-Ц.ЭЛБЭГДОРЖ, Н.ЭНХБАЯР НАРЫН ЭСГЭСЭН “ДАВХАР ДЭЭЛ”-ИЙГ ХЭН Ч УСТГАЖ ЧАДАХГҮЙ-

​УИХ-ын гишүүд маш том дутагдал олж харжээ. Ингээд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж байгаа явдлыг таслан зогсоохоор сэтгэл шулуудсан бололтой юм. Гэхдээ эрхэм гишүүд энэ асуудлыг 21 жилийн турш яриад таслан зог­соож чадаагүйн нууцыг, түүний цаадах үүх түүх хийгээд улс төрийн учир шалтгааныг судлаагүй ч байж мэднэ. Улсын Их Хурлын “ах” Улсын Бага хурал гэж байсныг эрхбиш мэдэх биз ээ. 
Улсын Бага хурлаас 1992 оны долоодугаар сарын 6-нд Улсын Их Хурлын тухай хуулийг батлахдаа Засгийн газрын гуравны нэгээс илүүгүйг УИХ-ын гишүүдийн дотроос хавсарган томилж болно гэж тогтоосон байдаг.
Эндээс “Давхар дээл”-ний түүх эхэлсэн билээ. Гэвч Д.Ламжав гэж улстөрч, хуульч нэгэн эр амбиц хөөхөөсөө илүү ард түмний эрх ашгийг бодож Үндсэн хуулийн Цэцэд удаа дараа дээрх асуудлаар санал гом­дол гаргаж “саад” учруулдаг байв. Ингээд 1996 оны долоодугаар сарын 17-нд Үндсэн хуулийн Цэцээс уг заалт Үндсэн хуулийг зөрчиж байна хэмээн дүгнэжээ. Цэцийн гаргасан тогтоолыг УИХ хэлэлцээд “Үндэслэлгүй” гээд эсрэг тогтоол үйлдчихэв. Үүнээс бараг нэг сар орчмын дараа буюу 1996 оны наймдугаар сарын 26-нд УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль баталж “Засгийн газрын гишүүдийн гуравны хоёроос илүүгүйг УИХ-ын гишүүдээс хавсарган томилж болно” гээд “УИХ-ын гишүүн, сайд”-ын тоо гурав байсныг зургаа болгон нэмжээ. Харин 1998 оны нэгдүгээр сард УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийг батлахдаа “Сайд нар байтугай Ерөнхий сайд хүртэл УИХ-ын гишүүн байж болно” гээд хуульчилсан байна. 
Энэ үеэс буюу Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байх үеэс л Засгийн газар тэр чигээрээ УИХ-ын гишүүдээс бүрдсэн байж ч болох эрх зүйн орчин бүрдсэн юм. Гэтэл эдүгээ Ерөнхийлөгч өөрийнх нь үед аятайхан сайхан нөхцөл бүр­дүүлж байсан тэр хуулийг буруу байжээ гэж үзээд, засвал олон нийтэд таалагдчих болов уу гэсэн үг шидэлж суух болсныг тухайн үеийн амьд гэрчүүд хараад таалдаггүй л болов уу. Иргэн Д.Ламжавт энэ байдал дахиад л буруу санагдаж тэсэж суухын аргагүй болохын цагт Үндсэн хуулийн Цэцэд хандлаа. Гэвч хоёр жилийн өмнөх тэр үйл явц давтагдаж Цэц Д.Ламжавыг зөвтгөн, Цэцийг УИХ буруутгах нь тэр. Ингээд Үндсэн хуулийн Цэцийнхэн өөрсдийг нь томилдог “аугаа их” УИХ-ынхаа шийдвэрийг хуулийн дагуу дагахаас аргагүй болж дүгнэлт гаргасан тогтоолоо “баллуурдахад” хүрэв. Өнөөх “Цэцийн дээр хөх тэнгэр бай­даг” ч яалаа. Ямартай ч “Давхар дээл”-ний “пионер” нь эдүгээгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэдгийг олон хүн гэрчилнэ. 
Гэхдээ Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ч бас үүнд том нөлөө үзүүлсэн. Учир нь 1997 онд Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Ба­габанди ялж түүнийг залгамжлан цөөнхийг ахалж байсан Н.Энхбаяр Ардчилсан эвсэл дэх хагарал бутрал хийгээд эрх мэдлийн төлөөх амбицыг хөгжөөж, “өөрсдөөр нь өөрсдийг нь бут цохиулахад Д.Ламжавын гомдлыг дэмжсэн Цэцийн шийдвэрийг УИХ-аас гаргасан тогтоол том хувь нэмэр оруулна хэмээн тооцоолсон. Энэ нь ч зөвдөж Ардчилсан эвслийнхэн дотроо “алалцаж” эхэлсэн төдийгүй 2000 оны давтагдашгүй, мартагдашгүй ялалтыг тухайн үеийн МАХН-д төдийгүй түүний дарга Н.Энхбаярт “бэлэглэсэн” юм.
Энэ бүхнээс хойш 21 жил ярьсан алдааг нэг л өглөө ухаарч хууль санаачилсан, түүнийг хэлэлцсэн, батлахаас татгалзсан бүх гэнэн алдаа эдүгээ жүжиг мэт харагдаж байна. “Оролдоод үзсэн, зүтгүүлсэн, хүч хүрсэнгүй” гэсэн хариултаар өнгөлөн далдлах албан тушаалын давхардал улс төрийн бохир тоглоомын гол хэрэгсэл болсоор дууслаа. Үүнийг ямар ч аугаа ардчилагч, шинэчлэлийн Засгийн газар, шинэ парламент өөрчилж үл чадах биз ээ. Тиймээс ч эдүгээгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарын эсгэсэн “давхар дээл”-ний загвар мөнхөрч мэдэх бөгөөд нэг нь нөгөөгөө яллаж, уучилсаар ард түмний сэтгэл зүйгээр тоглосоор байх бололтой.