Д.Данзан: Камерын бичлэг хардаг болвол дэвжээгээ жижиглэж, хоёр бөхийн 10 талд нь камер байрлуулах шаардлагатай
2017/10/02
Монгол үндэсний бөхийн барилдааныг дүрс бичлэгээр шүүх эсэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулжээ. Энэ асуудалтай холбогдуулан Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Довдонгийн Данзантай ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд хөлийн цэцийн буруу шийдвэрээс болж бөхчүүд хохирох, хэн нь түрүүлж унасан зэрэг маргаантай барилдаанаас болж үзэгчдийг талцуулах байдал гарах болсон. Үүнтэй холбогдуулан барилдааныг камераар шүүх асуудлыг судлах зорилгоор МҮБХ-ноос ажлын хэсэг гарчээ?
-Үндэсний бөхийн барилдааныг дүрс бичлэг ашиглаж шүүж болно гэсэн санааг олон хүн ярьдаг. Олон ч жил болж байна. Монголын үндэсний бөхийн холбоо энэхүү асуудлыг дэмждэггүй, хүлээж авалгүй өдийг хүрсэн нь үнэн л дээ. Үүний учир нь монгол бөхийн барилдаан нь том дэвжээн дээр, олон бөхчүүд хоорондоо нэгэн зэрэг барилддаг онцлогтой. Улсын баяр наадамд 16 хос гарна гэдэг нь 32 бөх, засуулууд, найман хөлийн цэц ажилладаг. Эдгээр хүмүүс барилдаан бүрийг харж чадахгүй байгаа. Тэгвэл камерын бичлэг үзнэ гэвэл бас л учир дутагдалтай. Камерын өмнүүр эдгээр хөлийн цэц, засуул нар орж, тухайн хоёр бөхийн барилдааныг халхалдаг тохиолдол их ээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ асуудлыг их ярих болсон учирҮндэсний бөхийн холбоо иргэдийнхээ саналыг хүлээн авч, энэхүү асуудлыг судлах ажлын хэсэг гаргасан. Бид тал бүрээс нь судалж, олон хүний саналыг сонсох болно. Ажлын хэсэгт бөхийн тайлбарлагч, судлаач, зүтгэлтэн, эрдэмтэд гээд маш олон салбарын хүмүүс багтсан.
-Энэхүү асуудлыг танай холбоо яагаад дэмждэггүй байсан юм бэ. Камерын бичлэг үздэг болчихвол яах бол?
-Бид дэмжихгүй өдий хүрсэн нь үнэн. Учир нь камерын бичлэг харж, шийдвэр гаргадаг болчихвол бөхийн жудаг алдагдаж болзошгүй. Манай бөхчүүд чинь унасан давснаа үнэхээр мэддэг. Ингээд ойрхон газардчихвал шууд камерын бичлэг үзнэ гээд л ирнэ. Улмаар хоёр бөхийн барилдааныг бичлэгээс үзэхийн тулд хөлийн цэц, засуул, бөхчүүд цугларна. Гэтэл нэг бөх нь “чиний тохой түрүүлж хүрсэн байна” гэхэд нөгөөх нь “чиний өвдөг түрүүлж хүрсэн байгаа биз дээ” хэмээн дахиад л маргана. Бас л санал зөрөөд л явна. Ингэж бодохоор камерын бичлэг үзэж шийдвэр гаргадаг болчихвол нөгөө таван цагийн хугацаанд өрнөдөг 256 бөхийн барилдаан дор хаяж арван цаг үргэлжлэнэ. Тийм болохоор л бид дэмждэггүй юм. Гэхдээ олон түмний шүүмжлэлийг тусгаж аваад энэхүү асуудлыг аль болох зөв талаас нь шийдвэрлэхийн төлөө ажиллах болно.
-Олон улсад спортын ямар нэгэн маргаантай асуудлыг камерын бичлэг харж шийдвэр гаргадаг тохиолдол бий. Япончууд сумо бөхийнхөө барилдааныг камерын бичлэг харж, түүндээ үндэслэн дөрвөн шүүгч хоорондоо хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргадаг шүү дээ.
-Манайхан үндэснийхээ бөхийг бусад спортуудтай зүйрлэж их ярьдаг. Зарим нь үндэсний бөх хоцрогдсон, бүдүүлэг байна ч гэж хэлдэг. Сумо бол Японы үндэсний спорт. Өөрийн онцлогтой. Өндөрлөсөн жижигхэн тойрог буюу дэвжээн дээр хоёрхон бөх л барилдана. Дөрвөн талд нь шүүгчид барилдааныг нь нягт хараад сууж байдаг. Мөн хоёр сумочийн барилдааныг тал талаас камераар бичдэг шүү дээ. Гэтэл манайх бол тийм биш. Нөгөөтэйгүүр сумо бөхөд шүүгчид нь камерын бичлэг харж байгаад л шууд шийдвэр гаргачихдаггүй. Бүр камерын бичлэг ч үздэггүй ээ. Өөр нэгэн техникийн мэргэжилтэн “камерын бичлэгээс үзэхэд барилдаан иймэрхүү болжээ” гэдгийг л ерөнхий шүүгчдэд хэлж өгдөг. Үүн дээр үндэслэн өөрийн гаргасан шийдвэртээ итгэл үнэмшил олж авдаг юм билээ. Үүнээс үзэхэд сумо ч гэсэн бүрэн камерын бичлэг үзэж, шүүлт явуулдаггүй гэж ойлгож болно. Ер нь ямар ч спортод бичлэгийг гол үндсээ болгож авдаггүй юм билээ. Жүдо, чөлөөт бөхийн хувьд мэхний үнэлгээ өгөх буюу цэвэр ялсан уу эсвэл оноо өгөх үү гэдгийг бичлэг үзэж хардаг. Харин манай үндэсний бөхөд цэг хардаг. Энэ нь хэнийх нь өвдөг, тохой, толгой түрүүлж газарт хүрсэн бэ гэх цэгийг хардаг гэсэн үг. Үүгээрээ бас ялгаатай.
-Дэлгэцнээс бичлэг хараад шүүнэ гэж үзвэл үндэсний бөхийн барилдааныг ямар зохион байгуулалттай явуулах бол?
-Үнэхээр камерын бичлэг харж барилдааныг шийдвэрлэнэ гэвэл дэвжээгээ жижиглэж, нэг хос буюу хоёр бөх барилдвал дөрвөн талд нь, дөрвөн хос гарвал арван талд нь камер байрлуулж харж байх хэрэгтэй болно. Ингэвэл нөгөө 500, 1000 гаруй бөхчүүдийн барилдаан хэзээ дуусах билээ. Сумод, дөчин бөхөөс аваргыг нь шалгаруулахын тулд 15 өдөр болдог. Манайд 256 бөхийн түрүүг шалгаруулахын тулд таван цаг л зарцуулдаг. Монгол бөх бол өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн үнэт өв соёл, уламжлал. Бөхийн өргөөнөөс барилдааныг шууд дамжуулж буй телевизийн камерууд дэвжээ буюу шалнаас гурваас дээш метрийн өндөрт байрладаг. Хоёр бөхийн барилдааныг дээрээс харуулж байгаа тохиолдолд хэн нь түрүүлж, унасан эсэхийг шийдэх үнэхээр хэцүү л дээ. Камерын бичлэг зөвхөн нэг талаас л харуулдаг учир зөв үнэлэх боломжгүй юм.
-Өнгөрсөн жилийн наадмаар Санжаадамба, Ганжад нарын барилдаан маргаантай болсон. Дэлгэцнээс Ганжадын тохой түрүүлээд хүрчихсэн харагддаг. Мөн даншиг наадмаар Гончигдамба, Түвшинбаяр нарын барилдааныг үзэж байхад гарьдын өвдөг газарт хүрчихсэн хэрнээ мэхээ үргэлжлүүлсэн шүү дээ. Энэ бүх зүйл камерын бичлэг дээр тодорхой харагддаг. Харин шийдвэр гаргахдаа үүнийг анзаарахгүй байна гэсэн шүүмжлэл гарсан. Тийм болохоор л камерын бичлэг харъя гэсэн санаа иргэдийн дундаас их гарч ирж байгаа болов уу?
-Гол зүйл бол камерын бичлэг харж, барилдааныг шийдвэрлэнэ гэсэн дүрэм байхгүй. Тэр барилдаанууд дүрмийн хүрээнд л болсон. Бид өнөөдөр эрх зүйт нийгэмд амьдарч байгаа. Нөгөөтэйгүүр бөхийн дүрмийг цэцдийн зөвлөл хэлэлцэн баталдаг. Тийм болохоор камерын бичлэг харж, шийдвэр гаргана гэсэн дүрмийг цэцдийн зөвлөл хуралдаж байж л оруулах учиртай. Энэ хоёр бөхийн барилдааныг камерын бичлэгээс үзэхдээ удаашруулж, ухрааж, зогсоож байгаад үзсэн. Тийм болохоор барилдаан удаан болсон мэт санагдаж магадгүй. Тэрхүү бичлэгийг удаашруулахгүйгээр шууд тоглуулбал бодит үзэгдэл гарч ирнэ шүү дээ. Тэр үзэгдлээс л шийдвэр гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл удаашруулсан үзэгдлээс бус бодит буюу удаашруулаагүй үзэгдлээс шийдвэр гаргах учиртай. Хоёр бөх барилдаж, нэг нь мэх хийхэд унах үйл явц явагдана. Ингээд нэг бөх нь бүтэн биеэрээ дор нь орчихсон унаж байх агшинд нөгөө бөхийнх нь тохой түрүүлээд хүрэх, ийм барилдаан монгол бөхийн түүхэнд болж л байдаг. Нэг бөх нь бүтэн биеэрээ дор нь орчихсон унаж яваа, нөгөөх нь дээр нь байгаа ч тохой нь түрүүлээд хүрчихсэн. Энэ тохиолдолд хэнийг нь унасан гэх үү. Дүрмэндээ бол тохой хүрснийх нь гэнэ. Гэтэл нөгөөх нь бүтэн биеэрээ газардаж байгаа. Үүнийг манайхан “хайнцах” гэдэг шүү дээ. Үнэхээр буруу шийдвэр гаргасан гэж байвал хөлийн цэцүүд хоёр бөхийн барилдааныг “хайн” хэмээн үзээд дахин барилдуулах л байсан. Ингээд цэцүүд шийдэж байхад Баяр наадмын салбар хороо ч юм уу эсвэл ямар нэгэн эрх мэдэл, албан тушаалтай нөхөр барилдааны шийдвэр гарах үйл явцад нөлөөлж болохгүй.
-Бөхийн барилдааны нэг, хоёрын давааг камераар шүүх боломж байхгүй. Тийм болохоор цол олгодог даваанд, буюу дээгүүр даваануудад камерын бичлэг харж байвал зүгээр гэсэн санааг бөх сонирхогчид хэлдэг. Энэ хэр зөв санаа вэ?
-Энэхүү ажлын хүрээнд маш олон санаанууд гарч ирнэ. Тэр бүрийг судлаж, тусгаж авна. Энэ сарын 25-нд энэхүү асуудлаар ажлын хэсгийнхэн болоод бусад хүмүүс оролцсон уулзалт, хэлэлцүүлэг болно. Энэ үеэр цэцдийн зөвлөлд зөвлөмж хүргүүлнэ. Ингээд цэцдийн зөвлөл эцсийн шийдвэр гаргана. Үнэхээр барилдааныг камерын бичлэг харж шүүхэд гэмгүй ээ гэж үзэхийг үгүйсгэхгүй. Одоогоор ямар шийдвэр гарахыг хэлж мэдэхгүй л байна. Ер нь бол онцгой даваа, барилдаан гэдгээр нь ялгаж болохгүй л дээ. Дүрэм бол хууль шиг хүн бүрт л тэгш үйлчлэх учиртай. Энэхүү дүрэм шинээр батлагдвал сумын наадамд ч тэр, улсын наадамд ч тэр баримтлах ёстой. Хүний эрх, бөхчүүдийн эрх адилхан л байх учиртай. Энэ бол бидний бодол. Гэхдээ олон хүний саналыг сонсох нь зүйтэй.
SAHIUS · 2017/10/12
Мань Данзанд өөрчлөлт хийх ямар ч сонирхол алгаа. Зөвхөн маргаантай барилдааныг хөлийн цэцүүд эргэлзээтэй шийдвэрлэсэн тохиолдолд л камерийн бичлэг үзэж маргааныг тасалдаг байх тухай яригдаж байгаа шүү дээ. Бүх барилдааныг бичих шаардлага огт байхгүй.
зочин · 2017/10/02
Тэнэг юум ярихаа болиоч Эсвэл түргэн зайлаач дэлхий дахинд бүх спортод маргаан гарвал бичлэг үзэж шийдэж байна Том талбайтай олон хүн тоглодог хөлбөгт хүртэл камер ашиглаад эхэллээ Үнэхээр нямдорж та хоёр зайлах цаг болжээ ҮНДЭСНИЙ БӨХӨӨ ХАРААЧ НААДАМ ЦАГААН САР хоёроос бусдыг хүн ч үзэхээ байжээ
болд · 2017/10/02
ШИНЭЧЛЭЛ ХИЙХ ЯМАР Ч СОНИРХОЛ АЛГА ЭНЭ ХҮНД
зочин · 2017/10/02
тэнэгтэхээ боль. Юм хөгжсөн байна. Зайгаа тавьж өг л дөө Нямдорж та хоёр. Сандал суудлаасаа зууралдах аргаа хүртэл нутаг нугын үзлээр халхалж Увсынханд өгөхгүй гэж байгаа ухааны юм ярьж иргэдээ талцуулсан зальтангуудыг бурхан шийтгэнэ ш дээ. Ухаарч үз.
зочин · 2017/10/02
тэнэгтэхээ боль. Юм хөгжсөн байна. Зайгаа тавьж өг л дөө Нямдорж та хоёр. Сандал суудлаасаа зууралдах аргаа хүртэл нутаг нугын үзлээр халхалж Увсынханд өгөхгүй гэж байгаа ухааны юм ярьж иргэдээ талцуулсан зальтангуудыг бурхан шийтгэнэ ш дээ. Ухаарч үз.
zochin · 2017/10/02
Buruu yriad baikh sig b.na daa
Батука · 2017/10/02
Тэнэглэхээ болио чи. Бодит байдлаас дүгнэлт хийх чадваргүй новш уу. Ер нь монгол бөхийг жалгын бөх болгох бодлого та бүхэн барьж ирсэн шүү.
Цаг үеээ дагал даа
mongol buh · 2017/10/02
iim baliar bugshsan , nuhduudees bolj olon humuus hohirch bgaa .zugeer l odoo ajilaa uguud bolison n deer shu!! sumo bol hamgiin shudraga buhiin barildaan .uchir n kameriin hyanalt mash sain bdag bas neg tal yum.zaaval 2 buhiin dund kamer geed bhiin, niited n heden kamer l nemeed tavichihaach de tegeed l uur untsguus tsaana barildaj bgaa barildaniig ch gesen haraad shuuhed bas nemer boloh blgui de
Иргэн · 2017/10/02
Данзан үнэхээр хоцрогдсон хүн бнаа, Удирдлагаас буулгая гэдэг нь аргагүй үнэн юм бна, Аль болохоор хойш нь татаад бгаа юм бна,Ингэхээр аргагүй бөхчүүд нь бүдүүлэг, барилдаан нь маргаантай болох нь үнэн юм бна, Бөх ч үзэхээр юм байхгүй болсон
sumiya · 2017/10/02
ilerhii barildaaniig vcameraar harah nudeer harah baidlaar 2 buhiig bailgaj baigaad tsets inadeh heregtei