1980 онд дэлгэцэнд гарсан Cannibal Holocaust киноны найруулагч Ruggero Deodato-г кино нь нээлтээ хийснээс 10 хоногийн дараа Италийн эрх баригчид ёс бус хүчирхийлэл сурталчилсан гэж үзэн баривчилжээ. Ингээд киноны бүх хуулбаруудыг цагдаа нар хурааж авсан байна. 1981 оны 1 сард Францад кино нээлтээ хийсэн даруйд Фото нэртэй сэтгүүл кинон дээр гарч байгаа хэд хэдэн үхэл бодит байсан гэсэн таамгийг дэвшүүлснээр хэрэг манджээ. Фото сэтгүүлийн нийтлэл цацагдсаны дараа найруулагч Ruggero Deodato-д хүн амины хэргээр зүйл анги нэмж тулгажээ. Шүүхийн зүгээс кинон дээр алагдсан байдлаар гарч байгаа эмэгтэй жүжигчдийг бодит байдал дээр ч гэсэн кинонд зориулж амь насыг нь хөнөөсөн гэж үзсэн байна. Гол онцлог нь кинонд алагдаж байгаа жүжигчид уран бүтээл нь нээлтээ хийснээс хойш 1 жилийн дотор ямар нэг кино, зар сурталчилгаанд тоглохгүй байхаар гэрээ хийсэн байжээ. Ингэснээр киног олон нийтэд Амазоны ойд төөрсөн киноны багийнхны бодит бичлэг гэсэн ойлголт өгөх зорилготой байсан байна. Шүүхээс найруулагч Ruggero Deodato-гийн хэлээд байгаа амьд байгаа жүжигчид нь яагаад тв, сонин сэтгүүлээр гарахгүй байгаа вэ гэсэн асуулт ч тавигдсан байна. Ингээд гэм буруугүй гэдгээ нотлохын тулд нууцлалын гэрээтэй байсан 3 жүжигчинтэй холбоо барьж, Италийн тв-ийн шоунд оруулжээ. Харин маргаан дагуулсан жүжигчнийг шонд цоо сүлбүүлсэн хэсгийн зураг авалтыг хэрхэн хийснийг тэрээр тайлбарлахдаа шон дээр унадаг дугуйны суудал байрлуулж, жүжигчнээ суулгаад, амаар нь богино хэмжээний мод гаргаснаа үзүүлжээ. Ингээд шүүх бүрэлдэхүүнд энэ хэсэгт тоглосон охин кино багийнхантай зураг авалтынхаа дараа эсэн мэнд байгаа зургийг хүртэл үзүүлж байж Ruggero Deodato хүн амины хэргээс мултарсан гэдэг. Амазоны ойд баримтат кино хийхээр газардаад сураггүй болсон кино багийнхныг хайсан эрлийн багийнхан нутгийн уугуул хүний махан идэштэн омогтой нүүр тулж буй үйл явдлыг өгүүлэх энэ кино тухайн үеийн ханшаараа 100 мянган ам.долларын төсвөөр бүтэж, 200 сая ам.долларын ашиг олж байжээ. Итали, Австрали зэрэг хэд хэдэн оронд хүчирхийлэл, аллага, хядлага, харгислалаас гадна амьтны амийг бодитоор хөнөөж байгааг харуулсан Cannibal Holocaustкиног гаргахыг хориглосон бөгөөд шүүмжлэгчдийн хувьд киног соёл иргэншсэн болон иргэншээгүй нийгмийн ялгааг харуулсан гэж үздэг.