Өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгууль нэлээд ширүүн боллоо. Төрийн тэргүүнээр сонгогдвол ямар ажил хийх вэ гэдгээс илүү бие биенээ гүтгэсэн, доромжилсон, хувь хүний нэр хүндэд халдсан акциудыг харууллаа. 60 тэрбумын албан тушаалын наймаа, Доржзодовын асуудал, УИХ-ын гишүүний хүчингийн хэрэг, ар араасаа задрах нууц бичлэг гээд сонгууль ойртох тусам бие бие рүүгээ боорлож, ёстой л албан тушаалд улайрахын жишээг үзүүлэв. Энэ бүх дайралцаанд ялсан нэгэн байхад, ялагдсан хэсэг бий. Үүн дундаас ялалт байгуулсан эгнээнд бичигдэх нэгэн эрхэм бол Солонгосын иргэн Юу Ван Су.  Тэр бүхэл бүтэн улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг бусниулчихаад Монгол Улсын хилээр ямар ч саадгүй гарч  одсон нэгэн.  Юу Ван Су гэгч өнгөрсөн тавдугаар сарын 23-нд Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын гэрт нэвтрэн орсон байдаг.  Нэр дэвшигчийн найз Б.Инжинашаар  заалгаж, орчуулагчийн хамт ороод 50 сая вон өгч байгаа мэтээр нууц бичлэг хийгээд гарсан. Тэрхүү хуурамч бичлэгийг зургадугаар сарын 20-нд зохион байгуулалттайгаар тарааж, 21-ний шөнө Юу Ван Су эх орондоо буцжээ. Солонгосын иргэний энэ үйлдэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатарын нэр хүндэд ноцтой халдсан, олон нийтийн санал хураалтад нөлөөлсөн цаашлаад Ерөнхийлөгчийн сонгууль будлиантуулах гэсэн оролдлого байв.   Гэсэн ч Монголын хуулийн байгууллага тухайн үед Солонгосын иргэнийг саатуулах битгий хэл, хууль ёсны  дагуу байцаалт авалгүй хилээр нэвтрүүлсэн байдаг. Харин тухайн мөнгийг ямар журмаар, хэн гэгч, яагаад өгсөн гэдэг нь тогтоогдоогүй, эзэн холбогдогчгүй байхад энэ асуудлаар сонгууль хийж, нэр дэвшигч  С.Ганбаатарын талаар СЕХ, Улаанбаатар хотын цагдаагийн газар  санал хураалтын өмнө олон нийтэд мэдээлэл хийж, нэр дэвшигчийг гэмт хэрэгтэн мэтээр зарласан. Мөн нэр дэвшигчид зөрчлийн хэрэг үүсгэн шүүхийн байгууллагад шилжүүлж, сонгуулийн сурталчилгааны үед хуулийн байгууллагууд янз бүрээр дарамталж байв. Солонгосын нэгэн иргэнээс болж, 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль иймэрхүү байдалтай үргэлжилж,  дууссан. Уг нь энэ хэргийн үнэн мөнийг олоход их олон асуулт урган гарна. 50 сая вон бага мөнгө биш.

 

 

50 сая вон өгсөн гэх Солонгосын иргэн Юу Ван Су

 

Энэ хэний мөнгө байв, ямар зориулалтаар Монголд орж ирэв, нэр дэвшигч  С.Ганбаатарын огт танихгүй солонгос иргэн яагаад гэрт нь очив, түүнтэй хамт явсан орчуулагч хэн байв гээд л хэргийн араас явах шижүүр олон. Мөнгөний эх үүсвэрийг тодорхой болгох нь хуулийн байгууллагын үүрэг атал одоо болтол энэ хэргийн зангилаа тайлагдаагүй байна. Мөн Монголын цагдаагийн байгууллага солонгос иргэнийг санаатайгаар  явуулсан уу ч гэдэг асуулт гарна. Учир нь 2017 оны зургадугаар сарын 21-ний  шөнө Юу Ван Сү гэгчийг Солонгос руу буцахын өмнө Эрүүгийн цагдаагийнхан уулзахад “Уучлаарай. Би танай улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг мэдсэнгүй. Миний 50 сая воныг хүүхдийн тусламжийн байгууллагад хандивлаж өгнө үү” гэж хэлээд нутаг буцжээ.  Төрийн сонгуулийн үйл ажиллагаанд нөлөөлсөн солонгос иргэнийг Монголын цагдаа нар саатуулж ч чадаагүй. Мөн энэхүү уулзалтаа цагдаагийнхан тэмдэглэлдээ байцаалт мэтээр оруулж шүүх хуралд танилцуулсан байдаг. Хуульд ажлын бус буюу шөнийн цагаар байцаалт авах хэд хэдэн онцгой тохиолдол бий. Харин зөрчлийн  хэргийн хувьд онцгой  тохиолдолд багтдаггүй. Тэгэхээр Монголын цагдаа Солонгосын иргэн Юу Ван Сугээс ганц хоёр асуулт асуугаад “баяртай” гээд л найр тавиад явуулсан болж таарч байгаа юм. Мөн энэ байцаалтыг хуулийн дагуу явуулаагүй учраас шүүхийн өмнө нотлох баримт болж чадахгүй юм. Уг нь  хэрэг үүслээ бол тухайн иргэнийг саатуулж, ядаж л ажлын цагаар ажлын байрандаа байцаалт авах учиртай бас тийм хуультай. Солонгосын иргэн Юу Ван Су нь 1960 онд төрсөн. 2017 оны гуравдугаар сарын 3-наас хойш зургадугаар сарын 21-ныг хүртэл Монгол, Солонгосын хооронд дөрвөн удаа хил нэвтэрсэн байна.  Ерөнхийдөө манай улсад бизнесийн үйл ажиллагаа  явуулах зорилготой ирсэн гэдгээ танилцуулсан байдаг. Харин солонгосын иргэнтэй хамт С.Ганбаатарын гэрт орж бичлэг хийсэн гэх этгээдийн талаар одоог хүртэл цагдаагийнхан нууцалж байна. Энэ сарын 16-нд болсон БЗД-ийн анхан шатны шүүхээс МАХН-ын дэд дарга С.Ганбаатарт холбогдох шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулсан. Эзэн холбогдогч нь  тодорхойгүй, нотлох баримтын дүгнэлт нь дутуу гэх шалтгаанаар эргээд Цагдаагийн байгууллагад буцаасан юм. Шүүх хурал энэ сарын 31-нд товлогдсон.  Тэр үед солонгос иргэн  Юу Ван Су болон түүний  орчуулагчийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл, байцаалт, нотлох баримтын дүгнэлтийг шүүгчийн гарт хүргүүлэх учиртай. Тэгж байж энэ хэргийн үнэн мөн тайлагдана. Солонгосын иргэн Юу Ван Су гийн төрийн сонгуулийг будлиантуулах гэсэн энэ хэргийн явцаас харахад зохион байгуулалттай гэмээр үйлдэл олон.  Магадгүй нөгөө сонгуулийн башир арга, өрсөлдөгчөө хялбараар өвдөг шороодуулах гэсэн өрөвдөлтэй нэгэн захиалагч энэ бүхний цаана нуугдаж байгааг үгүйсгэх аргагүй.

 

 

 

Нотлох баримтгүй, эзэн холбогдогчгүй байхад Сонгуулийн ерөнхий хороо санал хураалтын өмнө яаран мэдээлэл хийв.

 

 

Юу Ван Су 2017 оны гуравдугаар сарын 3-наас хойш зургадугаар сарын 21-нийг хүртэл Монгол, Солонгосын хооронд дөрвөн удаа хил нэвтэрсэн байна.

 

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин