Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаа эхэлж, уг сонгуульд МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, АН-аас нэр дэвшигч, МоАХ-ы дарга, Монголын Жүдо Бөхийн Холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшигч, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хүндэт Ерөнхийлөгч С.Ганбаатар нар албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэхээ авахад хэдхэн хоног үлдээд байна.

 

Үүнтэй зэрэгцэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигчдийн нам доторхи дэмжлэг нь хир байна вэ? асуулт ихээхэн сонирхол татаж буй юм. МАН-ын хувьд намынхаа даргыг ямар ч эргэлзээгүй дэмжиж буй бөгөөд У.Хүрэлсүхийн фракци, УИХ-ын "эсэргүү гишүүн" гэгдэх Л.Оюун-Эрдэнэ хүртэл идэвх зүтгэл гарган, сонгуулийн төв штабт ажиллаж байгаа аж. МАХН-ын хувьд тус намын парламент дахь цор ганц төлөөлөл, УИХ-ын гишүүн О.Баасанхүү намынхаа нэр дэвшигч С.Ганбаатарыг бус, АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжиж буй юм байна.

 

Харин АН-ын хувьд фракци бүр, тэр бүү хэл зарим тохиолдолд фракци дахь гол улс төрчид хүртэл Ерөнхийлөгчийн сонгуульд намынхаа нэр дэвшигчийг дэмжих эсэх дээр өөр өөр байр суурьтай байгаа ажээ. Тодруулбал "Нэг Ардчилал" фракцийн Х.Тэмүүжин, М.Батчимэг нар Х.Баттулгыг дэмжихгүй бол Лу.Гантөмөр өөр бодолтой байгаа гэнэ. Харин УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжихгүй ч илт эсрэг байр сууриа илэрхийлж ажиллахгүй нь бололтой. Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл, нийтлэлч Баабар нарын хувьд Монгол улсын  Ерөнхийлөгчийн  2017 оны сонгуульд нэр дэвшигчдийн хэнийг ч дэмжихгүй төдийгүй сонгуульд оролцохгүй байхыг уриалж ажиллах нь тодорхой болсон.

 

Харин АН-ын бас л гол фракциудын нэг болох  МоАН санаачилгын хувьд  ямар байр суурь баримтлах нь төдий л тодорхой бус байна. Тэгвэл  Ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуягийн удирддаг "Алтангадас" фракци Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг идэвхтэй дэмжин ажиллахаар болжээ. Тэр бүү хэл тус фракцийн албан ёсны тэргүүн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-аас нэр дэвшигчийн менежер, сонгуулийн төв штабын даргаар ажиллахаар болсон байна. Н.Алтанхуяг, Х.Баттулга нарыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эсрэг үзэл бодол нь нэгтгэсэн бололтой. Дашрамд дурьдахад "Алтангадас" фракци нь  2003 оны 2-р сарын 27-ны өдөр Монгол улсын хөгжлийн төлөө, нийгэмд үйлчилдэг, ашгийн бус “Алтангадас” Ассоциаци нэрээр байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл Монголын улс төрд хамгийн гол гэгдэх хуйвалдааныг зохион байгуулж байсан улс төрийн бүлэглэл юм.

 

П.Энхмандах

sonin.mn