МУИС-ийн Удирхдах зөвлөл хуралдаанаараа  бүтцийн өөрчлөлт хийхээр болсон нь өнөөдөр олны анхаарлыг татаж байна. 2013 оны 11-р сарын 8-нд МУИС-ийн Удирдах зөвлөл хуралдаж, МУИС-ийн дүрэмт өөрчлөлт оруулах, мөн МУИС-ийн 10 бүрэлдэхүүн сургуулийг, тодруулбал, МТС, МКС, ФЭС, ХХИС, ББТС, НШУС, ГХХСС, МХСС, ОУХС, ГГС-ийг татан буулгаж, оронд нь Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны, Хэрэглээний шинжлэх ухааны, Хуулийн, Бизнесийн сургууль байгуулах асуудлыг хэлэлцсэн юм.  Тэгвэл энэхүү бүтцийн өөрчлөлтийг агуулгын хувьд дэмжиж байгаа ч зарчмын хувьд зөрүүтэй байр суурь байгааг тус сургуулийн үйлдвэрчний эвлэлийн зүгээс мэдэгдэж, улмаар УЗ-аас ажлын хэсэг байгуулсан.

МУИС-ийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар яагаад бүтцийн өөрчлөлт хийх болсон талаар болон бүтцийн өөрчлөлттэй холбоотой зарим зүйлийг  тус сургуулийн  УЗ-ийн гишүүн, МОХ-ны Ерөнхийлөгч Х.Батсайханаас цөөн зүйл тодрууллаа.

- МУИС-ийн УЗ яагаад гэнэт бүтцийн өөрчлөлт хийх болов?

-МУИС-ийн УЗ гэнэт шинэчлэл хийнэ гэж яриагүй. МУИС-ийн УЗ-ийн өнгөрсөн  зун, энэ хавар хийсэн хуралдаанаар МУИС-ийн захирлаар сонгогдох хүмүүсийн ажлын төлөвлөгөөг авч хэлэлцсэн байгаа. Захирлуудын сонгон шалгаруулалтын үеэр ч мөн төлөвлөгөөг нь сонсож байсан. МУИС-ийн  захирал ажлынхаа төлөвлөгөөндөө шинэчлэнэ гэсэн байсан.  МУИС-ийн УЗ-өөс өнөөгийн энэхүү томорсон бүтэц нь сургалтын төлбөр нэмэгдэх үүрэг гүйцэтгэж байгаа учраас шинэчилье гэж яригдаж байсан. Энэ нь яригдсаар сүүлийн удирдах зөвлөлийн хурлаар МУИС-ийн захирал  бүтцийг өөрчлөх саналаа оруулж ирээд санал авсан юм. Тэрнээс саналыг нь батлаагүй. Батлахдаа байгаль, нийгмийн шинжлэх ухаан, хууль, бизнесийн чиглэлийн сургуулиудад бүтцийн шинэчлэл хийж, захиргааны албан хаагчдын тоог цөөрүүлэх, сургуулийн нэгдсэн төсөвтэй болж, сургуульдаа бүтээн байгуулалтыг хийе гэсэн.

- МОХ-оос энэхүү үйл явдалд ямар байр суурьтай байна вэ?

- МОХ-оос шинэчлэл хийе. Гэхдээ оюутнуудаа хохироохгүй байя. Оюутандаа чиглэсэн сургалтын үйл ажиллагаа, олон сургалтын хөтөлбөрийн давхардалтыг арилгахад бүгдээрээ анхаарч, ач холбогдол өгч ажиллая гэсэн байр суурьтай байгаа. Үүний дагуу МУИС-ийн УЗ-өөс үүрэг авч 11-р сарын 17-нд МУИС-ийн захирлын хамт оюутнуудын дунд бүтэн өдрийн хэлэлцүүлэг хийсэн.

- МУИС-ийн оюутнуудын 60 хувь нь зөвшөөрсөн гэсэн мэдээлэл гарч байсан.  Гэхдээ энэ судалгааг хаанаас хэн хийсэн нь тодорхгүй байсан.

- МУИС-ийн Оюутан холбоо, Оюутан конгресс явуулсан.  Судалгааны хувь тэдэнд байгаа болохоор шаардлагатай бол авч үзэж болно.

- МУИС-ийг шинэчлэх зайлшгүй хэд хэдэн шалтгаан байгаа гэдэг.  Үүнийг  та өөрийнхөөрөө тайлбарлахгүй юу?

- Шинэчлэхээс аргагүй байдалд орсон нь хэд хэдэн зүйлээр мэдрэгдэж байгаа. Монгол улсад 147 их, дээд сургууль байхад улсын 45 сургуулийн 15 болгож цөөрүүлсэн. Тэр үед МУИС-д цөөнгүй сургуулийг нэгтгэсэн ч зарим сургууль үнэхээр бүрэн нэгдэж чадаагүй. Нэгдэж байгаа сургуулиуд нь чанарын шаардлага хангахгүй байгаа нь харагдаж байсан.  Мөн олон хөтөлбөр давхардалтай байна. Тухайлбал МУИС-д эдийн засгийн сургууль байхад хажууд нь худалдааны сургууль байна.  Тэнд хамгийн гол нь ижил мэргэжлүүд байгаа учраас үүнийг  хамтатгах ёстой.  Тэрхүү хамтрал хамгийн гол нь өнөөдөр бүрэн хэрэгжихгүй байгаа юм.

Оюутны нэгдсэн үйлчилгээний систем байхгүй. Оюутны нэгдсэн номын сан гэж байдаггүй.  Оюутны мэдээлэл хэд хэдэн мэдээллээр явж байгаа ч үр дүн тэр бүр гарахгүй байгаа.  Жил бүрийн сургалтын төлбөрийг тогтоохдоо маш өндрөөр тогтоож ирснийг анхаарах хэрэгтэй гэж үзсэн болохоор шинэчлэх хэрэгтэй.  

Оюутны санал санаачлагыг огт дэмждэггүй. Ямар нэг нийгэм олон нийтийн үйл ажиллагааг дэмждэггүй.  Оюутан гадаадын тэмцээн уралдаанд оролцоод ирэхэд нэг ч кредитийн урамшуулал, нэмэлт тэтгэлэг олгодоггүй.  Харин сая төлбөр нэмэгдсэн. Тэгэхдээ МУИС-д өндөр оноотой тэнцсэн, амьжиргааны төвшингөөс доогуур орлоготой айлын суралцагчид тэтгэлэг олгодог болгож эхэлсэн.

Хамгийн гол нь шинэчлэлтийг дэмжихээс өөр аргагүй байгаа. Яагаад гэхээр МУИС нүсэр бүтэцтэй.  Түүндээ тохирсон төсөв батлуулаад үүнийгээ хувааж аваад байгаа бөгөөд чадварлаг орон тоотой байх эсвэл чадварлаг бөгөөд цөөн сургуультай байх гэдгийн хооронд  маш их ялгаа байгаа.

Үүнээс гадна хэд хэдэн шинэчлэл хийх хэрэгтэй байгаа. Тэр бүхнийг тайлбарлавал нилээн цаг хугацаа орох байх.

- 10 гаруй сургуулийг татан буулгаж, дөрвөн сургуультай болгоно гэдэг учир дутагдалтай юм биш үү?

- Хэн ч дөрвөн сургуультай болгоно гэж яриагүй. Тэр яригдаад байгаа дөрвөн сургууль бол зөвхөн УЗ-ийн хурал дээр санал болгож оруулж ирсэн. Харин УЗ-ийн хурал дээр мэргэжлийн чиглэлүүдийг л зааж өгсөн байгаа.  Сургуулийн нэрийг ч гэсэн өөрөөр харж, томъёолж оруулж ирэхийг 12-р сарын 15-ны өдрийн дотор амжуул гээд сургуулийн УЗ-ийн тогтоол гарсан байгаа.

- Олон улсын жишигт  цөөхөн  салбар сургуультай байдаг юм уу? Эсвэл эсрэгээрээ байдаг уу?

- Бид цөөл, ихэсгэ гээгүй. Тогтвортой, хэрэгтэйг нь байгуул гэж байгаа.  Хүмүүс бол дөрөв гэдэг дээр л дөрөөлөөд байгаа.  Гэхдээ үүнийг тогтоогүй.  Санал гарсан нь үнэн. Үүнийг ажлын хэсгээр шийдэж, хамт олны саналыг тусгаж байгаа. ҮЭ үүнд ямар байр суурьтай байгааг мэдэхгүй.

- Одоо яригдаж байгаа бүтцийн өөрчлөлтөөс харахад  нэг л хүнд бүх эрх мэдэл шууд төвлөрч байна. Үүнийг дагаад асар олон хардлага төрж байгаа. Энэ утгаараа учир дутагдалтай биш үү?

- Учир дутагдалтай биш. МУИС-д зарим нэг тэнхимийн эрхлэгч,  профессоруудад зориулж сургууль байгуулж өгөөд байгаа. жил бүр шинээр сургууль байгуулсаар байгаад, тэндээ нэг вант улс үүсгээд байна.  Үүний улмаас МУИС-ийн шинэчлэлийг салбар нэгж бүрт хүргэж чадахгүй, оюутны үйлчилгээг хүргэхэд захирал, сургалтын алба нь хүнд сурталтай газар болж байна.  

Нэг хүн дээр төвлөрнө гэдэг дээр МУИС захирал дээрээ төвлөрөх ёстой.  Энд их, баг салбар сургуультай байх нь гол биш, зөв үр дүнтэй салбар сургууль байгуулаасай гэдэг асуудал л байгаа юм.   Одоогоор эцсийн  байдлаар шийдвэрлээгүй тул ажлын хэсэг гаргасан.  Ажлын хэсгийн  Галтбаяр захирал тэргүүлж байгаа.

- Ажлын хэсэгт 54 гишүүн оруулна гэсэн ч 35 хүн орсон.  Тэдгээр нь ямар шалгуураар ажлын хэсэгт орсон нь тодорхойгүй. Бүгд Галтбаяр захирлын хүмүүс гэдэг?

- Үүнийг МУИС-ийн УЗ-ийн хурал дээр ярьж байсан. Тийм болохоор ҮЭ-ийнх нь даргыг УЗ-ийн хурал дээр суулгаж, саналыг нь сонсох боломжийг бүрдүүлж өгсөн. ҮЭ-ийн зүгээс шинэчлэх нь зүйтэй, гэхдээ хамт олны саналыг авах ёстой гэдэг байр суурьтай байсан.  Тийм шүүмжлэл ч саяны УЗ-ийн хурал дээр их байсан. Тиймээс  МУИС-ийн бүх ангийн дарга нарыг цуглуулж тэдний саналыг сонсож чуулсан. Оюутнууд шинэчлэл хийх хэрэгтэй, гэхдээ тэднийг хохироож болохгүй.  Шинэчлэлийг дараагийн хичээлийн шиэн жилээс эхлэн мөрдүүлэх хэрэгтэй гэсэн байгаа.   

- Шинэчлэхээр багш, ажилчдын  орон тоо цөөрөх үү?

- Ер нь үргүй зардал их гарч байгаа. Нэмэлт цагийн ашиг, зарим хичээлээ заах ётой хүмүүс нь дарга болчихоор хичээлээ заах хүмүүс нь багасаж байна, судлаач багш нар цөөрч байна гэсэн шүүмжлэл байгаа. Шинэчлэхдээ зөв голдиролд нь оруулахын  төлөө л ажиллана.

- МУИС-ийн дүрэмд өөрчилт орсноор Хамт олны зөвлөл татан буугдаж, Эрдмийн зөвлөлийн эрх мэдэл хумигдаж байгаа?

- Одоогоор МУИС-ийн дүрэм өөрчлөгдөөгүй байгаа.  Дүрэм өөрчлөх асуудал УЗ-ийн  хурал дээр юу ч яригдаагүй.  

 

Харин  МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийг хийхдээ алдаатай бодлого баримталж байгаа талаар тус сургуулийн  Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Ч.Чойсамбаас цөөн зүйл тодрууллаа.

- МУИС-ийн бүтцийн өөрчлөлт хийхийг хэд хэдэн шалтгаанаар эсэргүүцэж байгаа шүү дээ. Үүнийг тодруулбал?

- Бүцтийн өөрчлөлтийг зарчмын хувьд эсэргүүцээгүй.  МУИС-д өөрчлөлт хийхийг  нийт багш нар дэмжиж байгаа. Гэхдээ энэ бүтцийн өөрчлөлтийг хийх гэж байгаа арга замыг нь эсэргүүцэж байгаа. Тухайлбал, бүтцийн өөрчлөлт хийх мэдээллийг МУИС-ийн багш нар байтугай, захиргааны зөвлөлийн гишүүд, эдмийн зөвлөлийн гишүүд  ч мэдээгүй. Түүнчлэн бүтцийн өөрчлөлт хийхдээ хамт олны саналыг аваагүй, шууд л УЗ-ийн тогтоолын төслийг гаргаад ирсэн. Энэ тогтоолын төслөөр МУИС-ийг дөрвөн сургуультай болгоно гэж байсан. Үүний дагуу асуудлыг тавихаар захиргаа энэ асуудлыг ярьсан, хэлэлцүүлсэн, гэхдээ мэдээлэл төдий хэмжээнд. Тэрнээс багш нарын саналыг сонсоод хэлэлцүүлэг явуулсан зүйл байхгүй.

- Өөрчлөлтийг хийхдээ хамт олноос болон  эрдмийн зөвлөлөөс санал сонсох дүрэмтэй байдаг уу?  Энэ өөрчлөлт хийх саналыг хэн хаанаас гаргаж ирсэн юм бэ?

- Санал авах ёстой гэсэн дүрэм журам бол байхгүй.  Гэхдээ нэгэнт МУИС-ийн бүтцийн асуудал хөндөгдөөд 1620 багш, ажилтны эрх ашиг яригдаж байгаа болохоор энд зайлшгүй хамт олны саналыг тусгах хэрэгтэй. Аливаа шинэчлэл, олон хүний эрх ашгийг хөндөж байгаа бол нээлттэй, оролцоотой байх ёстой.  

- Дөрвөн салбар сургуультай болно гэсэнд МУИС-ийн ҮЭ ямар байр суурьтай байна вэ?

- Тоон дээр бид ярихгүй байгаа. Гол нь бүтцийн өөрчлөлтийг гардан  хийж байгаа ажлын хэсгийг  нь хамт олны оролцоотой, нээлттэй сонгоно гэж байгаа. Гэтэл Галтбаяр захирал хэдэн дэд захиралтайгаа нийлж суугаад 35 хүний нэр зоосон.  Энэ 35 хүнийг ямар шалгуураар зоосон бэ гэдэг нь нийт багш нарт ойлгомжгүй байгаа. Тэгвэл энэ ажлын хэсгийг хамт олноор нь сонгуулчих хэрэгтэй.  Олон багштай сургууль жишээ нь дөрвөн багш, цөөн багштай сургууль нь хоёр багшаа ажлын хэсэгт нь оруулаад ярилцаад, дөрөв эсвэл  найман сургуультай болбол ҮЭ буюу хамт олны байгууллагын хувьд хүлээн зөвшөөрнө. Шинэчлэлийг хийхдээ хамт олны саналыг сонсолгүй дээрээс тулгаад байгаад л ҮЭ-ээс эсэргүүцээд байгаа.

- Шинэчлэлийн хүрээнд МУИС-ийн дүрэмд өөрчлөлт орж Хамт олны зөвлөл татан буугдахаар байгаа. Хамт олны зөвлөл гэж ямар үүрэг рольтой юм бэ?

- Хамт олны төлөөлөл бол МУИС-ийн багш ажилтнуудын төлөөлөлөөс бүрдсэн эрдмийн зөвлөлийн хэмжээнд яригдах хүчирхэг байгууллага байх ёстой. Дүрэмдээ хүчтэй байгууллага байна гээд заачихсан ч удирдлагаас санхүүжилт өгөөгүй.  Хамт олны зөвлөл нэг, хоёр удаа хуралдснаас өөр ажил хийгээгүй. Үүнд санхүүгийн хувьд хараат байдал их нөлөөлдөг байх. Манай ҮЭ-ийн хувьд гишүүдийнхээ татвараар санхүүждэг учраас сургуулийн санхүүжилтийг харалгүйгээр үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой байгаа юм.    

- Эрдмийн зөвлөлийн эрх мэдэл хумигдаж байгаа гэсэн. Энэ талаар тодруулбал?

- Эрдмийн зөвлөл бол сургалтын асуудал хэлэлцдэг болчих гээд байгаа юм. Уг нь бол манай сургуулийн эрдмийн зөвлөл сургуулийн парламентын хэмжээний эрх мэдэлтэй, санхүүгийн зарцуулалт зэрэгт оролцдог хүчирхэг байгуулага юм. Үүнийг байхгүй болгох гээд байгаа юм.

- Деканыг багш нараар сонгуулдагыг болиулсны буруу нь юу юм бэ?

- Дүрэмд  өөрчлөлт оруулах гээд байгаа юм.  Оруулах гэсэн өөрчлөлтөөр багш нараар деканыг сонгодогыг болиулах гээд байгаа. Аз болоход энэ төслийг нь УЗ батлаагүй. Хамт олон өөрсдийнхөө дундаас багш нарын мөрийн хөтөлбөрийг уралдуулаад  сонгодог байсан бол энэ зарчмийг үгүй хийх гээд байгаа юм. Захирал автоматаар өөрийнхөө хүнийг томилдог, декан, дэд декан, тэнхимийн эрхлэгч нарыг томилдог дээрээс л томилгоо өгдөг байгууллага болчих гээд байгаа юм. Захирлын эрх мэдэл асар их болчихож байгаа юм.

- Галтбаяр захирлыг  ҮЭ-ийн зүгээс хэрхэн дүгнэж байна вэ?

- Өмнөх захиралтай харьцуулаад үзэхэд Галтбаяр захирлыг ашиг снирхолын зөрчилтэй хүн гэхэд хэцүү. Галтбаяр захирал бол олон жилийн өмнө “МУИС реформ” гэж багийг толгойлж явсан. Энэ хүн бол МУИС-д ардчилал, нээлттэй байх, багш ажилтны эрх ашгийг хамгаалах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө дуу хоолойгоо өргөж явсан хүн. Албан тушаалд очоод хамт олны оролцоог шахан зайлуулах ажиллагаа явуулж байгаад би бол хувьдаа тун их гайхаж, эмзэглэж байгаа. захирал хийх ур чадвартай хүн үү гэдгийг цаг хугацаа харуулах байх гэж бодож байна. Ер нь харуулаад эхэлчихсэн байхыг үгүйсгэхгүй. Эрдэмтний хувьд яах аргагүй манай МУИС-ийн урдаа барьдаг эрдэмтийн нэг гэж бодож явдаг.

- Дөрвөн сургуультай болоход тэнхимүүд хэвээрээ үлдээд өөр сургуульд хамрагдана гэсэн үг үү?

- Тэнхим хэвээрээ үлдээд, сургууль нь татан буугдаад тохирох чиглэлийнхээ сургуулийн харъяа болно. Дөрвөн сургуультай болгоно гэж байгаа ямар зарчим дээр үндэслэсэн юм бэ? Гэдгийг захирал болон УЗ-аас асуусан. Харамсалтай нь захиргаа энэ асуултад тодорхой, шаардлага хангахуйц  хариулт өгөөгүй.

- Оюутнуудын 60 хувь нь хүлээн зөвшөөрсөн, оюутнуудыг өөр сургууль руу шилжүүлнэ гэсэн мэдээлэл байгаа?

- МУБИС руу шилжүүлнэ гэсэн яриа гарсан байсан.  Үүнийг үнэн худлаа гэдгийг мэдэхгүй байна. Оюутнуудын дунд судалгаа явуулсан гээд байгаа юм. Харин тэрхүү судалгааны мэдээлэл хэн хаанаас хийсэн талаар үг үсэг байгаагүй. Тухайлбал хэдэн оюутны дунд энэ судалгааг  хаанаас зохион байгуулсан юм бэ? 14 сургуулийн оюутнуудийн аль сургуулийн оюутан үүнд хамрагдсан бэ? Ямар асуулттай санал асуулга байсан зэрэг нь тодорхойгүй.  Мөн  60 гэдэг нь өөрөө их механик тоо.  Яагаад 59, эсвэл 61,4 хувь байж болдоггүй юм бэ? Нийгэмд хүлээн зөвшөөрсөн гэсэн ойлголт  өгөхийн төлөө 60 гэсэн зохиомол тоо гаргаад ирчихсэн гэж ойлгож байгаа.  Оюутны холбоо хэрвээ энэ санал асуулгыг явуулсан бол  тэрийг нь үзэх хэрэгтэй.

- Бүх сургуулийн  санхүүг нэгтгэж нэг болгоно гэсэн байсан.  

- Учир мэдэх хүмүүс үүнийг эсэргүүцэх хэрэгтэй гэж байгаа.  Эсэргүүцэх эсэргүүцэхдээ тууштай эсэргүүцэх хэрэгтэй гэж байсан. Яагаад гэхээр хичээлийн жил эхэлчихсэн байхад төсөв санхүүг нэгтгэнэ гэдэг бол цаана нь санхүүгийн асар их будлиан байна гэсэн үг. Олон зуун сая төгрөг наашаа цаашаа хөдлөөд, эцсийн дүндээ эмх замбараагүй байдал, будлиан үүсэх шалтгаан болно гэж байсан.

- Олон улсын их сургуулиуд цөөн сургуультай байдаг уу эсвэл эсрэгэрээ юу?

- Манай захиргаа “Ер нь бол Харвард, Кембридж зэрэг дэлхийн томоохон сургуулиуд хэдхэн бүрэлдэхүүн сургуулиас бүрддэг” гэж байгаа юм.  Үнэхээр ч тийм. Гэхдээ тэр сургуулиуд бол хувийн сургуулиуд.  МУИС бол улсын сургууль.  АНУ-д тийм байдаг гээд заавал тэр загварын дагуу өөрчлөх гээд байх шаардлагагүй болов уу даа.

- Улсын  сургууль нь цөөн бүрэлдэхүүн сургуультай байдаг уу?

- Москвагийн их сургуулийн хувьд 36 бүрэлдэхүүн, салбар сургуультай. 

- БШУЯ-ны зүгээс  энэхүү бүтцийн өөрчлөлт нь тухйан сургуулийн дотоод асуудал гэсэн байр суурьтай байгаа. Үүнд  ҮЭ-ийн зүгээс ямар байр суурьтай байна вэ?

- БШУЯ-ны стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга н.Насанбаяр гэж хүн ярилцлага өгөхдөө яамнаас санал болгож байгаа гэж ярьсан байсан. МУИС-аас эхлээд төрийн өмчийн  бусад их сургуульд өөрчлөлт шинэчлэл хийгдэнэ гэж байсан.  

 

МУИС-ийн бүтцийн өөрчлөлтөд  тус сургуулийн ҮЭ болон УЗ-ийн төлөөллийн байр суурийг хүргэлээ. Энэхүү бүтцийн өөрчлөлт хэрхэн хийгдэж байгаа талаар бид цаг алдалгүй эргэн мэдээлж байх болно.

А.Баярмаа