Монгол улсад усан спорт сургалтын төв байгуулагдаад  28 жилийн нүүр үзэж байна.  Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд энэ төвд  мэргэжлийн  засвар ороогүй нь  хүний амь насыг авч одох эрсдэл дагуулсаар байгаа юм. Тодруулбал урд шөнө 24 цагийн орчим 28 дахь жилдээ их засваргүй ажиллаж буй Усан Спорт Сургалтын Төвийн том бассейны дээврээс зэвэнд идэгдсэн хэсэг төмөр нурж унасан байна. Энэхүү нурсан төмрийн зарим нь усанд унасан бол зарим хэсэг нь  бассейны эргэн тойронд унажээ. Биднийг УССТ-д сурвалжлага хийж байхад  дээврээс нь  нурж байсан юм.  Тиймээс  УССТ-ийн том бассейний үйл ажиллагааг зогсоон зөвхөн  жижиг бассейнд л үйл ажиллагаа явуулж байсан юм.  Тэгвэл  УССТ-ийн өнөөдрийн байдал ямар байгааг усан спорт сургалтын төвийн захирал Г.Арслангаас тодрууллаа.  

- Бассейны том дээврийн төмөр ямар шалтгааны уламаас нурсан бэ?

- Өчигдөр шөнө 12 цагийн орчимд дээврийн төмөр нурсан.  Би ажилчдынхаа хамт душны толгой сольж байсан. Унасан шалтгаан бол дээврийн төмөрт зэврэлт маш их явсан. Зэврэлт явсан шалтгаан нь юу гэхээр сүүлийн хэд хэдэн захирлуудын үед урсгал засварыг олигтой хийгээгүйн үр дүн. Мөн агааржуулалтын системийг олигтой ажилуулаагүйгээс болсон.  Өөрөөр хэлбэл энэ том бассейны чийгшилийг гадагшлуулж, хуурай агаараар сольж байх ёстой.  Тэгтэл агааржуулалт хийгдээгүй, дээрээс нь хлортой усны зэв гэдэг их байдаг. Би 2012.10.05-ны өдөр ажлаа аваад ШУТИС-ийн металь хийцийн факультетээр  нэг сая төгрөгөөр дүгнэлт гаргуулсан. Дүгнэлтээр дээврийн төсөр ферм 20-40 хувийн зэвтйэб йана, газар хөдлөхөд нурах боломжтой гэдгийг тусагсан. Өөрөөр хэлбэл цаашид энэ усан бассейн ажиллах боломжгүй боллоо гэсэн үг.

- Өнгөрсөн 28 жилийн хугацаанд их засвар огт хийгдээгүй хэрэг үү?

- Огт хийгдээгүй.  Одоо та бүхэн харж байгаа байх. Хананы плита цүлхийсэн байгааг харж байгаа байх. Манай ус цэвэршүүлэх байгууламж, агааржуулалтын систем маш муу ажиллаж байгаа. Хамгийн гол нь дээврийн зэврэлт маш их байгаа. Ажлаа авснаасаа хойш их засвар хийх шаардлагатай байна гэдгийг  албан ёсоор бүх шатны байгуулагад  хандсан ч хариу ирээгүй. Манай бассейнд 2013, 2014 онд  мөнгө төсөвлөөгүй.  Магадгүй  Үүл баатарын хүү нь нураагаад байшин барих гэж байгаа байх.  Бидний муугаар хэлээд байдаг М.Энхболдын үед арай бассейнээр ингэж оролдоггүй байсан. Магадгүй бассейныг ашиггүй ажилладаг байсан гэдгийг харуулж байгаад хувьчилж, хэн нэгэн мөнгөтэй хүмүүст өгөх гэж байна. Тэгэхээр энд  мөнгөтэй хүмүүсийн хүүхдүүд ордог болно. Тэгвэл Монголд усан спорт гээч юм огт байхгүй болно.

- Ашигтай ажиллаж байгаа болохоор л нийслэлээс засварын мөнгө төсөвлөөгүй байх. Та өөрөө ашгаа зохистой зарцуулаагүй юм биш үү?

- Урьд зургаан жил ажилласан н.Ганбат  захирлын үед буюу 2012 оны 1-р улиралд 1.5 сая төгрөг ийн ашигтай ажилласан байсан. Улмаар 2013 оны 1-р улиралд  буюу би ажлаа авснааса хойш ашиг 100 сая төгрөг хүрсэн. Би ямар нэг маркетинг, менежмэнт хэрэглээгүй.  Санхүүгээ хянаж, мөнгө идэх бололцоог нь гаргаагүй, өөрөө мөнгө идээгүй.  Гэхдээ тэр олж байгаа ашгаар их засвар хийх боломжгүй, өчүүхэн жоохон мөнгө.  Өнгөрсөн хугацаанд би  ажилчдынхаа цалинг 2.7-3 дахин нэмсэн. Өнгөрсөн хугацаанд гэрэл, цахилгаан, ус, халаалтаас эхлээд бүх урсгал зардал нэмэгдсэн. Анхаарч ажилласны дүнд  өнөөдр ийм дулаан, цэвэр устай байгаа юм.  

Ашиг гэдгийг өөр талаар нь яръя л даа. Сая хотын захиргаан дээр манайхыг 184 саяын алдагдалтай ажилласан гэж байсан. Андуурч байгаа юм биш биз гээд асуухад? 28 жил болж байгаа энэ барилгын элэгдэл хөргөдөл жилдээ  184 сая төгрөгт хүрнэ гэсэн. Үнэндээ элэгдэл хоргодол жилдээ нэ тэрбумаас илүү гарна. Гэхдээ элэгдэл хоргодлоо нөхөх хэмжээний ашиг бид олдоггүй. Улсаас 3-6 тэрбум төгрөг гаргабал би биш, “Худалдан авах газар” тендер зарлаад их засвар хийх боломжтой. Харамсалтай нь төрийнхөнд  их засвар хийх сонирхол байхгүй юм шиг байна.

- Их засвар хийснээс шинээр барьсан нь дээр юм биш үү?

- Евро стандарт өнөөдөр Оросын ачааллыг дийлэхгүй нурж байна. Тэрэнтэй адилхан Монголд энэ бассейны оронд шинээр бассейн барина гэвэл чадахгүй.  Үүнийг Германд барилгын инженерээр төгссөн хүний хувьд би 100 хувийн баталгаатай  хэлэх байна.  Өнөөдөр манайхан цэцэрлэгийн барилга бариад өнөөх нь жил бололгүй цууралт үүсээд асуудал дагуулж байна. 28 жилийн өмнө зориулалтын  дагуу барьсан  энэ барилгын хувьд  бассейны доод тал, харайдаг цамхагт нэг ширхэг цууралт үүсээгүй. Энэ барилгыг Монголчууд барьж чадахгүй, энэ чиглэлээр мэргэшсэн компани байхгүй.  Бид өөрсдөө барихгүй бол гадаадуудыг тэр тусмаа хятадуудыг гуйна. Хятадуур бариулсан барилга ямар байдгыг та бүхэн мэднэ.  Хятадуудаар бариулсан  Баянзүрхийн бассейн ашиглалтад орохдоо л банн нь доороосоо гоожоод эхэлсэн.  Багабаян баригдсан цэргийн амралтын газрыг үзээрэй.  Хятадын 9 сая ам.доллларын буцалтгүй тусламжаар барьсан  бассейны зохион байгуулалт нь хэрхэн хийгдсэн байна, барилга нь яаж муудсанг хараарай.  

Улаанбаатар, улсдаа ганц байгаа усан спорт сургалтын төвдөө яагаад 3-6 тэрбум төгрөг гаргаж болдоггүй юм бэ? Хороо бүрт 12.5 тэрбум төгрөг, хогны уутанд 3 тэрбум, 4 үсэг хасахын тулд 4 ихнаяд зарцуулна гэж байна.  Мөнгийг яаж идэх вэ гэж боддог болчихсон байна. намайг бассейны захирал байгаа цагт хотоос хэн нь ч   мөнгө авч чадахгүй. Би ширээн доогуураа мөнгө өгдөггүй болохоор намайг дэмжихгүй байгаа байх.  

- УССТ-д өдөри хичнээн хүн хичээллэлдэг вэ?

- Өдөртөө 400-600 хүн ордог.  Нэг цагт 40-50 хүн орох боломжтой. Манайх бол Улаанбаатар хотод байгаа хамгийн хямдхан төв. Баасан ахын төрсөн өдрийг нэг удаа тэмдэглэх хэмжээний мөнгөөр л сар сэлнэ.  

- Одоо жижиг бассейн нь ажиллаж байгаа юу?

-  Засвар хийх хүртэл том бассейныг ажилуулахгүй. Одоо жижиг бассейн ажиллаж байгаа.  Гэхдээ жижигт хүмүүс нэг их ордоггүй юм.

- Зургаан тэрбум төгрөгөөр ямар ямар засвар хийхээр төлөвлөөд байна вэ?

- Агааржуулалт, цахилгаан, санхтехникийн бүх турбаг солино, доор байгаа халаалтын систем, ус халаагчууд, шүүлтүүрүүд бүгд солигдоно. Ерөөсөө энэ барилгыг “шалдан” болгож байгаад  дээврээс эхлээд бүгдийг нь засуулна.  Засварын хувьд дээврийн тэр чигээр нь солино. Дээврээс ус гоождог. Дээвэр солиход нэг тэрбум орчим төгрөг, агааржуулалтын системийг солиход хамгийн багаар бодоход 250 000 евро, ус цэвэршүүлэх байгууламжийг  солиход 450 000 орчим евро хэрэгтэй.   Дээр дурьдсан засваруудыг хийсэн байхад  25-30 жил толгой өвдөх зовлонгүй болно.

- Засвар хийх хугацааны хувьд?

- Гурван тэрбум гэдэг дүнг би түрүү жил гадаадын компанитай холбогдоод дүнг гаргасан. Одоо бол валютын ханшийн зөрүүгээс нэмэгдсэн байх. Засварыг хийхэд гурван сараас  нэг жил хүртэл хугацаа шаардагдана. Надад нэг санал байдаг юм.  Монголын аль нэг компаниар биш, барууны компаниар хийлгэвэл чанартай болох байх.

- Засварыг хагас жилд хийхэд ажилчид цалинтай амралттай байна гэсэн үг үү?

- Тэрийг хот шийдэх байх. Манайх аж ахуйн тооцоотой улсын үйлдвэрийн газар гэдэг статустай болохоор орлогоороо зарлагаа нөхдөг газар. Тийм болохоор бүх ажилчид тодорхой хугацаагаар ажилгүй болох байх.

- Дээвэр нурснаас үүдэлтэйгээр үйл ажиллагаа зогсоно. Тэгэхээр танай байгууллага тодорхой хэмжээгээр алдагдал хүлээнэ байх?

- Одоо яахыг хоттой ярьж байж шийднэ.   

Төв усан бассейны  жижиг бассейнд л сургалт явуулах боломж үлдсэн байна. Тус төвийн захиралаар  2012.10.05-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа Г.Арслан  хотын удирдлагуудад хандан их засварыг яаралтай хийх шаардлагатай талаар олон удаа албан бичиг өгч биечлэн уулзаж байсан боловч өнөөдрийг хүртэл  хариу аваагүй ажээ.

Ашигтай ажилладаг гээд УССТ-ийн их засварт мөнгө төсөвлөхгүй байсан нь өнөөдрийн энэхүү байдалд хүргээд байна. Үүний улмаас өнөөдөр тус төвийн 50 орчим ажилтан  ажилгүй гэртээ суухын зэрэгцээ тус төвд хичээлэлдэг олон мянган хүн  хохироод үлдэж байгаа юм.  Тиймээс бүх нийтийн төлөө, улсдаа ганц байгаа УССТ-ийн их засварт анхаарал хандуулан , төсвийг нь баталж өгөхийг  НИТХ болон хотын мээрээс хүсч байна.  

Ингээд өнөөдөр УССТ ямар байдалтай байгааг  гэрэл зургаар хүргэе.  






























































































 

 

 

А.Баярмаа