Цагдаа, хил, гаалийн байгууллагаас ирүүлсэн мэдээллээс үзвэл БНХАУ, ОХУ болон Зүүн өмнөд азийн орноос гэсэн гурван урсгалаар амфетамин, метамфетамины төрлийн болон мансууруулах ургамлын гаралтай бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан, зарж борлуулсан гэмт хэрэг, зөрчил ихсэж байна. Одоогийн байдлаар БНХАУ-с ихэвчлэн амфетамин, метамфетамины төрлийн мөс болон мансууруулахургамлын гаралтай шавах, ОХУ-аас сэтгэцэд нөлөөт анданте зэрэг эм хууль бусаар нийлүүлэгдэх болсон.

Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо бүртгэлээр сүүлийн арван жилд /2006-2016он/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188, 192-196 дугаар зүйлд заасан /мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, улсын хил нэвтрүүлэх/ гэмт хэрэг 388 бүртгэгдэж, 1112 хүн холбогдон шалгагдсан бөгөөд дээрх бодисыг улсын хилээр нэвтрүүлэх арга, хэлбэр улам нарийсан, олон улсын шуудан илгээмж, цахилгаан бараа, ахуйн болон хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд нуух, бусдад дайх хэлбэрээр хууль бусаар хил нэвтрүүлэх, борлуулахдаа товлосон газарт нууж үлдээх, төлбөр тооцоог урьдчилж бусдын данс ашиглан авах, шилжүүлэх зэргээр нарийн зохион байгуулалттай үйлдэж байна.

Уг гэмт хэргийн нөхцөл байдлыг сүүлийн гурван жилээр харьцуулж харахад:

-           2014    онд гэмт хэрэг 69,4 хувь, холбогдогч 45.5 хувиар,

-           2015 онд гэмт хэрэг 29.5 хувь, холбогдогч 17.4 хувиар өссөн,

-           2016 онд гэмт хэрэг 24.0 хувиар, холбогдогч 30.7 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

 

Насны байдлаар авч үзвэл 18 нас буюу насанд хүрээгүй холбогдогчийн тоо 2 дахин, 19-25 насны холбогдогч 24.2 хувиар, 26-35 насны холбогдогч 38 хувиар, 35-аас дээш насны холбогдогч 3.6 хувиар тус тус өсчээ.

Улсын хэмжээнд 2014 онд каннабис 13841 гр, гашиш 15,5 гр, мөс 140,8 гр, 2015 онд каннабис 9808,2 гр, гашиш 24,5 гр, мөс 344,2 гр, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм 2331 ширхэг, экстази 4 ширхэг, 2016 онд каннабис 10816 гр, гашиш 89,9 гр, кокаин 0,4 гр, мөс 626,5 гр, мансууруулах үйлчилгээтэй, сэтгэцэд нөлөөт эм 654 ширхэгийг эд мөрийн баримтаар тус тус хураан авчээ,

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийг шүүхээс шийдвэрлэсэн байдлыг харахад 2014-2015, 2016 оны эхний 10 сарын байдлаар нийт 131 эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэж, 189 шүүгдэгчийг гэмт буруутайд тооцон, баривчлах болон хорих ялаар шийтгэсэн байна.

Гадаад улсад 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд манай улсын 117 иргэн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдсан бөгөөд тээвэрлэсэн 13, хадгалсан 15, хилээр нэвтрүүлсэн 41, хэрэглэсэн 39, бусдад дамжуулсан 1 иргэн тус тус тухайн орны шүүхээс ял шийтгэгдсэн бөгөөд 2016 оны эхний 10 сарын байдлаар 9 хэрэгт 9 иргэн холбогдон шалгагдаж байна.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг сүүлийн жилүүдэд өсч байгаа нь хэд хэдэн үндсэн хүчин зүйл нөлөөлж байна. Тухайлбал манай орны зарим нутаг дэвсгэрт мансууруулах төрлийн ургамал ургадаг, түүнийг хүүхэд, залуучууд бие биеэсээ сонсох, даган дуурайх, цахим сүлжээнд энэ төрлийн мэдээлэл хяналтгүй цацагдаж байгаатай холбоотойгоор төрөл бүрийн эх сурвалжаас буруу, ташаа мэдээлэл, үлгэр дууриал авах хандлага их байна. Жишээлбэл: Тухайн бодисыг хэрэглэсэн тохиолдолд таашаал авдаг, өвчин шаналлаа мартдаг, урлагийн онгод ордог гэх мэтээр ташаа мэдээлэл их авч байна.

Гэвч энэ нь ташаа мэдээлэл бөгөөд сэтгэцэд өөрчлөлт ордог, эрүүл мэндээрээ хохирдог, Эрүүгийн хуулийн дагуу ял авдаг. Хар тамхи хэрэглэсэн алдарт дуучны нэг нүд хараагүй болсон.

Тиймээс хар тамхинаас хол байж, болзошгүй эрсдлээс өөрийгөө болон бусдыг хамгаална уу.