Зулын 25-ныг Монголчууд хэрхэн тэмдэглэх вэ?
2013/11/27
Монголчууд бид зулын 25-ны өдрийг тэмдэглэж заншаад багагүй хугацааг үдэж байгаа билээ. Эл өдөр буян ном хуруулан, махан хоол идэхгүй цагаан хоол идэж өнгөрүүлдэг заншилтай. Мөн муу үйл хийх, уур бухимдлыг тэвчих, элдэв үг хэллэг хэрэглэхийг цээрлэдэг. Энэхүү өдөр Богд Зонховын төгс гээгэрсэн бөгөөд нас нөгчсөн өдөр. Тийм учраас Монгол хүмүүн бид буян ном үйлдэж, лам хуврагууд ном хур айлдан бурхан шашиндаа манал өргөдөг юм.
Мөн өвлийн эхэн сарын 25-наас өмнө өвлийн идшээ бэлтгэдэг нь амьтны амь муулсан үйлээ өөх тосоор нь зул асааж, цайруулдаг уламжлал ч үүнтэй холбоотой аж.
Богд Зонхава нь Түвдэд гэлүгва ёс буюу бидний нэрлэж заншсанаар шарын шашныг дэлгэрүүлсэн ламын нэр бөгөөд сахилын нэрийг нь Лувсандагва гэдэг. Тэрээр олон нийтэд Богд Зонхава гэдэг нэрээр алдаршсан бөгөөд түүнийг утгачилбал “сонгины ам” гэсэн үг аж. Бурхан багшийн гэгээрэлд хүрэх гол үндсэн аргыг хүн болгонд хүртээлтэй болгож, “Их бодь мөрийн зэрэг”, “Түгээмэлийн их эзэн бурхан “Очирдарийн мөрийн зэрэг”, “Нууц бүхний утгыг сайтар ялгасан хэмээхүй” хэмээх бурхан багшийн нууц тарнийн ёсны гайхамшигт их тайлбар, нэвтэрхий толь болох бүтээлийг туурвижээ.
ОДСЭР РИНБҮЧИ Гүнчавжамбаалин төвд 24-ны ням гаригт ном айлдах үедээ сүсэгтнүүдийн “Зулын 25-ныг хэрхэн тэмдэглэх вэ, ямар сэтгэл агуулж ямар бүтээл хийх ёстой вэ, бусад бурханы шашинтай орнууд хэрхэн тэмдэглэдэг вэ” гэсэн асуултад хариулахдаа:
Зулын 25-ны өдөр нь Богд Зонховын Гандангийн оронд заларсан өдөр бөгөөд үүнийг бурхан шашинтнууд өргөн дэлгэр тэмдэглэдэг. Энэ өдөр ямар сэтгэлийг агуулах вэ гэвэл Богд ламын лагшин, зарлиг, таалал гурвын эрдэм бүгд миний сэтгэлийн үндсэнд төрөх болтугай, мөн Зургаан зүйл хамаг амьтадын ч сэтгэл үндсэнд нь Богд ламын лагшин, зарлиг, тааллын эрдэм бүхэн төрөх болтугай гэж ерөөл соёрхол сайн тавьж мэгзэмийг аль чадахаараа тоолох хэрэгтэй. Мөн зулыг маш ихээр өргөх хэрэгтэй. Дээр үед Төвдөд гэрэл цахилгаангүй байх үед Зулын 25-наар гадаа өргөсөн маш их зулын гэрэлд зам харгуй бүр тодрон гэрэлтэй харагддаг байсан юм. Монголд ч мөн богдынхоо зарлигаар айл бүр зул өргөдөг байсан гэдэг. Энэтхэгт өнөө үед цахилгаан гэрэлүүдийг гэр, гудамжны гадаа өлгөдөг, та бүхэн ч энэ мэт өргөж болно. Байранд амьдардаг айлууд тагтан дээрээ өргөвөл бусад хүмүүс ч сонирхон асууж дагаад өргөж эхлэх байх. Сайн дадал зуршил ингэж л тогтдог. Мөн ламримаа уншиж, сожон тэргүүтэй сахилуудаа сахиж аль чадахаараа буян хураах хэрэгтэй” хэмээн айлдсан юм.
Тиймээс бурхан шашинтан та бүхэн өөрсдөө гэр, гэрийн гадна зулаа өргөхийн дээр мөн ах дүү хамаатан садан бусад хүмүүсээ ч зул өргөх, мэгзэм тоолох буянд татан оролцуулж энэхүү өдрийг гэрт гадаа ЗУЛЫН ГЭРЭЛТЭЙ, Сэтгэлдээ НОМЫН ГЭРЭЛТЭЙ өнгөрүүлэхийг хэрэгтэй болов уу.
Энэ өдөр унших Мэгзэм:
Мигмэд зэвий дэрчэн жанрайсиг
Димэд чинбо ванбоо жамбиян
Дүдбүн майлү жомзад санвий даг
Ганжан хайвий зүгжан зонхава
Лувсандагвий шавла солва дэв
Мэгзэмийг http://www.jod.mn/ монголын бурхан шашны мэдээлэл, танин мэдэхүйн сайтаас авсан болно.
Х.Даваа
Зочин · 2014/05/17
одсэр ринбүүчийгийн зарлигийг буулгаж бичсэн төвийн нэрийг яагаад эх үүсвэр дээрээ тавиагүй юм бэ. уул нь jod.mn -ийн нэрийг дурьдсан байна.. хэдий их хэмжээний зохиол биш ч гэсэн хүний бичсэн зүйлийг өөрөө бичсэн мэт тавих нь зөв үү.