төрийн эрхэнд байхдаа ч ийм хүчтэй байгаагүй. Тухайн үед тэд магадгүй жинхэнээсээ ардчилсан байсан байх гэж одоо бодогддог. Тэд цөөнхөө хүндэтгэдэг, сөрөг хүчний дуу хоолойг хүлээн зөвшөөрдөг, хүч хэрэглэдэггүй, хорьдоггүй, цагддаггүй байлаа. Сөрөг хүчнийхээ үгээр Засгийн газраа шууд л халж сольж байхдаа тэд ардчиллыг хэрэгжүүлж байна л гэж итгэж байлаа.
Гэтэл ардчилалд хэт үнэнч байснаараа тэд эрх мэдлээ маш хялбархан алдчихсан юм. Эрх мэдлийг ардчиллаар олж авдаг ч атгандаа барьж байхын тулд хүчээ ашиглах ёстойг тэд ойлгосон ч чилийсэн арваад жилийг хүлээхийн гачлан дунд өнгөрөөжээ. Ингээд 2013 онд тэд эрхбиш нэг эрх мэдлийг олж авав. Өдгөө тэд 1996 оны зургаан ойтой нялх ардчилагчид биш, хэзээний эрийн цээнд хүрсэн улс төрийн хүчин болж өссөн байлаа. Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуульд дараалан ялалт байгуулснаар эрх мэдлийн жолоон дээр эргэлзээгүй суулаа. Одоо тэдэнд өмнөх алдаагаа давтах эрх байхгүй. Иймээс эрх мэдлээ улам бататгахын тулд ардчиллын зарим зарчмаасаа ухарч эхлэв.
Юун түрүүнд өрсөлдөгч улс төрийн хүчин, сөргөлдөгч улс төрийн үзэл санааг нухчин дарахаар хүч түрэмгийлсэн алхмуудыг хэрэгжүүллээ. Үүнд Н.Энхбаярыг дарж авсан туйлын чадварлаг үзэгдэл гол байр эзэлнэ. Хэн ч хаанаас нь ч харсан, энэ бол улс төрийн зорилго, агуулга бүхий АН-ын зохион байгуулсан операци байсан билээ. Н.Энхбаяртай хийсэн энэ тэмцэл хуучин төрийн олон ч томчуудыг дахин өндөлзөхгүй болгоход нөлөөлсөн дөө. Анхандаа авилгатай сүрхий тэмцэж байна гэж ам сайтай байлаа, ард олон. Гэтэл цаашдаа мөнөөх тэмцэл нь арай л хэлбийгээд явчихсан юм. Хаашаа хэлбийсэн бэ гэхээр, сөргөлдөгч өрсөлдөгч бүхнээ айлгадаг, сүрдүүлдэг хэрэгсэл болж хувирав. Авилгатай тэмцэх газар нь аюул занал таригч “До яам”-наас дутуугүй аашилж, авилгатай тэмцэх нэрийн нэрийн дор АН-ын хүсэл сонирхолд харшлагч эрхмүүдийг л түүвэрлэн шалгадаг байгууллага болсон гэхэд хилсдэхгүй. Ардчилсан намаас хэнийг ч шалгасангүй. Авлига дандаа л “дайсны тал”-аас илэрдэг болов. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн өмнө МАН-ын баахан Засаг дарга нарыг авлигын хэрэгт сэжиглэн шалгаж эхэлсэн. Тэгснээ сонгууль өнгөрсний дараа бүгд хэрэгсэхгүй болж сонинтов. Дорноговь аймагт нэр дэвшиж ялах магадлалтай байсан гэх “Магнай трейд”-ийн Ц.Анандбазарыг бүр барьж хориод, сонгуулийн нэр дэвшүүлэх хугацаа өнгөрмөгц суллаж орхижээ. Улаан цагаандаа гарсан энэ мэт хүчинг АН мөн ч олныг хийх шинжтэй байна. МАН-ын нэр хаягтай бүхнийг барьж, хорьж, тандаж шалгаж байгаа сурагтай. Авлигатай тэмцэх газартай нэр холбогдоогүй цэвэр үлдсэн эрхэм МАН-ын удирдлагын хүрээнд үлдэв үү дээ, мэдэхгүй. С.Баяр, Т.Бадамжунай, Г.Мөнхбаяр, Ё.Отгонбаяр, У.Хүрэлсүх, Б.Билэгт, Д.Зоригт, Ц.Батбаяр, Ч.Ганзориг, Б.Батзориг, Л.Амгалан... Эдгээр жагсаалт ирэх гурван жил цаашаа нэлээн хөврөх биз.
Түүнчлэн АН сүүлийн үед үзэл суртлын талбарт хүч хэрэглэн чамгүй амжилт олох төлөвтэй байна. Тэд ардчиллыг өмчлөх нэн шинэ суртал хэрэгжүүлэх болов. АН-ыг эсэргүүцэж, шүүмжилж, сөрж буй хэн бүхнийг ардчиллын эсрэг болгож харагдуулдаг болж ирэв. Энэ бол маш аюултай хандлага юм. Энэ нь хэн ч АН-ыг шүүмжлэх, сөрөх ёсгүй гэсэн түрэмгий суртал руу хөтөлнө. Энд нэгэн зүйлийг тодотгоход ардчилсан үзэл санаа, АН хоёр бол өөр. Зөвхөн АН-ыг дэмжих нь ардчиллыг дэмжигчийн шалгуур ерөөсөө биш. Монголчууд бүгдээрээ ардчиллыг, ардчилсан үзэл санааг дэмждэг. Үүнийг бүгд АН-ыг дэмждэг мэтээр хэвшүүлэхийн төлөө оролдох болжээ. Тиймдээ ардчиллаас өөр үзэл санаа буюу АН-аас өөр улс төрийн хүчнээс татгалзах сэтгэлзүйг ард олонд тулгах болсон. Аажимдаа үзэл суртлын хуваагдал талцал бий болж, дээрхээс сөрөг байр суурь баримталсан нь эсэргүү нэр зүүх, адлагдах, жигшигдэх байдал руу хальтрах вий дээ.
Ямартай ч өнгөрсөн 70 жилийн түүхтэй холбоотой бүхнийг устган сөнөөх, өөрчлөн шинэчлэх их суртлыг тэд дэлгэрүүлж эхэллээ. В.И.Лениний хөшөөг нурааж, Д.Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгож, сурах бичгүүдээс тухайн үеийн түүхийг ишилсэн бүхнийг хасч, ардын хувьсгалын ойгоос татгалзаж, энэ бүхнийгээ хүчээр тулгах болов. Хамгийн ихээр тунхаглан зарладаг нөгөө олонхиороо шийдэх зарчмаасаа ч татгалзан, олон нийтийн илт дургүйцэж, эсэргүүцэж буй зүйлийг АН-ын лүндэн болгож буулгах нь ч ихсэв. Түүгээр ч зогсохгүй, одоо цагаан толгой, зөв бичгийн дүрмээ өөрчилж, олон нийтээрээ дагаж мөрдөх хэрэгтэй гэж тулгаж эхлэв. Шинэ засаглалын үед цагаан толгой нь хүртэл шинэ байх ёстой гэнэ. Социализмын эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн зохиосон цагаан толгой, зөв бичих дүрэм ардчиллын эринд тохирохгүй, нийцэхгүй гэж үзсэн аж. Ингээд 700 үгийг өөрчилж бичих тухай дүрэмдэж байсан засаг маань ирэх оноос зөв бичих дүрмийг бүрэн өөрчилсөн толь бичиг гаргах гэж байна. Бичиг үсэг хэрэглэдэг бүх л хүн тэр толийг худалдаж авахыг тулган шаардах юм байх. Энэхүү ажлын албыг даргалж буй АН-ын нэгэн эрхэм бүр “Хэрвээ шинэ хэлзүйн дүрмийг мөрдөхгүй бол торгоно, шийтгэнэ. Ийм хууль гаргах хэрэгтэй. Хэдий болтол ард иргэдийн сэтгэлзүйг дагах юм бэ. Тэдэнд дөрлөгдөж явахаа болих хэрэгтэй. Өөрчлөх, шинэчлэх зүйлээ хэрэгжүүлэхдээ хатуу байх нь зөв” гэж ярьж байхыг үзэв. Ийм дуу хоолой, ийм байр суурь ардчиллынх мөн гэж үү. Эрх мэдэлдээ цатгалдаж эхэлж буй анархизмын үр хөврөл биш үү.
Нэг улс төрийн хүчнээс нөгөөд засаглах эрх шилжиж байгаа үед төрийн албан хаагчид цом¬хотгол нэрээр ажилгүй болох магадлал ажиглагддаг. Аль ч засгийн үед болдог л зүйл. Гэвч АН-ын ялгаа нь намын харьяаллаар ялгаварлаж ажлаас халах, солихын эсрэг явж ирсэн нам. Тиймдээ ч энэ засгийн үед төрийн албан хаагчид маань намын харьяаллаас түдгэлзсэн. Гэтэл МАН-ын угшилтай албан тушаалтнуудыг халж сольсон хэрэг харин ч нэг тоогоо алдсан даа, энэ засгийн үед. Тэр байтугай, олонх болсон нам нь Засаг даргаа томилдог хуулиа хүртэл үл хэрэгсэж, өөрийн намын хүнээ үүрэг гүйцэтгэгчээр томилон муйхарлаж байсан удаа хэд хэд бий.
Ардчилсан нам энэ удаад засаглахдаа ардчилсан зарчмыг бус хүчийг шүтэж буй нь өөр олон жишээ баримтаар тодордог юм. Энэ засгийн үед хүмүүс хувийн өмчийн машинаа хүссэн өдрөө унаад явах эрхгүй болов. Тэдний шүүмжилдэг коммунист засагтай Хятадад л ингэдэг. Энэ засгийн үед чөлөөт сувгийн 20 телевиз хаагдаж, зөвшөөрлийг нь цуцлав. Тэдний дургүйцдэг хаагдмал боогдмол эрх чөлөөтэй оронд л тэгдэг. Энэ засгийн үед иргэн хүн сэтгэгдэл бичих эрхийг хаан боогдуулав. Тэдний үзэн яддаг өмнөх зуунд л хүний хэлэх үгийг төр нь хорьдог, хянадаг, хазаарладаг. Тэгэхээр энэ засаг чухамдаа ардчилсан засаг мөн үү гэдэгт эргэлзэхэд хүргэж байна. Нобелийн шагналт Ан Сан Су Чи манай оронд ирээд “Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас аюултай” гэж дэмий ч нэг хэлчихээгүй бололтой. Энэ бүхэн Ардчилсан намд зохихгүй байгаа ч тэд няцах бодолгүй байна. Учир нь эрх мэдэл их удаж ирсэн. Эргээд тавиад туучихаасаа өмнө ид хавыг нь үзчихмээр санагдах нь аргагүй. Эрх мэдлээр ямар л их хагсарсан нам болохоороо ардчилсан маягийн “хүчин” хийх вэ дээ. Гэтэл хүчин бол их муухай гэмт хэрэг гэдэг шүү,
“NT” © Д.ДАМДИНЖАВ
hehe · 2013/11/20
******t huchin gevel?
Зочин · 2013/11/19
sorog huchin gevel yu boloh uu huchingiin hariu huchin uu
Зочин · 2013/11/19
ardchilsan nam heterhii ih huch hereglej ardchilsan daranguila****d bolj baiga ni unenshdee ene uwsiin ***** altan gadas ch gene uu heden horon sanaat ibrai taishiin ur sadal da hezeenees mongol tumeniig uzen yadaj irsen zasgiin erhiig bulaatsalddag ***iin uls baisan yum. ardiin namiin awilgaliin suljee ardchilsan namd shiljseneer mongol uls awilgaaraa delhiid 2 t baiga bizde udahgui tasraad tsoiloh bizde.