Зээлийн хүү бидэнд юу хэлж өгдөг вэ?
2017/08/24
Нөхөр бид хоёр бараг зургаан жил банкны зээл төлж байна. Манай хүн жилийн найман хувийн хүүтэй байрны зээлээ, харин би таван хувийн хүүтэй бизнесийн зээлээ төлдөг. Авсан цалин зээлээ төлөхөд “ууршаад” л дуусдаг болохоор цааш нь мөнгө хадгална, хуримтлалтай болно гэдэг үлгэрийн далай. Дээрээс нь хэдэн хүүхдээ хувцаслаж, хичээл сургуулийг нь бэлдэнэ гээд ажил мундахгүй их.
Саяхан Германд суралцдаг дүү маань манайд зочлов. Бөөн бэлэг сэлтэнд умбасан бид халуун яриа өрнүүлж байтал мань хүн манай зээлийн хүүг сонсоод ухаан алдах дөхлөө.
Арай гэж хөөцөлдөж байж найман хувийн зээлтэй болсондоо олзуурхаад сууж байгаа биднийг харин ч “тэнгэрт тулсан” үнээр байртай болж байна гэж тэр үзэж байлаа.
Түүний тайлбарласнаар Германд орон сууцны зээлийн хүү 2.05 хувьтай байдаг аж. Ингэж хүү нь бага байдаг бас учиртай. Санхүүгийн зах зээл хангалттай хөгжсөн, ажил эрхлэлт өндөр, хүмүүсийнх нь эдийн засгийн мэдлэг сайны дээр улс орных нь хөгжил хурдтай урагшилдагаас ийм үр дүн гарчээ. Нэг хүнд ногдох ДНБ 45.551 ам доллар. Энэ бол тус улсын хувьд өнгөрсөн жилийн дүн. Энэ нь бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт бол 1970 онд хамгийн бага буюу 19.624 ам.доллар байжээ. Тэгвэл Их 20-ийн дунд Швейцарь улсын нэг хүнд ногдох ДНБ 75.000 ам. доллар байна. Нийгмийн халамж ажилгүйдлийн тэтгэмж, хүүхдийн халамж зэргийг боловсронгуйгаар шийдэж өгсөн нь ажил эрхлэлт түүнийг дагасан худалдан авалтыг урамшуулах гол механизм болдог юм байна.
Харин Монголд энэ нь ямар байгаа билээ гээд үзье л дээ. Нэгт: Манайд нийгмийн халамж хангалтгүй гэж хэлэхэд буруудахгүй байх. Ажлаас гарлаа ажилгүйдлийн тэтгэмж олдохоосоо олдохгүй нь элбэг. Хүүхэд төрүүллээ, хүүхдийн тэтгэмж сардаа 20.000-аас илүүгүй.
Санхүүгийн зах зээл сайн хөгжөөгүй. Хувьцаа, бонд, үнэт цаас, венчерийн хөрөнгө оруулсан зэрэг мөнгөний эх үүсвэрүүд дөнгөж л “хөлд орж” байна. Ингээд л мөнгөний ганц сурвалж нь банкууд болж хувираад байгаа юм.
Та Германд байсан бол адаглаад морин уралдаанд бооцоо тавиад мөнгө хожиж болно. Эсвэл Франфуртын хөрөнгийн бирж дээрээс, хувьцаа худалдаж аван, түүнийгээ зараад мөнгө олж болно. Бүр болохгүй бол цагийн ажил хийнэ. Хөрөнгийн урсгал нь асар олон “цорго”-той учир зөвхөн банк сахиж толгой гашилгах хэрэг тэнд байхгүй.
Харин манайд эсрэгээрээ хөрөнгийн бирж дээр очиж хувьцаа аваад түүгээрээ хөгжинө гэдэг яг одоохондоо зүүд зэрэглээ хэвээр байна. Ворен Баффет шиг хувьцаагаар хөрөнгөжиж болдгийг харуулсан яруу тод жишээ ч манайд алга.
Үр дүн нь банкууд л санхүүгийн системийн хамаг ачааг авч, бүх эрсдэлээ нуруундаа үүрээд ганц дайчин шиг “үзэлцэж” байна. Хүмүүсээс банкууд барьцаа нэхдэг, бас зээлийн хүү өндөр байдгийн нэгэн шалтгааныг ийн тайлбарлаж болох юм.
Яг үнэндээ биднээс авсан барьцааг эргэж худалдах борлуулах гэж зээл өгснөөсөө дор юм болдгийг мэдэх хүн ч ховор. Батад мөнгө зээлэхийн тулд та Батын гар утсыг барьцаалж үлджээ гэж бодъё. Гэтэл мань хүн сураггүй алга болбол та утсыг нь зээлсэн мөнгөндөө үнэ хүртэл нь зарж чадах уу гэдгээ өөрөөсөө нэг асуугаарай.
Одоо хадгаламжийн тухай ярья. Таны хадгалуулж буй мөнгө бол банкны салбарын бизнесийн лангуун дээрх үндсэн ганцхан бараа юм. Тэр барааг чинь яг л хүнсний ногоог муутгачихгүйн тулд худалдаачин хүн хэрхэн арчилдаг, түүнтэй л адил арга ухаанаар банкууд “эргэлдүүлнэ” дээ. Мөнгийг чинь хамгаалахын тулд манаач, хамгаалагчаа цалинжуулна. Бас мөнгийг чинь өсгөхийн тулд бусдад зээлнэ. Тэр зээлийн хүүнээс танд “хишиг” хүртээнэ. Бас банк маань өөрийнхөө байр байшингийнхаа ус цахилгаан, ажилчдын унаа цалин, адаглаад л бичиг цаасныхаа зардлыг шингээнэ. Бүр энгийнээр бол та хэзээ ч кг ногоог 500 төгрөгөөр аваад яг тэр үнээр нь зарахгүй дэг ээ. Ядахдаа 50 цаас “унагаж”, бас унаа, хоолныхоо зардлыг шингээхээ бодно оо доо. Ингэхээр л Монголд зээлийн хүү хадгаламжийн хүүнээс өндөр байдаг нь учиртай юм. Ганц Герман гэлтгүй Швейцарьт орон сууцны зээлийн хүү 1.45, Японд бол 1.25 хувь байна.
Эдийн засаг цэгцэрч, хүмүүсийн санхүүгийн мэдлэг тэлэхийн хэрээр Монгол ч дээрх тоонд ойртоно гэдэгт харин бид итгэлтэй байх хэрэгтэй болов уу. Сүхбаатарын талбай дахь хөрөнгийн бирж захиалгаар “хахаж”, хөрөнгө оруулалтууд эзнээ эрж улам хямдарч, банкуудын ачаалал багасахын хэрээр зээлийн хүү мөрөөдлийн бага хувьдаа ойртох нь. Тэр цагийг зүгээр хүлээж суулгүй хүн бүр санхүүгийн ухаанд суралцвал асуудал илүү хялбар болох биз ээ.
Ж.ЦОГЗОЛМАА
Зочин · 2017/08/24
edsiin zasag saijirj bussinesuud tsetsgelsnii daraa l xyy buurna ternees naash buuh logik bhgui shuu deeee