Тэмүүлэнгийн тэмүүлэлтэй өөрчлөлт /Фото/
2017/09/12
Энэ цаг үе биднийг эрч хүчтэй, эрүүл чийрэг байхыг шаардах болсон үе. Тиймээс ч хэн хүнгүй л нийгмээ дагаад өөрчлөгдөх болжээ. Бидний амьдралд олон саад бэрхшээл тохиолддог ч түүнийгээ дагаад бас олон боломжууд нээгддэг. Тэгвэл бид өөрийнхөө хүсэл сонирхолыг дагаж өөрийгөө ялан дийлж яваа нэгэн залуутай та бүхнийг уулзуулах гэсэн юм.
Сур : Сайн байна уу? Тэмүүлээн. Сайхан намаржиж байна уу? Өөрийгөө манай уншигч залууст танилцуулахгүй юу?
Тэмүүлэн: Сайн байцгаана уу? Та нартаа энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Намайг Энхбаатарын Тэмүүлэн гэдэг. Би одоо 33 настай.
Сур: Тэмүүлэнгийн хувьд фитнесээр сонирхон хичээллэх болсон талаараа яриагаа эхлэвэл ямар вэ?
Тэмүүлэн: Тиймээ. Би төрөх үедээ бүтэлттэй хүндрэлтэй төрсөн гэсэн. Тэгээд үүнээсээ болоод харвалт өгч саажилттай болсон юм гэнэ лээ. Ээж аав хоёр минь намайг хүн болгох гэж их л зүдэрсэн дээ. Рашаан сувилалд жил болгон эмчлүүлнэ. Жил бүрийн хавар намар курс эмчилгээ хийлгэнэ. Нөхөн сэргээх физик эмчилгээнд массаж хийлгэх гээд олон аргаар үнэхээр эмчлэх гэж үзсэн дээ.
Сур: Эмчилгээ хэр үр дүнтэй байв. Биед нь нөлөө үзүүлсэн үү?
Тэмүүлэн: Эмч сувилагч нар миний төлөө чадах бүхнээ л хийж байсан ч бие маань нэг л сайжрахгүй л байлаа. Тэгээд хөдөлгөөнд явуулж биеийг нь чангалах хэрэгтэй гэж эмч маань зөвлөснөөр фитнест явах тухай боддог болсон.
Сур : Фитнест явах талаар урд нь бодож байсан болов уу?
Тэмүүлэн: Ийм бие хаатай хүн чинь тэр талаар ямар ч төсөөлөл байгаагүй ээ. Эмч зөвлөсөн болохоор л хөдөлгөөн, фитнес гэдэг талаар мэдээлэл цуглуулж эхэлсэн дээ. Сүүлдээ бүр алдартай тамирчдын сонирхолтой түүхүүдийг уншиж олж мэдсэнээр ер нь фитнест хичээллэж үзье гэдэг хүсэл төрсөн дөө.
Сур : Анх ямар фитнест явж эхэлсэн бэ? Хэн багшаар заалгаж бэлтгэл хийж эхлэв?
Тэмүүлэн: Би анх "Голден жим" фитнес клубт 2010 оны 7 сараас эхлэн явах болсон. Намайг "Голден жим"-ийн захирал багш Баянмөнх клубтээ оруулж хичээллүүлсэнээр өнөөдрийг хүртэл долоон жил тасралтгүй энэ фитнестээ хичээллэсээр байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд анх удаа фитнест явахад үнэхээр хэцүү байсан. Хөл , гар , бие минь эвлэж өгөхгүй сэтгэлээр их л унадаг өдрүүд олон байлаа. Харин сайн багш нарын хүчинд аажмаар биеэ удирдаж чаддаг болсон. Дасгалаа ч дажгүй хийж, төмөрөө ч өөрийнхөө хэрээр өргөдөг болсон доо./инээв /
Сур : Энэ олон жил хичээллэсэн үр дүнгээсээ бидэнтэй хуваалцаач.
Тэмүүлэн: Фитнесээр олон жил хичээллэсний үр дүнд эрүүл мэнд маань сайжирч, би өөрийнхөө хөдөлгөөнийг хянаж чаддаг болсондоо үнэхээр их баяртай байгаа. Бас сайхан хамт олонтой болж, өөрийн гэсэн хүсэл зорилготой болсон. Нуулгүй хэлэхэд Голден жим фитнес клубээс уламжлал болгон зохиогддог Мисс & мистерийн тэмцээнд оролцохыг мөрөөддөг болсон. / инээв. / Хэдийгээр энгийн мундаг залуучууд ордог тэмцээн боловч би өөрийнхөө хувьд энэ олон жил хичээллэснийхээ үр дүнг бас үзье гэж бодоод Баянмөнх захиралд хэлсэн чинь намайг дэмжиж, удахгүй болох тэмцээндээ орохыг зөвшөөрсөнд би хязгааргүй их баярлаж байгаа даа. Мөн хэдхэн хоногийн дараа болох бодибилдингийн улсын аваргын тэмцээнд орно гэсэн чин эрмэлзлэлтэйгээр бэлтгэлээ базааж байна. /инээв /
Сур : Үнэхээр гайхалтай хэрэг. Бэлтгэл хэр байгаа вэ.? Ямар бэрхшээлүүд тохиолдох юм бэ?
Тэмүүлэн: Баатараа багш, Төгсөө багш, Жавхаа багш гээд олон мундаг дадлага туршлагатай багш нартайгаа бэлтгэлээ базааж байна. Багш нар маань надтай их тулж ажилладаг. Би ч тэднийхээ заасан зөвлөсөн бүхнийг биелүүлэх гэж хэрэндээ зүтгэж байгаа. Бэлтгэл болгоноос тамирчин хүнд байх тэсвэр тэвчээр, бэлтгэлийн үеийн хооллолт, булчингаа уургаар зөв хооллох гэдэг ухааныг суралцаж байдаг даа. Фитнесийн спорт бол зарлага өндөртэй спорт юм билээ. Сайн амжилт гаргая гэвэл сайн уураг хэрэглэх шаардлагатай болдог. Миний хувьд тэр болгон ээжийнхээ тэтгэвэрийн болоод өөрийнхөө тэтгэмжийн мөнгөөр уураг авч ууна гэдэг үнэхээр асуудалтай байдаг. Гэхдээ яах вэ. Түмнийхээ буянд болоод л байна.
Сур: Үнэхээр Тэмүүлэн маань гайхалтай түүхийг бүтээжээ. Ингээд чамд эрүүл энхийг хүсээд удахгүй болох тэмцээнүүдэд нь амжилт хүсье.
Тэмүүлэн: Баярлалаа. Миний хувьд тэмцээнүүдэд түрүүлэхдээ гол нь биш ээ. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүн фитнесээр хичээллэж өөрийгөө ялан дийлж болдог гэдгийг өөрөөрөө үлгэрлэн харуулахыг зорьсон юм. Над шиг хүсэл сонирхолтой залуус байвал бүү шантараарай. Та нар фитнесээр хичээллээд үзээрэй. Үр дүн нь үнэхээр харагддаг юм билээ. Ингээд эрүүлийг хүсвэл фитнесээр хичээллээрэй гэж хүн бүрт хэлмээр байна даа. Сур : Энгийн залуустай эн зэрэгцэн хичээж, зүтгэж , хөдөлмөрлөж яваа Тэмүүлэнгийн тэмүүлэлтэй өөрчлөлт олон залууст үлгэр дууриалал болох нь дамжиггүй ээ.