УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Шинэчлэлийн Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд 150 мянган ажлын байрыг шинээр бий болгох зорилт тавьсан билээ. Тухайлбал, энэ онд 49 мянган ажлын байр шинээр бий болгох зорилт тавьсан нь биелж буй гэв. Ажлын байрыг шинээр бий болгохдоо Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулж мэргэжилтэй ажилтан бэлтгэж, аж ахуйн нэгжид шууд зуучлах. Ингэхдээ хоёр төрлийн сургалтаар дамжуулж мэргэжилтэй ажилтныг бэлтгэж байгаа аж. Тодруулбал, иргэдийг урт, богино хугацааны мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулж бэлтгэн хөдөлмөрийн зах зээлд нийлүүлснээр суралцагчдын тоо жилийн дотор 24 мянгад хүрчээ. Үүнийг өмнөх жилүүдтэй харьцуулахад эрс өссөн үзүүлэлт юм байна. Өмнө нь жилдээ Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдын тоо жилдээ 11 мянгад хүрдэг байсантай харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлттэй аж.

Мөн Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн хүрээнд энэ онд 3600, ирэх онд 4000, 2016 онд 4500 ажлын байр шинээр бий болгох зорилт тавьсан байна. Түүнчлэн бүтээн байгуулалтын томоохон ажлуудтай уяж ирэх онд 34181, 2015 онд 36070 ажлын байрыг шинээр бий болгох зорилт тавьсан тухай Ерөнхий сайд ярьсан юм.

Харин түүний ярианы хариуд УИХ-ын гишүүн Ш.Номтойбаяр: "Өнөөдөр удаашралтай байгаа ч эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүртээмжтэй болгох, иргэдийнхээ хөдөлмөр эрхлэх, цалин орлогыг нь нэмэгдүүлэх улмаар Монгол хүн бүрийг эдийн засгийн чадамжтай ажиллаж амьдрах боломж бололцоог бүрдүүлэх үүрэг хариуцлагыг ард иргэдийнхээ өмнө хүлээсэн Шинэчлэлийн Засгийн газраас явуулж байгаа бодлого үйл ажиллагааны талаар мэдээлэл авах хүлээлт байсан ба мэдээлэл өгсөн Ерөнхий сайд Танд талархаж байгаагаа юуны өмнө илэрхийлж байна. Харамсалтай нь Таны хийсэн мэдээллийн агуулга нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үг хэллэг, өнгөлөг сайхан танилцуулгаас хальсангүй. Товчхондоо оршил болгон хэлэхэд Шинэчлэлийн засгийн газраас тавьсан мэдээлэл нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн бодлого гэхээсээ илүү ТББ-ын бодлого үйл ажиллагааны тайлан мэдээлэл мэт байлаа. Монголчууд бидний хувьд ажилгүйдэл ба ажилгүйдлээс үүдэлтэй ядуурал бол нийгмийн нэн эмзэг асуудал мөн. Ажилгүйдэл ядуурлыг зөв оновчтой бодлого, үр өгөөжтэй шийдвэр боловсруулж ажил хэрэгч байдлаар тууштай тэмцэх нь төр бидний ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлага ба ард иргэдийн амьдрал дахь хясал, хүсэл ба хүлээлт юм. Өнгө нь гандсан амьдралтай, өдөр хоногийг чадан ядан өнгөрөөж байгаа олон мянган Монголчуудын амьдралын бодит байдал, зовлон бэрхшээл учраас эл сэдвээр улс төрийн “Talk show”, хариуцлагагүй худал мэдээллийг төр бидний зүгээс цаашид хийж болохгүй гэдэгтэй санал нэгдэхийг Шинэчлэлийн Засгийн газраас хичээнгүйлэн хүсье" гэлээ.

            Нэгдүгээрт,  54,753 хэмээх тоо хэрхэн бүрдсэнийг нягталж үзье.  

            54,753 гэх шинэ ажлын байрны 30 хувь буюу 16,426 иргэн улирлын шинж чанартай түр ажилд хамрагдсан ба дундаж ажилласан хугацаа нь нэг сар ч  хүрэхгүй тул тус тоог 54,753-с хасахад 38,327 үлдэж байна. Ерөнхий сайд Таны хийх мэдээлэлтэй холбогдуулан өнгөрсөн хоёр өдрийн хугацаанд эдгээр 38,327 ажилтай болсон гэх иргэдийн нэрийн жагсаалтаас түүвэрлэн 178 хүнтэй өөрийн биеэр болон ажлын албаны хамт шууд утсаар холбогдож, “Одоо ажил хөдөлмөр эрхэлж байгаа юу?” гэж асуухад 93 хүн буюу 52 хувь нь хөдөлмөр эрхлээгүй ба хөдөлмөрийн биржийн олж өгсөн ажилд очсон хэдий ч цалин бага, хөдөлмөрийн нөхцөл хүнд гэсэн шалтгаанаар ажиллаагүй, харин 85 хүн буюу 48 хувь нь ажиллаж байгаа гэж хариулсан.

            38,327 иргэдийн 48 хувь нь ажиллаж байгаа гэж бодоход цаана нь ердөө 18,937 шинэ ажлын байр бий болсон гэдэг нь тогтоогдож байна. Гэхдээ 18,937 иргэдийг Хөдөлмөрийн яамны тусламжтайгаар ажилд орсон гэж үзвэл өрөөсгөл ойлголт юм.

            Учир нь Хөдөлмөрийн яамны ямар ч оролцоогүйгээр хувийн хэвшлийн хөдөлмөр зуучлалын төв болон иргэд өөрсдөө хөөцөлдөн байж аж ахуйн нэгж, компанид ажилд орсныг Хөдөлмөрийн яам нь хувийн хэвшлийн хөдөлмөр зуучлалын төв, аж ахуйн нэгжүүдээс ажилд зуучилсан болон шинээр ажлын байр бий болгосон тоог авч өөрсдөө ажилд оруулсан мэтээр том тоо бий болгож, худал мэдээлж байгаа нь байж боломгүй, зарчимгүй үйлдэл гэдгийг онцлон тэмдэглэе. Гэхдээ энэ зарчимгүй үйлдэлийг үл тоон Шинэчлэлийн Засгийн газар 2013 оны туршид 18,397 иргэнийг  шинээр ажлын  байртай болгосон гэж цаашид тооцоё.

            Хоёрдугаарт, 18,397 ажлын байрыг бий болгоход ямар бодит зардал гаргасныг нягталж үзье.

2013 оны Улсын төсвийн тухай хуулиар татвар, хураамж төлөгчдийн бүрдүүлсэн төсвөөс 235,0 тэрбум төгрөгийг Хөдөлмөрийн яаманд хуваарилсан. Шинэчлэлийн Засгийн газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд хуваарилсан 235,0 тэрбум төгрөгийг бодит гүйцэтгэл буюу  18,397 шинэ ажлын байранд хувааж бодоход, нэг хүнийг ажилтай болгох нэгж зардал 12,773,820 төгрөг болж байна.  

Нэг хүнийг ажилтай болгоход зарцуулсан 12,773,820 төгрөгийг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192,000 мянган төгрөгөөр нэг хүнийг цалинжуулахад  66 сар буюу 5.5 жил, 235.0 тэрбум төгрөгөөр бүтэн нэг жилийн турш хэдэн хүнийг цалинжуулж болох талаар бодоход 101,996 хүнийг 12 сарын турш тус тус цалинжуулахтай тэнцэх, их хэмжээний мөнгө юм.

Шинэчлэлийн Засгийн газар нь татвар төлөгчдийн мөнгөөр үр дүнгүй, үрэлгэн зардал гаргаж байгааг бодохоор УИХ дахь МАН-ын бүлэг үнэхээр харамсаж бас бухимдаж байна гэв. УИХ дахь МАН-ын Бүлгийн зүгээс Шинэчлэлийн Засгийн газрын ажилгүйдэл, ядууралтай тэмцэх ажил нь хангалтгүй байгааг зүгээр шүүмжлээд, харамсаад, бухимдаад суулгүй ардаараа овоглосон Ардын намын үүрэг хэмээн ухамсарлаж ажил хэрэгч байдлаар дараах арга зам, гарцуудыг Шинэчлэлийн Засгийн газарт зөвлөж байгааг хүлээн авна уу. Үүнд:

-Ажилгүйдэл болон ядуурлыг бууруулах бодлого боловсруулах нь төрийн үүрэг боловч төрийн бус байгууллагууд, хүний нөөцийн бодлогын хүрээнд боловсон хүчин бэлтгэж нийлүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн хөдөлмөр зуучлалын төвүүд, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд төр хутгалдан оролцож үргүй зардал гаргаж байгаагийн хэм хэмжээг нэн түрүүнд эргэж харах. Улмаар төрийн зарим чиг үүрэг, ажил үйлчилгээг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага руу шилжүүлэх

-Боловсролын салбараас Хөдөлмөрийн зах зээл рүү шинээр орж ирж буй ажиллах хүчний  71 хувийг их дээд сургууль төгсөгчид, 29 хувийг нь МСҮТ төгсөгчид нийлүүлэгдэж байна. Гэтэл  хөдөлмөрийн зах зээл дээр 70 хувь нь МСҮТ төгсөгчид, 30 хувь нь их дээд сургууль төгсөгчид эрэлхийгдэж байгаа ба хөдөлмөрийн зах зээл дээрх ажил олгогч, ажил горилогч нарын эрэлт нийлүүлэлтийн шугамууд өөр хоорондоо огтолцохгүй байна. Иймд ЭЗХЯ, БШУЯ болон Хөдөлмөрийн яам хоорондын нэгдсэн бодлого, хоорондын ажлын уялдааг шинэчлэх ажлыг  нэн түрүүнд хийх

-Уул уурхай, барилга зэрэг өсөлттэй салбаруудын өндөр технологийн ажлын байр, мэдлэгт суурилсан эдийн засаг, шинэ үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд шаардагдах мэргэжилтэй ажилчдыг сургаж бэлтгэх, мэргэшүүлэх замаар эдийн засгийн гол салбаруудын ажиллах хүчний хэрэгцээг дотоодоос хангах

-Үндэсний баялаг бүтээгч ААН-ийг бодлогоор дэмжинэ гэж ярихаасаа илүү бодитойгоор дэмжих ажил хэрэгч арга хэмжээ үгүйлэгдэж байна. Хөрөнгө оруулалт, эрсдэлийг өөрсдөө даан ЖДҮ болон томоохон үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулж ажлын байр бий болгож байгаа үндэсний ААН-ийг татварын болон хөнгөлттэй зээлийн бодлогоор дэмжих. Жишээ нь: НДШ төлөлт нь сүүлийн жилүүдэд 56.3 хувьтай тогтмол байгааг анхаарч НДШ төлөлтийг буруулж улмаар төлөлтийн цар хүрээг тэлэх бодлого маш чухал. Ажлын байрыг бий болгож буй ААН-үүд 11-13 хувийн НДШ төлдөг нь дарамт болж шинээр ажлын байр бий болгоход  төдийлөн сонирхол төрдөггүй тул НДШ төлөлтийг хөнгөлөх, ажлын байр бий болгосноор нь урамшуулах, уян хатан байдлаар төлдөг болгох, ялангуяа эдийн засгийн хүндрэлтэй өнөө үед ажлын байрыг хадгалж байгаа үндэсний ААН-ийг түлхүү дэмжих гэх мэт арга хэмжээ авах

-Сум хөгжүүлэх сан, Зээлийн батлан даалтын сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Орон нутгийн хөгжлийн сан зэрэг тусгай сангуудын бодлого үйл ажиллагаа, хоорондын ажил болон мэдээллийн уялдаа холбоо, хяналтыг сайжруулж улмаар эдгээр санд хуваарилах хөрөнгийг нэмэгдүүлэх. Улс төр намын харъяалал, танил тал тохой татдагийг харгалзан зээл олгодогийг таслан зогсоож, орон нутгийн банкаар дамжуулан эдийн засгийн үр өгөөжтөй, ажлын байр бий болгох төсөл хөтөлбөрийг санхүүжүүлдэг байх зэрэг нийт 17 саналыг урьдчилсан байдлаар Шинэчлэлийн Засгийн газарт бичгээр хүргүүлье

-Гадаадад ажиллаж байгаа иргэд эх орондоо буцаж ирж, эзэмшсэн мэргэжил, боловсрол, ур чадвар, туршлагаараа үндэснийхээ хөгжилд хувь нэмэр оруулахыг дэмжсэн цогц арга хэмжээ авах хэрэгтэй гэлээ.

Х.Даваа