Улаанбаатар хотод махны үнийн хөөрөгдлийг барих зорилгоор мах нөөцлөөд таван жилийг үзлээ.

Хүрэлцээ муутай, туранхай, хэтэрхий их ястай, чанар муутай гэж иргэд дургүйцдэг ч нөөцийн мах жил бүр хамгийн эрэлттэй зүйл болдог. Тэр тусмаа цагаан сарын баяраар нөөцийн махны эрэлт их нэмэгдсэн билээ. Хотын удирдлагууд иргэдийн хэрэгцээг хангах зорилгоор Цагаан сарын баярын өмнө “Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа”–г зохиогоод таван жилийн нүүр үзэж байна. Харин энэ жилийн хувьд нийслэлчүүдийн хэрэгцээнд зориулан 14 мянган тонн мах нөөцөлсөн. Цагаан сарын өмнөхөн өргөтгөсөн худалдаагаар өдөртөө 30 тонн орчим нөөцийн махыг худалдаалж байна гэнэ.  

Нөөцийн махны менежер буюу “Жаст Агро” ХХК нь олон нийтэд улсын нөөцөд мах бүрдүүлэх тухай мэдээлэл хүргэгдсэн өдрөөс эхлэн улсын нөөцөд мах худалдан авах үйл ажиллагааг эхлүүлж одоогийн байдлаар Улаанбаатар хотод агуулахуудад хүлээн авч сертификатаар баталгаажуулсан нь 8700.9 тонн, Улаанбаатар хотод гэрээт зоориудад хүлээгдэж, хүлээн авах үйл ажиллагаа үргэлжилж байгаа 495.5 тонн, хөдөө орон нутагт 8.2 тонн, нийт 9,204.6 тонн махны нөөц төвлөрүүлээд байгаа ажээ. Харин үнийн хувьд өмнөх нөөцийн махыг бодвол харьцангуй хямд бололтой. Одоо нөөцийн махыг 2013 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн гуравдугаар сарын 15-ны хооронд зах зээлд борлуулж эхлэхээр төлөвлөж дэлгүүрүүдийг сонгож гэрээ хийх, сав боодлыг бэлтгэх, жижиглэж, савлах зэрэг бэлтгэл ажлуудыг хангаж байгаа гэнэ.

Хороо бүрт доод тал нь хоёр дэлгүүрээр борлуулах бөгөөд нийслэл хотын хэмжээнд 320 гаруй цэгээр борлуулна. Кассын машинтай дэлгүүрүүдийн хувьд кассын талоноор хяналт хийх бөгөөд талоны нэг хувийг авчран тооцоо нийлсний дараа, дараагийн махны нийлүүлэлтийг хийх ажээ. Харин кассын машингүй дэлгүүрүүдийн хувьд “Ваучер”-ын системийг ашиглах бөгөөд “Ваучер”-ыг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, хороодтой хамтран ард иргэдэд тарааж, цугларсан ваучерын хэмжээгээр махыг нийлүүлж зорилтот зах зээлдээ борлогдож буй эсэхэд хяналт тавьж ажиллахаар төлөвлөсөн байгаа гэнэ. Борлуулалтыг өнгөрсөн жилүүдэд мөрдөгдөж байсан стандартын дагуу хоёр килограмаар жижиглэж савласан байдлаар борлуулах бөгөөд Засгийн газраас өгсөн  жижиглэнгийн үнэ буюу үхрийн махыг 5950 төгрөгөөс, ямааны махыг 5000 төгрөгөөс, хонины махыг 5750 төгрөгөөс хэтрүүлэхгүй байх үнээр ард иргэдэд хүргэх үүргийнхээ дагуу борлуулалтыг хийхээр төлөвлөсөн байна.  

Харин иргэдийн хувьд нөөцийн махны талаар үргэлж гомдол санал гаргадаг нь үнэн. Гэхдээ нөөцийн мах шиг хямд хэрнээ чанартай мах тэр болгон олдоод байхгүй байх. Нийслэлийн зарим иргэдийн хувьд нөөцийн мах худалдаж авна гэдэг нь бараг л мөрөөдөл байдаг гэнэ. Ер нь Монгол Улсад хямд мах иднэ гэдэг мөрөөдөл болоод зургаан жилийн нүүр үзэж байна. Бүр зургаа ч байтугай олон жил ч болсон байж магад.

Ингээд нөөцийн махны талаар зарим иргэдийн санал сэтгэгдэлийг сонслоо.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ГУРАВДУГААР ХОРООНЫ ИРГЭН Ч.ДАЯНБААТАР: НӨӨЦИЙН МАХ АВАХ ХЭЦҮҮ АСУУДАЛ

-Нөөцийн мах цагаан сарын өмнө гарсан ч нэг л удаа авч үзсэн. Уг нь гайгүй мах байсан. Гэхдээ эртхэн авахгүй бол ихэнхдээ ястай мах нь үлддэг юм байна лээ. Намайг авахад дөнгөж орж ирсэн байсан. Одоо бол хаагуур зараад байгаа юм, бүү мэд. Ер нь нөөцийн мах авна гэдэг 90-ээд оны үед хүнсний бараанд дугаарлаж байдаг шиг хүндхэн асуудал болсон байна шүү дээ. Зурагтаар бол худалдаалах газруудыг нь зарлаад байдаг очоод авах гэхээр дууссан удахгүй ирнэ л гэх юм.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН XVII ХОРООНЫ ИРГЭН Г.ЭРДЭНЭ: НӨӨЦИЙН МАХ ЧАНАРЫН ХУВЬД САЙН Ч ӨНГӨ ҮЗЭМЖ МУУТАЙ

-Нөөцийн мах гарснаар захуудад дээр зарагдаж байгаа махны үнийг бүрэн буулгаж чадсан гэж хувьдаа ойлгож байна. Өнгө үзэмж тааруу ч чанарын хувьд сайн гэж боддог. “Хүчит шонхор”, “Нарантуул” зэрэг томоохон захуудад зарагдаж байгаа махнуудаас харьцангүй өнгө зүс муутай халтарч гэсэн сайн мах байдаг юм. Одоогоор хаврын мах жаахан муу байдаг. Тэгвэл нөөцийн мах бол өвөл нөөцөлсөн харьцангуй сайн мах байдаг юм. Гэхдээ зооринд удсан болохоор хуршсан амттай байж магадгүй л юм.

Э.Баясгалан