Хүнд гэмт хэрэг хийсэн хүнийг цаазаар авах тухай заалтууд Эрүүгийн хуулинд байгаа. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазаар авахыг хориглосон. Үүнээс болсон уу, нийгэм зэрлэгшсэн үү хүний амь нас хөнөөсөн, хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүс хийсэн хэрэгтээ гэмших нь битгий хэл зэрлэгшиж байна.

Орон нутагт “Чамайг хүүхэдтэй чинь алчхаад 25 жил суугаад гарч ирэх нас байна. Гарч ирээд хамаатнуудыг чинь алаад дахиад орно.” гэж сүрдүүлсэн тохиолдол гарсан. Ерөнхийлөгч цаазаар авахыг хориглосноос хойш хүний амь нас хөнөөсөн болон хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд дээд тал нь 25 жилийн ял өгч байгаа. Уг нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрүүгийн хуулинд цаазаар авна гэсэн заалт байгаа ч шүүгчид цаазаар ав гэсэн шийд гаргаагүй. Харин хуулинд байгаа хамгийн дээд хэмжээ болох 25 жилийн ял оноож байна.

Ингэснээр бид хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг бүх насаар нь нарсанд тэжээх шийдвэр гаргаж байна. Тэжээхдээ та бидний татварт төлсөн мөнгөөр тэжээж байгаа. Чанга дэглэмтэй хорих анги, гянданд хоригдож байгаа ялтнууд ажил хөдөлмөр эрхэлдэггүй болохоор тэднийг та бидний татвар төлсөн мөнгөөр тэжээхээс өөр аргагүй. Хэрэг хийсэн нь гэмшиж байгаа нэрээр улсаар тэжээлгэж хэрэг хийгээгүй нь тэднийг тэжээхийн тулд цалин мөнгөнөөсөө хасуулж байгаа нь хэр шударга тогтолцоо вэ?

25 жилийн ял авсан этгээдийг та бидний мөнгөөр хэрхэн тэжээх талаар хамтдаа тооцож үзье. Жишээ нь, алуурчинд шүүхээс 25 жил оноолоо гэж бодье.  Нэг хоригдлын нэг өдрийн хэрэглээний төсөв 12400 төгрөг. Нэг жилд 4 сая 526 мянган төгрөг зарцуулна. Харин 25 жилд 113 сая 150 мянган төгрөг болж байна. Гэмт хэрэг хийсэн хүнийг татвар төлөгчид ингэж тэжээхийг хүсэхгүй нь тодорхой.

Хэрвээ цаазын ялтай байсан бол ганц хоёр сумны л гарз гаргах болно. Тэгээд ч  цаазаар авах ялтай байх үед Монгол Улсын төр иргэндээ аль болохоор цаазаар авах ял оногдуулахгүй байх, оногдуулсан тохиолдолд түдгэлзүүлэн хэрхэх тухай асуудлыг тал бүрээс нь нухацтай авч үзэх, амийг уучлах зэргээр энэрэнгүй бодлого баримталж ирсэн түүхэн уламжлалтай. Зөвхөн долоон тохиолдолд л цаазаар авах ял оноож байсан.Тодруулбал Эрүүгийн хуулийн 81 (Tөр нийгмийн зүтгэлтний амь насанд халдах), 84 (Хорлон сүйтгэх); 91 (Хүнийг санаатай алах); 126 (Хүчиндэх), 177 (Зандачлах); 1781 (Терроризм); 302 (Төрлөөр устгах) тохиолдолд цаазаар авдаг байсан. Өнөөдөр энэ төрлийн гэмт хэрэг хийсэн хүн шоронд зүгээрийг хийгээд сууж байна.

Тиймээс нэг бол цаазын ялаа сэргээе. Эсвэл 25 жилийн хорих ялыг бүх насаар нь хорих ялаар солих хэрэгтэй.  Бүх насаар нь хорих ялтай болсон тохиолдолд ялтнуудаар хүн бүхний хийхээс дургүйцдэг хамгийн хүнд ажлыг хийлгэж, цалинг нь улсын орлого болгох хэрэгтэй. Тэгж байж хүн алсан, хүрээ талсан харгис хэрцгий нөхдүүд гэмээ ухаарах болно.

Цаазын ял хүний эрхэнд бүдүүлгээр халдаж байгаа хэрэг гэдгийг хүний эрх хамгаалагчид хэлдэг. Цаазаар авахуулах гэмт хэрэг хийсэн хүмүүс ч гэсэн бусдын эрхэнд бүдүүлгээр хандсан шүү дээ. Ялтны эрх гэж байгаа бол хохирсон хүний эрх гээч зүйл байдгийг бас санах учиртай. 

Тиймээс хууль санаачлах, өргөн барих эрхтэй  УИХ-ын гишүүд яг энэ асуудалд анхаарал хандуулна уу.