Монгол улсад Шүүх эрх мэдлийг хараат бус, тогтвортой, шударга болгох, шинэчлэх зорилгоор “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль”, “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль” зэрэг багц хуулийг төслийг саяхан УИХ-аас баталсан.

 Цаашид эрх зүйн шинэчлэлийг шат дараатай хэрэгжүүлэхээр  салбарын сайд  ажиллаж байгаа.  Өөрөөр хэлбэл энэ салбарт шинэчлэл хийх шаардлага байгааг  Х.Тэмүүжин сайдынх нь мэдэгдэл, өнөөгийн нөхцөл байдал батлаад өгч байгаа юм.  Тодруулбал Эрх зүйн шинжлэх ухаан нь олон зууны туршид хөгжиж ирсэн учир  “цоо шинэ” ойлголт, нэр томьёолoлыг оруулж ирэхэд  бэрхшээлтэй болсон. Нөгөө талаас өнөөдөр шүүх хараат бус байдлаа алдсан гэж хэлж болно.  Уг нь хараат байж болохгүй гэдгийг 1992 онд шинэчлэгдсэн Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг зөвхөн Шүүх байгууллага хэрэгжүүлнэ” гэж заасан.  Энэхүү заалтаар шүүх байгууллагууд нь улс төрийн үйл ажиллагаанд оролцдоггүй, зөвхөн гэм буруутайг тогтоох ёстой.  Хуулийнхаа хэллэгээр бол шүүх нь хараат бус байгууллага бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд харшлаагүй, албан ёсоор батлагдаж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа  хуулийн дагуу шүүн таслах үйл ажиллагааг хэрэгжүүлж гэм буруутайг тогтоох цорын ганц эрх бүхий субъект болж байгаа юм.

Шүүхийн шүүн таслах ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс нөлөөлөх эрхгүй бөгөөд шүүх гэдэг нь иргэд бидний дунд үнэн зөвийг дэнслэх шударга ёсны илэрхийлэл, биелэл гэж онолын хувьд ойлгогдох ёстой боловч одоогийн байдлаар шүүхийн шийдвэр нь зөвхөн цаасан дээрх бичиг мэт ойлгогдох болсон. Анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхийн шийдвэр, тогтоолыг үл хайхран боломжтой л бол Дээд Шүүхэд хандах зорилго иргэд, өмгөөлөгчдийн дунд газар авчээ. Үндсэндээ хүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахын тулд шүүхэд ханддаг гэж ойлгож болно. Харин шүүх уг эрх нь зөрчигдсөн этгээдийг хамгаалж чадаж байна уу гэвэл үгүй гэх газар байхгүй. Иймд ард иргэд, эрх зүйч, хууль,  бидний дунд шүүхийг зэрэглэлд оруулж бодох явдал бодитой болж байна. Гэвч энд хамгийн их сэтгэл зовоож, хууль дээдлэх ёсыг хүндэтгэхгүй байгаа зүйл нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа буюу процессын алдаа эрх бүхий албан тушаалтан, нийтийн үйлчилгээний томоохон байгууллагуудын удирдлагуудын хэрэг шийдвэрлэх явцад гарч байгаа алдаа байна. Олон дахин хэлэлцэгдэн хуралдаж сунжирсан хэргүүд Улсын Дээд Шүүх дээр очоод өмнө гарсан шийдвэрүүд нь өөрчлөгдөж гарч байгаа нь Дээд шүүх хуулиар олгогдоогүй эрх эдэлж байна гэсэн үг. Хэдийгээр бичигдээгүй ч нэгэнт бидний сэтгэлгээнд тогтсон шүүхийн зэрэглэл, Дээд Шүүхийн хуулиар олгогдоогүй эрх хэмжээг эдлэн гаргасан шийдвэрүүд нь хүн бүр дахин давж заалдах, хэргээ хянуулах сонирхолтой болгодог. Өөрсдөө энэ байдлыг өөгшүүлэн дэмжчихээд тэд яагаад алдаа гаргаад байгаагаа  “Шүүхийн ачаалал их байна” гэж тайлбарладаг.

Энгийн нэгэн саяхны жишээг дурдая. МИАТ-ын  удирдлагын багт ажиллаж байсан зургаан хүнд холбогдох мөнгө угаасан гэх хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бусад зүйл ангиар буюу байгууллагын мөнгө шамшигдуулсан гэх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон ялыг хөнгөрүүлсэн. Тодруулбал, МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт долоо, Ч.Хоролсүрэнд найм, Ц.Орхон, Б.Бат-Эрдэнэ, Голомт банкны VI салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарыг тус тус гурван жилийн хорих ялаар шийтгэж, ялыг хөнгөрүүлжээ. Харин Ч.Хоролсүрэнгийн дүү “Монголиан Эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтохын хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Энэ нь Улсын дээд шүүх процессийн алдаа гаргаж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүх хуулиар олгогдоогүй эрх эдэлж анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт  өөрчлөлт оруулсан.  Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхээр тогтоогдоогүй  байдал, үгүйсгэгдсэн нотлох баримтыг  үндэслэн тогтоол магадлалд өөрчлөлт оруулах эрхгүй байдаг.  Энэ талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлд улсын дээд шүүхийн эрх хэмжээг зааж өгсөн байтал дээд шүүх  энэ төрлийн  хууль зөрчсөн үйлдэл олноор гаргаж байгаа.

Хамгийн ноцтой нь Улсын дээд шүүхийнхэн эрүүгийн процессийн хуулийг зөрчих алдааг гаргаснаараа ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа юм. 

Ингэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хуулиар олгогдрргүй эрх эдэлж, өөрчлөлт оруулснаараа  Монголд шүүхийн зэрэглэл тогтоож,  дээр дурьдсан хоёр шатны шүүхийн шийдвэрийг “үнэгүйдүүлж” байгаа сөрөг тал сүүлийн  ажиглагдаж байна.

Тиймээс тус салбарт эрх зүйн шинэчлэл хийж байгаа энэ үед  бодитойгоор байгаа системийнхээ, үйл ажиллагааныхаа алдааг олж харж иргэддээ шударга, иргэний шүүхийг бий болгоосой.  Хууль нь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, шүүх нь шударга байх явдал иргэдийн хүсэл гэж хэлж болно.. Цаашид эрх ямбаа хэтрүүлэн хэрэгжүүлж буй шүүх засаглал алдаагаа засч түүнээс урган гарч байгаа сөрөг үр дагаврууд нь буурах болтугай хэмээн “ерөөе”...

А.Баярмаа