Цагаан сараар гурван өдөр амардаг болох төслийг байнгын хороо дэмжлээ
2013/11/18
Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, эхлээд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, Үндэсний их баяр наадмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Харин хуулийн төслийг санаачлан өргөн барьсан гишүүдийн нэг болох гишүүн Г.Батхүү төсөл санаачлагчдын саналаар уг хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах санал гаргасныг гишүүн М.Энхболд бас дэмжлээ. Ингээд төсөл санаачлагчдын саналын дагуу хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг түр хойшлууулахаар болов.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Г.Батхүү, Б.Бат-Эрдэнэ, Х.Болочулуун, Ц.Даваасүрэн, Б.Наранхүү, М.Энхболд, Б.Болор нар санаачлан өнгөрсөн 6 дугаар сард өргөн барьсан юм. Үндэсний их баяр наадмын тухай хууль 2003 онд батлагдаж 2004, 2007 онд өөрчлөлт орсон боловч улам бүр өсөн нэмэгдэж байгаа нийгэм, эдийн засгийн хөгжлийн хүрээ, олон нийтийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн уг хуулийг зайлшгүй шинэчлэн найруулах шаардлагатай болсон гэж үзсэний үндсэн дээр нэр бүхий гишүүд шинэчилсэн найруулгын төсөл санаачилжээ.
Нийтдээ 5 бүлэг, 18 зүйлтэй уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд монгол угсаатныг нэгтгэсэн Монгол үндэстний их баяр наадмыг гурван жилд нэг удаа Үндэсний их баяр наадамтай хамтатган зохион байгуулж байх, баяр наадмын үндэсний бөх, хурдан морины уралдаан, сурын харвааг нийслэл болон 21 аймагт салбартай, Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн байгууллага болох Үндэсний бөхийн холбоо, Монголын морин спорт, уяачдын холбоо, Үндэсний сурын холбоод зохион байгуулах, бөх, уяач, харваачдын цол, цол олгох шалгуурыг эрэмбэлсэн, унаач хүүхдийн эрхийг хуулиар хамгаалж зохицуулах зэрэг асуудлыг тусгажээ.
Дараа нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр болж, төсөл санаачлагч гишүүн Су.Батболд танилцуулга хийлээ. Цагаан сар нь манай өвөг дээдсийн үе улиран уламжилж ирсэн төрт ёсны хамгийн том баяр. Одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд Цагаан сарын шинийн 1, 2-ны өдрүүдэд бүх нийтээр амрахаар заасан боловч өргөн уудам газар нутагт тархан суурьшдаг онцлогтой манай ард түмний хувьд ураг төрлөөрөө төрт ёсоо хүндэтгэн үндэснийхээ онцлог, өв түүх, ёс жудгаа хадгалан үлдсэн монгол түмний баярын энэ өдрүүдэд аав, ээж, ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлэх, нутаг усандаа очих нь залуу хойч үед хүмүүжлийн болон ёс суртахууны ихээхэн ач холбогдолтой, нөгөө талаас цаг хугацааны хүчин зүйлийн нөлөөллийг харгалзан Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх амралтын өдрийг нэг өдрөөр нэмж, нийтдээ гурван өдөр нийтээрээ амрахаар хуулийн төсөлд тусгасан байна.
Төсөл санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул санал хураалт явуулж, хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүн Н.Батцэрэг “Монголчууд жил бүрийн 12 дугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалд манай сүүлчийн хаан YIII Богд Жавзундамба маш их үүрэгтэй оролцсон” гээд удахгүй тэмдэглэх уламжлалт баярын өдөр YIII Богдын хөшөөний шавыг тавихаар хэсэг хүн санаачлага гарган ажиллаж байгаа тул энэ асуудалд дэмжлэг үзүүлэх үүднээс байнгын хорооноос ажлын хэсэг гаргах, эсвэл холбогдох байгууллагад нь албан бичгээр чиглэл өгөх боломжтой эсэх талаар гишүүдтэй санал солилцсон юм.
Энэ саналтай холбогдуулан гишүүн М.Энхболд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийг ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах үндэсний хорооны даргаар ажиллаж байх үедээ Богд хааны хөшөөг Хан-Ууул дүүргийн нутаг дэвсгэрт хуучин танктай хөшөөний суурин дээр босгох талаар тэр үеийн нийслэлийн удирдлагуудад албан бичгээр хүсэлтээ тавьж байсан тухайгаа хэлж байв. Харин гишүүн Су.Батболд хөшөөг Богд хааны ордон музейн хажууд босгох боломжтой гэсэн бол гишүүн Ж.Батзандан хэний ч танихгүй орос хүний хөшөө босгох гэж зүтгэж байснаас үндэсний баатруудынхаа хөшөө дурсгалыг босгох нь зүйтэй, энэ талаар УИХ санаачлага гаргах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв.
Ингээд байнгын хорооны гишүүдийн саналаар YIII Богдын хөшөөг босгоход бүх талын дэмжлэг үзүүлэх талаар байнгын хорооны тогтоол гаргаж Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон нийслэлийн удирдлагад чиглэл өгөхөөр тогтлоо.
Зочин · 2013/11/19
bolj bn