МАН-ын IX Бага хурал 9 сарын 25, 26-нд Тусгаар тогтнолын ордонд болсон.

 Уг бага хурлаар намын дарга М.Энхболдын улстөрийн илтгэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд хийсэн дүгнэлт, МАН-ын 28 дугаар Их хурлын төлөөлөгчийг сонгох журам болон Ерөнхий сайдын нэрийг тодруулах гэсэн дөрвөн асуудлыг тус тус хэлэлцэхээр товлосон байв. 

Ингээд хурлын хамгийн сүүлд Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах санал хураалт болж, бага хурлын 294 гишүүний 188 нь У.Хүрэлсүхийн төлөө саналаа өгч, Н.Энхболд 5, Ө.Энхтүвшин 101 төлөөлөгчийн санал авсан юм. Ийнхүү Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшихээр болж, өнөөдөр эрх баригч МАН түүний нэрийг Ерөнхийлөгч Х.Баттулгад албан ёсоор өргөн мэдүүллээ. Үүнтэй холбоотойгоор шинэ томилогдох Ерөнхий сайд Засгийн Газраа хэрхэн бүрдүүлэх вэ? гэдэг асуулт тавигдаж байна. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар  Монгол Улсын Шадар сайдад УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ж.Энхбаяр нар, 

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын Сайдад- УИХ-ын гишүүн Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Гадаад Харилцааны Сайдад УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Сангийн Сайдад Ч.Хүрэлбаатар, Барилга Хот Байгуулалтын Сайдад Б.Батзориг, Эрчим Хүчний Сайдад Ц.Даваасүрэн нарын нэрс урьдчилсан байдлаар яригдаж эхэлжээ. Мэдээж сайд нарын нэрс өөрчлөгдөж болох боловч нэг зарчмыг шинээр томилогдох Ерөнхий сайд баримтлах бөгөөд энэ нь М.Энхболдын фракцийнхнаас сайд болгохгүй гэдэг явдал аж. Өөрөөр хэлбэл М.Энхболдыг фракцийнх нь хамт эрх мэдлийн цаана үлдээх сонирхол МАН-ынханд байна гэсэн үг. Удахгүй хуралдах МАН-ын ээлжит хурлаар намын даргын албан тушаалаа хүлээлгэн өгнө гэдгээ УИХ-ын дарга М.Энхболд нэгэнтээ мэдэгдсэн билээ.

 

С.Сарнай

sonin.mn