Байгалийн бэрхшээлд өртсөн Монгол улс малаа уул уурхайгаас илүүд үзэх хэрэгтэй
2017/04/27
Уур амьсгалын өөрчлөлт болон бусад сорилттой нүүр тулгарч байгаа Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэх хэрэгтэй байна гэж олон улсын тусламжийн байгууллага мэдэгдлээ.
“Мерси Кор” тусламжийн байгууллагын Монгол дахь салбарын захирал Рамеш Сингх хэлэхдээ “хөдөө орон нутагт мал аж ахуйн зах зээлийг хөгжүүлж, эдийн засгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төвүүдийг нийслэл хотын гадна байгуулах замаар Монгол Улс хэтэвчээ зузаатгаж, залуучууддаа ажлын байр бий болгож, эдийн засгаа төрөлжүүлэх хэрэгтэй байна” гэв.
Засгийн газрын хэт үрэлгэн байдал болон зэс ба нүүрс зэрэг ашигт малтмалын экспортоос олох орлого буурсны улмаас 2016 оноос хойш Монгол Улс эдийн засгийн хямралаас гарахаар тэмцсээр байгаа юм.
“Бид эгзэгтэй үедээ ирээд байна” гэж АНУ-д төвтэй “Мерси Кор”-ын Монгол дахь салбарын захирал Р.Сингх хэлэв. Тус байгууллага 1999 оноос хойш Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.
Ажилгүйдэл, уур амьсгалын өөрчлөлт болон хотжилт зэрэг нь нийслэл Улаанбаатарт хотод тулгамдсан, яаралтай шийдвэрлэх хэрэгтэй гол асуудлууд болоод байна.
“Мерси Кор”-ын өнгөрсөн долоо хоногт гаргасан тайланд дурдсанаар, уул уурхайн салбарт Монголын ажиллах хүчний ердөө 3.6 хувь нь ажиллаж байна.
Р.Сингх хэлэхдээ “Монголын Засгийн газар болон хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэгчид зөвхөн ганцхан салбарт анхаарлаа хандуулж байгаа нь хамгийн том алдаа” гэв. 2012 онд 17 хувиар өсч байсан Монголын эдийн засаг энэ онд ердөө 1.4 хувиар өсөх төлөвтэй байна.
Дэлхийн банкны мэдэгдсэнээр, Монголын гурван сая хүний 30 хувь нь мал малладаг бөгөөд мах бол монголчуудын хүнсний гол эх үүсвэр юм.
Хөдөө орон нутгийн ажилгүй эсвэл бага цалинтай хүмүүс, ялангуяа залуучууд аж амьдралаа дээшлүүлэхийн тулд нийслэл хотыг бараадаж байна.
Үүний улмаас гэр хороолол хүрээгээ тэлж, улмаар агаарын бохирдол, ядуурал болон гэр бүлийн хүчирхийлэл газар авч байна гэж “Мерси Кор” мэдэгдэв.
Махны зах зээл
Хоёр жил дараалан зун нь ган, өвөл нь зуд болсны улмаас мал сүргээ олноор нь алдсан хэдэн мянган малчин өрхөд туслахын тулд 654 мянган доллар хандивлахыг энэ оны хоёрдугаар сард Улаан загалмайн нийгэмлэг уриалж байв.
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хур тунадас унах нь тогтворгүй болж, улмаар ган болон зудын аюул ойр ойрхон болсоор байна. Гэхдээ залуусын сонирхлыг татах мал аж ахуйн системийг хөгжүүлэх боломжтой гэж Р. Сингх хэллээ.
Тэрбээр “Reuters” агентлагт утсаар ярилцлага өгөх үеэрээ “Монголоос мах худалдаж авахад бэлэн Орос болон Хятад гэсэн хоёр том зах зээл байна. Өөрөөр хэлбэл, Монголын хувьд экспортын өөр нэгэн зах зээлийг бий болгох боломж байна” гэв.
“Мерси Кор” нь Монголын бэлчээрийн газрыг хамгаалах тухай хуулийг дэмжиж байгаа бөгөөд бэлчээрийн даацыг тооцоолон гаргах ажилд нэгдэн оролцохоор төлөвлөж байгаа ажээ.
Малчдад боловсрол эзэмшүүлж, малын тоонд бус чанарт анхаарч, малчдыг байгалийн гамшгаас хамгаалах санхүүжилтийг бий болгох, тухайлбал даатгалд хамруулах хэрэгтэй байна гэж тус байгууллага мэдэгдлээ.
Малын индекжүүлсэн даатгалын төслийг Монголд 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн боловч энэ даатгалын талаарх малчдын мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, ямар чухал ач холбогдолтой болохыг тэдэнд ойлгуулах ажил удаашралтай байна. /2017.04.25/
Г.Доржханд
Эх сурвалж : Монцамэ агентлаг