Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгууль түүхэндээ анх удаа гурван нэр дэвшигч эн тэнцүү өрсөлдөж, улмаар хоёр дахь шатны санал хураалтаар шийдэгдсэн.

 

Хоёр дахь шатны санал хураалтад УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, МоАХ-ны дарга Х.Баттулга хоёр өрсөлдөж Х.Баттулга олонхийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгч болсон юм.

 

Энэ сонгуулийн дүнгээс болж өнөөг хүртэл шокноосоо гараагүй хүмүүс байна. М.Энхболдыг ялагдсанд ингэтлээ гайхах хүн бас байна гэсэн үг. Үнэнийг хэлэхэд М.Энхболд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд унах суурь, нөхцөл нь аль хэдийнэ бий болсон байсныг доорх “тайлбар”-аас харж болно.

 

МАН-ын түүхэнд намын дарга нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд ингэж ялагдаж байсангүй. Ялангуяа УИХ-д 65 суудалтай болтлоо томорчихсон, үнэмлэхүй эрх баригч намын дарга шүү дээ. Ийм байхад энэ сонгуульд ялагдал хүлээнэ гэдэг зөвхөн сонгуулийн үеэрх ажиллагаа, аль эсвэл хэн нэгэн хүний оролцоотойгоор болчихсон хэрэг биш ажээ.

 

М.Энхболд сонгуульд унасныг нь ердөө хоёр томоохон шалтгаанаар хэлж болно. Нэгт, Засгийн газрын нэр хүнд, олонд таалагдаагүй шийдвэрүүд. Хоёрт, нэр дэвшигчийн хувийн хүчин зүйл нөлөөлжээ.

 

Нэг. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН-ын дарга М.Энхболд Ерөнхий сайд болсонгүй. Энэ нь тус намын болон өөрийнх нь нэр хүндийг унагав. Мөн УИХ-ын зарим гишүүн, сайд нар, Хотын удирдлагуудын алдаатай үйлдэл, алхмууд олны дунд МАН-ын рейтингийг унагасан юм. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 11-ний өдөр хээрийн сургуулилт хийж байсан хоёр албан хаагч гар бөмбөг дэлбэрсний улмаас амиа алдаж, найман албан хаагч шархадсан харамсалтай хэрэг гарч УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Батлан хам­гаа­лахын сайд Б.Бат-Эрдэнэд хариуцлага хү­лээл­гэж, огцруулах са­налаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүлсэн ч хариуцлага тооцсонгүй. 29 дүгээр сургуулийн хүүхдүүдийн эрх зөрчигдсөн асуудлаар салбарын сайдыг огц­рохыг шаардсан эсэргүү­цэл гарсан ч Ерөнхий сайд анхаарч үзээгүй бөгөөд сүүлд шалгалтын тест задарсан асуудлаар БСШУЯ-ны сайд Ж.Батсуурийг ажлаас чөлөө­лөв. Эдгээр нь МАН-ын дарга М.Энхболдын талаар сул, шийдэмгий бус гэсэн үнэлэлтийг дагуулсан.

 

Ерөнхийлөгчийн сонгуулиас дөрөвхөн сарын өмнө Засгийн газар долоон төрлийн татвар нэмэх, халамжийг танах, тэтгэврийн нас нэмэх тухай шийдвэр гаргасан. Энэ нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд шууд нөлөөлөхүйц ноцтой алхам болсон юм. Сон­гуулийн өмнө болон сонгуулийн үеэр олон нийтийн дунд хийсэн цуврал судалгаанаас үзэхэд Засгийн газрын энэ шийдвэр нь “...МАН нь УИХ-ын сонгуулийн амлалтаа биелүүлсэнгүй, олны итгэлийг хөсөр­дүүллээ” гэсэн үнэлэл­тийг дагуулсан юм.

 

Хоёр. МАН-ын VIII Бага хурлаар М.Энхболд, Ц.Нямдорж хоёрыг нэр дэвшүүлэн хэлэлцсэн юм. М.Энхболдын хувьд МАН-ын анхан шатнаас эхлэн Ерөнхий сайд, УИХ-ын дарга хүртэл алба хашиж ирсэн. 2016 оны УИХ, Орон нутгийн сонгуульд намаа ялуулсан, нам дотроо нэр хүндтэй лидерийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвших нь намын хувьд зүй ёсных байлаа. Гэвч олон нийтийн дунд, тэр дундаа Улаанбаатар хотын иргэдийн дунд “газрын наймаачин” хэмээх сөрөг имижтэй.

 

Ц.Нямдорж хууль зүйн салбарыг удаа дараа толгойлсон, дээрээс нь туршлагатай улстөрч байв. Тэрээр олон түмэнд “шударга, нэр цэвэр” гэж үнэлэгддэг хүн юм.

 

Ийм хоёр нэр дэвшигчээс 2017 оны тавдугаар сарын 3-нд МАН-ын VIII Бага хурал гишүүдийнхээ 85.7 хувийн саналаар М.Энхболдын нэрийг дэвшүүлэхээр болсон. Энэ цаг үеэс л олон нийтийн дунд М.Энхболдыг нэр дэвшүүлсэнд эргэлзсэн байр суурь, хэвлэлийн мэдээ гарч эхэлсэн. 2017 оны тавдугаар сарын 24, зургадугаар сарын 2-3-ны өдрүүдэд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт “Максима” судалгааны төвийн иргэдтэй хийсэн фокус бүлгийн ярилцлагын үеэр “...МАН-аас яагаад М.Энхболдыг нэр дэвшүүлсэн юм бэ, Ц.Нямдорж юмуу, Б.Бат-Эрдэнэ нэр дэвших байсан юм” гэсэн иргэд нэлээд байсан юм.

 

Ер нь бол М.Энхболдыг МАН-ыг тогтвортой дэмжигчид л дэмжиж байлаа. MMCG судалгааны төв нэр дэвшигчдийн гарааны рейтингийг судлахад М.Энхболдыг дэмжих сонгогчдын нөөц бага байсан. Уг судалгаагаар аль ч намыг дэмждэггүй сонгогчдоос 14 орчим хувь нь л М.Энхболдын төлөө саналаа өгч, үлдсэн 86 хувь нь Х.Баттулга ба С.Ганбаатар нарт тэнцвэртэйгээр хуваагдан саналаа өгч магадгүй нь харагдсан. Өөрөөр хэлбэл, М.Энхболд нийт сонгогчдын 30 орчим хувь буюу МАН-ыг тогтвортой дэмжигчдийн саналыг хангалттай авч байгаа ч цаашид өсгөх нөөц боломж маш бага гэдэг нь энэ судалгааны дүнгээс илэрч байлаа. Тийм учраас зургадугаар сарын 26-нд болсон эхний шатны санал хураалтаар М.Энхболд 30.3 хувийн санал авсан нь энэ сонгуулийн явцад авч болох дээд хэмжээний саналаа л авсан гэсэн үг юм.

 

Энэ удаагийн Ерөн­хий­лөгчийн сонгуулийн нэг онцлог нь сонгогчдын дийлэнх нь нэр дэвшигчид тодорсон цагаас сон­голтоо хийчихсэн байв. Судалгааны дүнгүүдээс харахад сонгуулийн туршид хөвөгч сонгогчид 6-7-хон хувь байсан нь өмнөх УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулиудаас хамгийн бага үзүүлэлт юм.

 

Эдгээрээс гадна дагалдах хүчин зүйлс сонгуулийн дүнд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн.

 

Нийслэлийн сонгогчдын дунд “газрын наймаачин” гэж нэрлэгдсэн М.Энхболд анхнаасаа нийслэлд бага санал авах нь тодорхой байв. 2017 оны тавдугаар сарын 24-ны буюу гарааны рейтингээс эхлэн сонгуулийн бүх хугацааны туршид М.Энхболдын рейтинг нийслэлд нөгөө хоёр өрсөлдөгчөөсөө хамгийн доогуур байсан.

 

Мөн “...60 тэрбумын бичлэг бол үнэн. Төрийн албыг намын харьяаллаар халж солих явдлыг бодит амьдрал дээр байдаг” гэдэгт сонгогчид итгэж байсан. Тэр дундаа төрийн албан хаагчид, эмч, багш нар зэрэг төсвийнхны дунд энэ асуудлыг үнэн гэж үзэх хүн олон байсны зэрэгцээ МАН болон Ж.Эрдэнэбатын засгийн газрын үйл ажиллагаанд хамгийн сэтгэл дундуур байгаа нь сонгуулийн үеэр харагдаж байв.

 

Түүнчлэн 2017 оны зургадугаар сарын 14-16-нд иргэн Г.Доржзодовыг баривчлах гэж байгаа тухай болон түүний цонхоор хийсэн шууд бичлэгийн  талаарх мэдээний сайтууд болон фейсбүүкт тараагдсан мэдээлэл, шууд бичлэгүүдийг давхардсан тоогоор 518 мянган хүн үзсэн нь сошиал орчин дахь маш өндөр үзүүлэлт юм. Эдгээр мэдээллийг үзсэн хүмүүсийн хувьд МАН-ыг,М.Энхболдыг буруутгах байр суурь давамгай байлаа.

 

Үүнээс гадна 2017 оны зургадугаар сарын 21-нд буюу сонгуулийн санал хураалтаас тав хоногийн өмнө “60 тэрбумын аархал” хэмээх бичлэгийг өрсөлдөгчийнх нь зүгээс фейсбүүкийн гишүүд ихтэй 15 томоохон группт тавьсныг 24 цагийн дотор 210 мянган хүн үзсэн байдаг.  Энэ бичлэгийг үзсэн хүмүүсийн дийлэнх нь сөрөг сэтгэгдэл үлдээсэн. Энэ бичлэгээс “...Хятад хүнтэй 100 доллараар золгосон. Гэртээ баахан дарга нарыг аваачаад бэлэг өгч байсан, Соёмботой тортой юм өгч байсан. Тэд нарын ууж байгаа шампаск 10 саяын үнэтэй байсан” гэдгийг  хүмүүс ихээр ярьж эгдүүцэж байлаа. Ийнхүү уг бичлэгийг үзсэн хүмүүсийн дунд М.Энхболдыг шууд буруутган шүүмжилсэн байр суурь түгээмэл байсан юм.

 

Сонгуулийн шийдвэрлэх мөч болох долдугаар сарын 3-нд нэр дэвшигч М.Энхболдын мэтгэлцээний бэлтгэл хийж буй бичлэг алдагдаж сошиал ертөнцөд тавигдсанаар олон нийтийн дунд ихээхэн сөрөг үнэлэлт бий болгов. Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээнд орохын өмнө нэр дэвшигчид ийм загвар мэтгэлцээн хийх нь дэлхийн улсуудад түгээмэл байдаг. Гэвч уг бичлэг дэх “...Ард түмэн бол цагаан цаас” гэх мэтийн яриа нь  олон нийтийн дургүйцлийг ихэд төрүүлсэн.

 

М.Энхболд ингэж л унасан. Харин тэрээр нам дотроосоо, бас гаднаас сонгуульд ялагдуулсан буруутныг хайсаар байгаа бололтой.

 

Б.Очир