У.Хүрэлсүхийн танхимын сайд нар өчигдөр чуулганы босго давлаа. Гишүүд шинэ Засгийн газ­рын бүрэлдэхүүнд шүүмжлэлтэй гэхээсээ  урмын үгийг илүүтэй дайж, өөрсдийн захиасыг хэлсэн юм. Харин Т.Аюурсайхан нарын цөөн гишүүн Шадар сайдад хатуухан үг хаягласан нь олны анхаарлыг татлаа. Мөн сөрөг хүчнийхэн эрх баригч намынхныг “давхар дээл”,  дотоод хагаралын асуудлаар багагүй “зовоов”.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрынхаа бүрэлдэхүүнд сэтгэл хангалуун байгаа төдийгүй бяртай гэдэг үгээр багаа тодорхойлов.

 

Тэрээр “Сайд нарыг сонгохдоо боловсрол, ажлын туршлага, мэргэжил мэдлэгээс гадна удирдан зохион байгуулах чадварыг харгалзсан. Мөн танхимын тогтвортой байдлыг хангах үүднээс сайд нараа парламентаас бүрдүүлсэн. Засгийн газрыг байгуулахад Үндсэн хууль зөрчсөн зүйл байхгүй. Ерөнхий сайд өөрөө Засгийн газрынхаа 50 хувьтай тэнцдэг гэдэг яриа байдаг. Тийм учраас парламентаас сайд нараа бүрдүүлсэн. Улс орны нийгэм эдийн засгийн байдал хүнд, сонгууль болоход 2.5 жил үлдсэн. Шийдвэрлэх ёстой, цэгцлэх ёстой, үр дүнг нь үзэх ёстой олон ажил хүлээгдэж байгаа. Улс орноо хөгжүүлэх, юу хийж бүтээв гэдгийг хүлээж байгаа. Ийм учраас ачаа даагаад, ажил хийгээд явах хүмүүсээ сайдад нэр дэвшүүлсэн”  гэж онцолсон юм.

 

Чуулганы хуралдааны эхэнд Шадар сайд, ЗГХЭГ-ын даргын томилгоог хэлэлцсэн бол сайд нарын асуудлаар  үдээс хойш үргэлжлүүлэн хуралдсан юм. Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга болон Засгийн газрын гишүүд салбартаа ямар бодлого баримталж ажиллах талаар тоймлолоо.

 

Шадар сайд Ө.Энхтүвшин: ХИЙХ АЖИЛ ИХ, НӨХЦӨЛ БАЙДАЛ АМАРГҮЙ

 

/84.1 хувийн саналаар дэмжив/

 

-Манай намынхан хоорондоо ойлголцож чадсан. Ямар нэг албан тушаалын тохиролцоон дээр биш үзэл бодол, үнэт зүйл, хариуцлага дээрээ ойлголцож байгаа. Цаашдаа ч ойлголцоно. Эхлээд би энэ Засгийн газарт залуучуудаа түлхүү оруулъя гэж бодсон. Зургаан хүн дээр бодлогоо нэгтгээд явуулсан. Сайд болчихоосой гэж бодсон, нэлээн хөөцөлдсөн зарим нь болсонгүй. Нөхөд маань эргэж ярилцаад “Улс орны байдал амаргүй, намын дотоодод ойлголцох асуудал байна. Төрийн албаны туршлага танд байна, одоо зүтгэхгүй бол хэзээ зүтгэх вэ” гэсэн.  Би хамт олныхоо бодлогод захирагдаж явдаг хүн. Шийдвэрээ гаргасан. Хийх ажил их байна, нөхцөл байдал амаргүй байна. Албан тушаал гэхээс илүү үүрэг хариуцлагаа давхарлая хэмээн ийм сонголт хийлээ.

 

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: БҮХ ШАТАНД ҮРГҮЙ ЗАРДЛЫГ ХЭМНЭНЭ

 

/88.1 хувийн саналаар дэмжив/

 

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллана. Хийх ажил тодорхой байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. Эзэнгүйдсэн төрийн өмчийг эзэнтэй болгох замаар төрийн өмчийн компаниудын үр ашгийг сайжруулна. Засгийн газар хууль тогтоомж биелүүлэх үүрэгтэй. Миний хувьд “давхар дээл”-ийг давхар ачаа гэж ойлгож байна. Дэлхийн олон улс оронд парламентын гишүүн Засгийн газрын гишүүн байдаг. Тиймээс дэлхийн жишгээс гажаагүй. Мэдээж бүх шатанд үргүй зардлыг хэмнэнэ. Сайд нарын цалинг хэмнэнэ. Хамгийн гол нь кабинетын зарчмаар ажиллаж ажлын үр дүнд анхаарах ёстой. Амлалтаа биелүүлэх нь ард түмний шалгуур байх болно.

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат: ШИНЖЛЭХ УХААНЫ ОЛОЛТЫГ АШИГЛАНА

 

/88.2 хувийн саналаар дэмжив/

 

-Байгаль орчны асуудал салбар дундын асуудал гэдэгт санал нэгдэж байна. Бид аль аль талдаа ойлголцож, хэн хэн нь хамрах хүрээ, хийх ажил, гүйцэтгэх зүйлсээ тодорхой болгох ёстой. Сүүлийн үед хүний нөлөөллөөс болж байгаль орчин сүйдэж байгаа нь үнэн. Хүний нөлөөнөөс бий болж буй байгалийн гамшгийг бууруулахад шинжлэх ухааны ололтыг ашиглах нь чухал. Агаарын бохирдлоос гарах хүсэл байвч ажил, ажиллагаа нь өөр явж ирсэн. Дэлхий нийтийн жишигт утаанаас салахад гуравхан зүйл бий. Нэгдүгээрт орон сууцжуулах, хоёрдугаарт газ, цахилгаанаар дулаан хангах, гуравдугаарт дулаалга сайжруулах юм.

 

Мөн зайлшгүй анхаарах зүйл бол түүхий нүүрсний хэрэглээг багасгах.  Бид шидтэн биш учраас хугацаа хэрэгтэй. Үе шаттай хийх ажлуудаа бид хийнэ. Хөрсний бохирдол өндөр байгаа гэдгийг бүгдээрээ ярьж, бууруулахын төлөө явж байгаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар 1,500 айлын ариун цэврийн байгууламжийг солих төсөл хэрэгжиж байгаа.

 

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд: ГАДААД ХАРИЛЦАА ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ

 

/84.1 хувийн саналаар дэмжив/

 

-Цэргийн алба бол онцгой алба. Бид цөөхөн хүн амтай. Гэхдээ Үндсэн хуульдаа өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна гэж заасан учраас олон хүн зэвсэг эзэмшдэг, цэргийн талаар мэдлэгтэй байх ёстой.  Цэргийн албыг нэг жилийн хугацаатай болгосон нь эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой.

 

Цаашид би цэргийн албыг хоёр жил болгоход болохгүй зүйлгүй гэж боддог. Батлан хамгаалах яамны хэмжээнд явж буй үйл ажиллагааны 60-70 хувь нь гадаад бодлоготой холбоотой байдаг. Энэ нь өөрөө манай цэргийн хөгжил, зэвсэг техникийн хангалт, бэлэн байх чадварт маш том тус дэм болж байна.  Ер нь цаашид манай батлан хамгаалахын үйл ажиллагаанд гадаад харилцаа онцгой чухал ач холбогдолтой.

 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: БОЛОВСРУУЛАЛТАА САЙЖРУУЛЖ ЗАХ ЗЭЭЛД ГАРАХ ЁСТОЙ

 

/91.3 хувийн саналаар дэмжив/

 

-Би гадаад бодлогыг эдийн засагжуулах хөтөлбөрийг боловсруулаад явж байсан хүн. Зоосны нүхээр харах юм бол асуудал бий. Гэхдээ гадаад бодлого гэдэг бол зөвхөн эдийн засгийн өнцгөөс харах асуудал биш. Аливаа улсын нэр хүндийг энэ танхимд тэд биднийг хүндэтгэдэг шиг хүндэтгэдэг байх ёстой. Бодит харилцаа байхгүй байсан хэд хэдэн Элчин сайдын яам, консулын газруудыг хаасан. Хоёрдугаарт,  Монгол Улсын бүтээгдэхүүн транзитаар гарахгүй байгаа гэдэг маш зөв асуудал. Энэ дээр хоёр талд ярих юм бий. Хүнсний бүтээгдэхүүн дээр эрүүл ахуйн асуудал бий. Манай улс эрсдэлтэй бүс нутагт хамрагдчихдаг. Тэгэхээр бид боловсруулалтаа илүү сайжруулж зах зээлд гарах ёстой.

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: ЭРСДЛИЙГ ӨӨРТӨӨ АВЧ  ТОГТООЛЫГ ӨӨРЧИЛСӨН

 

/89.9 хувийн саналаар дэмжив/

 

Үүний дараа Сангийн сайдад нэр дэвшиж буй Ч.Хүрэлбаатарыг дэмжих эсэх асуудлыг хэлэлцлээ.  Түүнийг Ерөнхийлөгчийн зүгээс дэмжихгүй гэдгээ илэрхийлээд байсан. АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Монголын зовлон Оюутолгойгоос эхэлсэн. Үүнд Ч.Хүрэлбаатар оролцсон. Яагаад дөрвөн оролцогч гарын үсэг зурсан юм бэ. Оффшортой холбоотой хоёр Нидерланд компани байгаа. Оюутолгойн орлогыг Монголын арилжааны банкаар дамжуулъя гэхэд хүчингүй болгосон нь ямар учиртай вэ. Төсвийн тодотгол яригдаж байхад өөрөө ажилласан байна. Буцаагаад хуучнаар нь оруулж ирэхээр хүчилж байна. 2018 оны төсвийг тодотгол хийхгүйгээр оруулж ирэх боломж танд гарах уу” гэлээ. Үүнд УИХ-ын гишүүн Ч. Хүрэлбаатар “Оюутолгойн гэрээг байгуулах үед Засгийн газрын гишүүн байгаагүй. Гэрээнд С.Баярцогт, Л.Гансүх, Д.Зоригт нар гарын үсэг зурж оруулж ирсэн. Би М.Энхболд даргыг Ерөнхий сайд байхад Оюутолгойн гэрээг боловсруулж байсан. Би өөрийнхөө гэрээг ямрыг мэдэх учраас тэр гэрээг батлахад би оролцоогүй. Оюутолгойн орлогыг Монголын арилжааны банкаар дамжуулна гэхэд ОУВС Монгол Улсад хөтөлбөр хэрэгжүүлэхээ хойшлуулсан. УИХ-ын энэхүү тогтоол хэрэгжсэн тохиолдолд Монгол руу орох хөрөнгө оруулалт саарна гэсэн. Монгол Улс тухайн үедээ хандив цуглуулж 600 ам.долларыг төлөх тухай ярьж байсан. Бүлгээр асуудал хэлэлцэх үед гишүүд “Төсвийн байнгын хороо засаад өгөөч” гэсэн. Цаана нь Монгол Улсын эрх ашиг байсан, хүзүүн дээр тавигдсан байсан зээл байсан. Ханш алдахад ойрхон байсан. Хүрэлбаатарыг муулна уу асуудал биш байсан. Нэлээн балбуулах байхдаа гээд хийсэн. Бодсоноор юм болсон. Төсвийн тодотголыг үзсэн, засах юм маш их бий. Засаж залруулах маягаар ажилласан. Хүүхдийн мөнгөө олгоё, орон нутагт үүссэн өрөө шийдье. Төсөвт байгууллагад үүссэн өрийг шийдье гээд зассан гэлээ.

 

Ийнхүү дугаар шилжих мөчид эдгээр сайдуудыг томиллоо. Мөн Хуульзүй, дотоод хэргийн сайдад дэвшиж буй УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн талаар хэлэлцэж эхэлсэн.  Үндсэн чиг үүргийн яамдын сайдыг өчигдөр хэлэлцэж өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар үлдсэн сайдуудыг томилно.

 

Т.Батсайхан, С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин