Ахиад л хэлье. Д.Оюун­хорол сайдаа, таныг Монголын үзэсгэ­лэнт байгаль, гол мөрөн, горхи, рашаан, булаг шанд, амьтан, ургамлыг хамгаал, сайд нь байх хугацаандаа зэрлэг ан амьтан бүрийг, ус мөрөн, байгалийн баялаг бүхнийг нүдний цөцгий мэт хайрла гэж Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар томилсон байх гэж би хувьдаа боддог.

Гэхдээ зүгээр ч нэг сайд бус байгаль орчин, ан амьтан, ургамал, ус мөрөн, агаар, хүрээлэн буй бүхний сайн сайхны л төлөө бол хэний ч өөдөөс эрс шийдэмгий, зоригтой зогсож, “Байгаль орчны бүрэн бүтэн ирээдүйн төлөө би үүнийг эсэргүүцэж байна” гэж хэлэх сайд байгаасай гэж хүсэж ирсэн. Гэвч таниас ийм эр зориг гарах нь битгий хэл ашиглаж болох байгалийн баялаг бүхнийг ашиглуулах, экспортлох зөвшөөрлийг баруун солгойгүй олгох нөхцлийг бүрдүүлж, судалгаа барим­тыг нь боловсруулж өгч, олгосоор л байна. Алт, төмрийн хүдэр, жонш, амьтан, ургамал гээд байгалиас авч болох бүхэн рүү хэн хүссэн нь дайрч байна, таны болон албатуудын чинь тушаал, шийдвэр, үндэслэлээр. Үүний ганцхан жишээ нь тусгай зориулалт нэрийн дор жил бүр харийнхнаар агнуулдаг зэрлэг амьтан агнах тусгай зөвшөөрөл. “Орон нутгийн төсөвт тэдэн төгрөг орох ашигтай учраас улс орныхоо эдийн засгийг бодоод ийм шийдвэр гаргасан. Байгалийн баялгийг зүй зохистой ашиглаж байгаа явдал” гэх л байх. Гэвч таны болон албатуудын чинь амьтан агнуулахаар олгосон тусгай зөвшөөрлийн тоо газар дээрээ хэд дахин үржигдэж, хэчнээн ан амьтан, шувууд харийн анчдын хүйтэн зэвсэгт үрэгддэгийг мэдэх үү. Хянаж үзсэн үү.

Гаднынхан хурд, хүчтэй, туулах чадвартай машинаар, нисдэг тэргээр Монголын тал хээр, аль үзэсгэлэнт газар бүхнээр хэсүүчилж, дураараа дургин замд таарсан амьтай бүхэн рүү буу шагайж, шүршихийг нь шүршиж “тоглодог” тухай орон нутгийн иргэд, амьтан хамгаалагчдын итгэмээргүй яриа олон бий. Хоёр угалз агнах зөвшөөрөлтэй ч өмнөө тавыг цустай нь хольж, эгнүүлэн тавиад буугаа бахтайяа мөрлөн зогссон харийнхны зураг гаднынхан тусгай зөвшөөрлийнхөө тоогоор ан хийчихээд ёс зүйтэй, номын хүмүүс аялж байгаад буцдаггүй гэдгийг гэрчилнэ. 
Ийн ундуйцах болсон шалтгаан нь энэ жил 13 аймгийн 40 сумын нутгаас нийт 64 угалзыг гаднынхнаар агнуулах тусгай зөвшөөрөл олгожээ. Ингэж олгохдоо өмнөх жилүүдэд 2-5 угалз агнуулах хүсэлт ирүүлдэг байсан Увс аймагт есийг агнуулах зөвшөөрөл өгсөн байна.Гэхдээ бүр хоёр шатны шүүхийн шийдвэрийг үл тоон хууль бусаар байгуулагдсан төрийн бус байгууллагад угалз агнуулах тусгай зөвшөөрөл олгосон байх юм. 

ЖИРИЙН НЭГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГА АЖИЛЛАЖ БАЙГАА НЬ АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ МӨН ҮҮ

“Гулзатын санаачлага” төрийн бус байгууллага нь ховор амьтдын нэг болох аргаль угалзын нөөц, байршлыг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах үндсэн үүрэгтэйгээр 2008 онд байгуулагдаж, 2012 оноос тус аймгийн Засаг даргын  А/132 тоот захирамжаар аргаль угалзын агнуурын бүс нутгийн менежментийг хариуцаж ирсэн байдаг. Тус байгууллага 2015 онд Амьтны тухай хуулийн 22.4, 22.5 дахь заалтуудын дагуу хамтын ажиллагааны 10 жилийн хугацаатай гэрээг аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, хоёр сумын Засаг даргатай хийсэн аж. Өөрөөр хэлбэл, 2025 он хүртэл аргаль угалз хамгаалах, зүй зохистой ашиглах, бүс нутгийг хамгаалалтдаа байлгах эрхтэй болсон гэсэн үг. Түүнчлэн 2004 оноос тоо толгой нь илт хомсдож 300 гаруй болтол цөөрөөд байсан аргаль угалз 2016 онд “Гулзатын санаачлага” төрийн бус байгууллага, дээрх хоёр сумын 11 нөхөрлөлийн үйл ажиллагааны үр дүнд 2000 гаруй болж өссөн байдаг юм. Энэ нь уг амьтныг харж, хамгаалах, өвөл, хаврын цагт идэш, тэжээлийг нь бэлтгэн тавьж, тусгайлан анхаарч эхэлсэнтэй холбоотой гэдгийг нутгийн иргэд болоод судлаач, эрдэмтэд онцолж буй. Мөн энд онцлон дурдах зүйл нь тус төрийн бус байгууллагынхан угалзын тоо толгой өссө учраас 2013-2016 онд жилд 2-5 тооны угалзыг гаднын анчдаар агнуулах хүсэлтийг БОАЖЯ-нд хүргүүлж, дээрх хоёр сумын төсөвт 36-90 мянган ам.долларын орлого оруулсан аж. Өөрөөр хэлбэл, тус байгууллагынхан “Бид арчилж хамгаалж байгаа учир 10, 20 угалз агнуулна” гэж цээжээ дэлдэж байгаагүй гэдгийг онцлох хэрэгтэй. Ийн хэлсний учир нь өнгөрсөн онд Увс аймгийн Засаг дарга солигдохтой зэрэгцэн тус төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд улс төрийн хүрээнийхэн гар дүрж эхэлсэн байна. Ингээд зогсохгүй шинээр томилогдсон аймгийн Засаг дарга Д.Батсайхан өөрийн жолоочоор найман жил ажилласан З.Барсүрэн гэх хүнийг “Гулзатын санаачлага” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал эсвэл удирдах зөвлөлийн даргаар томилохыг шаардаж эхэлсэн байна. Улмаар тус төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн өргөтгөсөн хурлыг зохион байгуулж, зургаан хүнийг гүйцэтгэх захиралд томилохоор хуралдахад З.Барсүрэн гарч ирж чадаагүй аж. Гэсэн ч аймгийн Засаг дарга Д.Батсайхан А/167 тоот захирамж гарган 2015 онд гаргасан тухайн үеийн Засаг даргын А/583 тоот захирамжийг хүчингүй болгосон байна.
А/583 тоот захирамж нь 2015 онд Увс аймгийн тухайн үеийн Засаг дарга  Сагил, Бөхмөрөн сумын нутаг дахь аргаль, угалзын бус нутгийг “Гулзатын санаачлага” төрийн бус байгууллагад Амьтны тухай хуулийн “Агнуурын амьтны сан, түүний байршил нутгийг эзэмших, ашиглах гэсэн 22 дугаар зүйлийн 22.4-т “Агнуурын амьтны нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, ангийн гаралтай түүхий эд бэлтгэх зорилгоор агнуурын бүс нутгийн тодорхой хэсгийг гэрээний дагуу иргэн, хуулийн этгээдэд эмэмшүүлж болно”, 22.5-д “Энэ хуулийн 22.4-т заасан гэрээг зохих бэлтгэл хангуулах зорилгоор эхний ээлжинд нэг жил, цаашид 10 жилийн давтамжтайгаар 30 хүртэл жилийн хугацаагаар байгуулж болно” гэсэн заалтыг үндэслэн хариуцуулсан захирамж аж. Энэ захирамжийг Засаг дарга Д.Батсайхан хүчингүй болгож, үүнээс гурав хоногийн дараа “Гулзат орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг шинээр бай­гуулагдсан “Гулзат нөхөр­лөлүүдийн холбоо” төрийн бус байгууллагад нэг жилийн хугацаатай хариуцуулсугай” гэсэн А/169 тоот захирамж гаргасан байна. Үүнийг “Гулзатын санаачлага” төрийн бус байгууллагынхан эсэр­гүүцэж, анхан шатны шүүхэд гомдол гаргахад шүүгч “Уг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл А/167 тоот захирамжийн биелэлтийг түдгэлзүүлсэн” захирамж гаргасан байна.Улмаар Д.Батсайхан, З.Барсүрэн нар Улаанбаатар хот дахь Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд дээрх захирамжийг эсэргүүцэн хандсан ч тус шүүхээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “Энэхүү шүүхийн тогтоол нь эцсийнх байна” хэмээн өнгөрсөн зургадугаар сарын 27-нд шийдвэрлэжээ. Энэ бол Увс аймгийн Засаг дарга тэргүүтэй хүмүүсийн шинээр байгуулсан төрийн бус байгууллага аргаль угалзын бүс нутагт үйл ажиллагаа явуулах эрхгүй гэсэн шүүхийн шийдвэр. 
“Гулзатын са­наач­лага” төрийн бус байгуул­лагын­хан хоёр шатны шүүхийн захи­рамж, тогтоо­лыг БОАЖ-ын сайд Д.Оюун­хоролд хоёр удаа, БОАЖЯ-ны Хү­рээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдла­гын газрын дарга, мэргэжилт­нүүдэд гурван удаа  хүргүүлсэн ч БОАЖЯ-ныхан авч хэлэлцээгүй байна. Ингээд зогсохгүй Д.Батсайхан, З.Барсүрэн тэргүүтэй хүмүүсийн үүсгэн байгуулсан, Сагил, Бөхмөрөн суманд аргаль, угалзын үйл ажиллагаа явуулах эрхгүй төрийн бус байгууллагын гадаадын анчдад зуулчлагч таван компанитай байгуулсан гэрээг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа тэргүүтэй хүмүүс батлан, тусгай зөвшөөрөл олгосон байна. Энэ зөвшөөрлийн дагуу өнгөрсөн долоо, наймдугаар сарын эхээр Увс аймгаас таван угалз агнах зөвшөөрөлтэй гадныхан ирж, ан хийгээд буцсан байна. Үлдсэн дөрвийг нь ирэх есдүгээр сард агнуулахаар төлөвлөсөн аж. Үүний цаана олон жилийн турш хөлс, хөдөлмөрөө гаргаж, аргаль, угалзын тоо толгойг өсгөж, хамгаалж ирсэн төрийн бус байгууллагыг бодлогоор “зайлуулж” өөрсдийнхөө хү­­мүүсийг ажиллуулж байхыг үгүйсгэх аргагүй. Учир нь тусгай зориулалтын ангаас орон нутгийн төсөвт төдийгүй гадаадын анчдад зуучлагч компани, анчдыг хүлээж авч, ан агнах ажлыг нь зохион байгуулж буй төрийн бус байгууллагынханд чамлахааргүй ашиг унадаг байна. Үүнийг танил тал, хүрээл­лийнхэнтэйгээ хуваалца­хын тулд л Увс аймгийн Засаг дарга, БОАЖГ-ынхан хоёр шатны шүүхийн шийдвэрийг үл тоон ийн дураараа дургиж байгаа бололтой. 
Хуулийн дагуу л бол аль төрийн бус байгууллага, хэний компанид зөвшөөрөл олгох нь сайдын мэдлийн хэрэг биз. Угалз агнуулах тусгай зөвшөөрөл өгсөн төрийн бус байгууллагынх нь үйл ажиллагааг шүүхээс түдгэлзүүлчихээд байгааг мэдсээр атлаа эрх өгсөнд л учир байгаа юм. Энэ л үүнийг бичих шалтгаан билээ. Д.Оюунхорол сайд үнэхээр ажлаа мэддэг, хэн нэгний нөлөө, танил тал, ашиг хонжоонд автаагүй бол маргаантай байгаа Увс аймгаас энэ жил угалз агнуулахгүй байж ч болох байсан. Тэр “Есөн угалз агнуулах хүсэлтийг чинь буцаалаа. Шүүхийн маргаанаа эцэслэсний дараа зөвшөөрөл өгнө” гэх бүрэн эрхтэй ч тэгж чадсангүй. Хэрвээ тийм зүйл болсон бол засгийн тушаалтай есөн угалз амь хэлтэрч, тэдний дүйвээнд өртөх хэд ч юм бүү мэд ан амьтан, шувууд харийнхны гарт үрэгдэхгүй үлдэх байлаа. 

Үндэсний шуудан сонин