ПАРИС./TASS/. Францын Ерөнхийлөгчийн гэргий Брижит Макронд зориулсан “Elle” сэтгүүлийн тусгай дугаар борлуулалтаараа сүүлийн арван жилийн рекордыг эвджээ. Дэлхий даяарх уншигчид одоогийн байдлаар хагас сая хувийг худалдаж аваад байгаа тухай ням гарагт Францын “Lagardere” мэдээллийн холдингд харьяалагддаг “Le Journal du Dimanche” сонинд мэдээлжээ.

 

Францын тэргүүн хатагтайн зургийг нүүрэндээ тавьсан мөн түүний 10 хуудас ярилцлага бүхий “Elle”-ийн тусгай дугаар 8 дугаар сарын 18-нд хэвлэгдэн гарчээ. Сэтгүүлийг худалдаж авсан хүний тоо 530 000-д хүрснээс гадна тэргүүн хатагтайн ярилцлагыг интернетээс 30 сая гаруй хүн уншсан байна.

 

Хатагтай Б.Макрон уншигчтайгаа өөрийн хайр сэтгэлийн тухай хуваалцаж, Елисейн ордонд ирсэн анхны өдрүүдийн талаар ярьсан төдийгүй Францын тэргүүн хатагтайн үүрэг функц, түүнчлэн түүний үйл ажиллагааны зардал нь тусгай зарлигаар баталгаажих болно гэдгийг мэдэгджээ. Энэ нь Брижит Макрон үрэлгэн хүн учраас түүнд тэргүүн хатагтайн статусыг олгохын эсрэг интернетээр гарын үсэг цуглуулсан явдалд өгсөн хариу болжээ.

 

О.Барс 

Эх сурвалж: Монцамэ агентлаг