МАН-ынхан өөрсдийгөө ард түмний захиалгаар сонгогдсон гэж хэлэх дуртай. Өмнөх парламентынхан, ялангуяа АН-ынхан улс орныг, ард түмний амьдралыг итгэтлэн доройтуулсан учраас МАН-ыг энэ бүхнийг засч сайжруулахын тулд сонгосон гэдэг.

  Энэ тухайгаа гишүүд нь үг хэлэх болгондоо оршил болгон ярьдаг ч үнэндээ тэд арчаагүй царайлсаар. УИХ-д 65 гишүүнтэй бүлэг гэдэг бол маш том эрх мэдэл.

 

 

Зарим гишүүдийн хэлж байгаачлан Үндсэн хуулийг өөрчилж чадах хэмжээний том бүлэглэл. Харамсалтай нь МАН-ыхны албан тушаалын төлөөх тэмцэл эрх мэдлийг нь сулруулж, УИХ-д есхөн суудалтай АН-д “хоол” болсоор байна. Мэргэжлийн Засгийн газрыг огцруулахад МАН тэг дундуураа хуваагдсан. Нэг хэсэг нь Засгийн газрыг огцруулах нь зөв хэмээн гарын үсэг зурсанаас болж улс орны нөхцөл байдал АН-ын бүлгээс шалтгаалах болсон. Нэг ёсондоо тэд бүх эрх мэдлийг гартаа атгаж, тэдний шийдвэрээс МАН-ын Засгийн газрын хувь заяа хамаарах нь тэр. Бүхэл бүтэн 65 гишүүнтэй бүлгийн байгуулсан Засгийн газар есхөн гишүүнтэй АН-ын бүлгийг царай алдана гэдэг арай дэндүү арчаагүй байгаагийн шинж гэлтэй.

 

Гэвч энэ байдал НИТХ  дээр дахин давтагдав. Өнгөрсөн долоо хоногийн топ сэдэв нь НИТХ-ын хуралдаан байлаа. Энэ хуралдаанаар НИТХ-ын дарга Ц.Сандуй ажлаа өгөх байв. МАН-ын удирдлагуудыг тэр дундаа нийслэлийн МАН-ыг олон сарын турш “ороосон” 60 тэрбумын хэрэг болон өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдал хүлээсэн хариуцлагаа хүлээж ажлаа өгөхөө мэдэгдсэн  түүнийг хэн орлох нь хамгийн сонирхолтой асуулт байв. Гэвч МАН-ынхан мөн л арчаагүй зангаа НИТХ-даа халдварлуулж, бүхнийг АН-ыхны гарт атгуулчихлаа.

 

НИТХ-ын 45 суудлын 34 нь МАН-ынх. Үлдсэн 11 нь Ардчилсан нам оногддог. Хувилаж үзвэл  НИТХ-ын 76 хувь нь МАН-ынх, 24 хувь нь АН-ынх гэсэн үг. Өнгөрсөн баасан гаригийн НИТ-ийн ээлжит 11 дүгээр хуралд 45 төлөөлөгчөөс 44 нь оролцсон нь ойрд бүрдээгүй өндөр ирц байв. Экс дарга нь ажлаа хүлээлгэж өгөхдөө төлөөлөгчидөө баахан “мяа”-лж, МАХН-ын гишүүний оймсонд оногдохоо шахсан гээд л дуулиантайгаар эхэлсэн тус хурал үндсэн ажлаа гүйцэлдүүлж чадаагүй. МАН-ынхан НИТХ-ын дараагийн даргаа сонгохдоо тэг дундуураа хуваагдчихсан. НИТХ-ын даргад төлөөлөгч С.Амарсайхан, Д.Баярсайхан нар нэр дэвшиж, нууц санал хураахад хоёр нэр дэвшигчид МАН-ынхан ижил санал өгсөн юм. Ардчилсан намын төлөөлөгчид дотоод асуудлаа шийдэж чадахгүй, намын удирдлагууд нь хүртэл оролцож байгаа нь хууль бус үйлдэл хэмээн мэдэгдэж, “Сандал ширээний асуудлаа олонх өөрсдөө шийдэг” гэсэн байр суурьтай байсан. Тиймдээ ч тэд цагаан хуудсаар санал өгсөн нь тэдэнд давуу тал авчирчээ. Өөрөөр хэлбэл НИТХ-ын олонх МАН, цөөнх болсон АН-аас хамааралтай болж хувирч байна. 

 

Улс төрд бүлэглэлийн олонх байна гэдэг маш том давуу тал байдаг. Гэвч МАН-ынхан үүнийгээ ашиглаж чадахгүй, цөөнхдөө “илүүлсээр” байгаа нь дотоод эв нэгдэл ямар байгааг давхар харуулаад авлаа. Эрх баригчид, эрх баригч намын гишүүд ухамсартай байж гэмээнэ улс орны өмнө тулгамдаж байгаа асуудлаа шийдэж чадна. Өнөөдөр улс орон болоод нийслэлчүүдийн өмнө шийдэж асуудал мундахгүй их байна. Өвөлжилтийн бэлтгэл, түлээ нүүрс, халаалт, агаарын бохирдол, утаа униар, цэвэрлэх байгууламж гээд өдөр тутмын ажлаас гадна багш нарын ажил хаялтын асуудал “толгой өвтгөөд” цөөнгүй хоногийн ардаа үдлээ. Гэвч МАН-ынхан ийнхүү АН-д бариулсаар байвал ард түмний амьдрал ч хэцүүдэж мэдэх нь байна.  

 

Б.Өрнөх

24tsag.mn