Агуу Монголыг задлаж, бутлаж, хагалж, хуваасан ганцхан ЧӨТГӨР л дорой буурайн доромжлол руу биднийг түлхэн оруулж. Тэр нь харь хажуугийн элдэв "ҮЗЭЛ" ( Изм) хэмээх гай. Сургийн газар сайхан, суусан газар муухай гэгчээр үзээгүй бусдын нутаг, харийн амьдрал хачин байдаг нь мэдээж. Манайх ч тэдний нүдэнд ариун, онгон, ганган, баян, буяны өлгий болж арааны шүлсийг нь гоожуулан хараа шуналыг нь булааж байсны баримт нь өнөөдрийн хавчигдаж, шахагдаж, танагдаж хасагдсан жижигхэн Монгол орон, ИХ МОНГОЛын ГОЛОМТ.

"ҮЗЭЛ" гэж харийн "ИЗМ"үүд, тэр харийн ухаан санаа, шунал хууралт үнэмшүүлэлтэнд  гэнэн гүехэн өнгөц хандан мухар сохроор итгэсээр автсаар ирсэн Монголын доройтол, сүйрлийн ТҮҮХ ийг хэлээд байгаа юм. Иймээс ч бидний өвөг дээдэс "ҮЗЭЛ" гэдгийг үзлийн юм( хөгийн юм, сүгсэлзүүр), үзлийн амьтан(шашин, коммунизм, либерализм гэх мэт харь үзэлд хэт итгэсэн мунхаг хөөргүү амьтан) гэх мэтээр хэлэлцдэг байсан аж.

Тэгэхээр Занабазар Түвдийн шашинд, хошой Эфү Цэрэн Манжийн хаанд, Чойбалсан Коммунизмын Зөвлөлтөд, өнөөгийн овтой хэдэн залуу Либерал ардчилал гээч мухардсан нийгэмд итгэсэн мунхгууд (ов мэхтнүүд, урвагчид)болж таарах нь. 1990 оны ардчилсан хувьсгал ч Лениний дурсгалд толгойгоо гудайлган харуусч , социализмын алдааг залруулахаар Шинжлэх ухааны Коммунизмын ҮЗЭЛ т мэргэжилтнээр тэргүүнээ болгож байсан эхлэлтэй. Занабазар 3 настай дөнгөж хэлд орж байхдаа язгуураараа бусдаас онцхойрох эцгийнхээ хөөцөлдлөгөөр Түвдийн шашинд оосорлогдсон, Эфү Цэрэн алдарших, баяжих, цолжих донгоороо төв халхаас Манжуудад уургалуулсан, Чойбалсан ном үзэлгүйгээр Коммунизмын саварт баригдаж ээрэгдсэн. Өнөөгийн Ардчилал нь ПОПУЛИСТ амлалт гажуудлаар ард олноо жаргаана гэж цуурдаг Америкийн сурталчдад бугуйлдуулсан. Ардчилалын нэр баригч, ашиглагч эдгээр нөхдүүд(урвагчид, авилгачид, оффшорчид,өрийн тулам хулхи баячууд) социализмын өмч түмний хөрөнгийг хувьчлал хэмээн дээрэмдэн баячууд болж, улмаар өрнөөсөө мултрах, өшөө баяжиж тансаглах гаж хүсэл, хоосон хий алдарших донтнуудтай нийлэн УЛС ГЭР ээ Харийн мөнгө хүүлэгчдэд ӨРийн барьцаанд тавьж 1990 оны ард иргэдийн сонгосон Ардчилал хэмээх СОНГОЛТ ын НИЙГЭМ түүний үр дүнг булшиллаа.

Тэд ХАРИЙН ҮЗЛЭЭ нууж " УЛС ТӨРЖИХГҮЙ БАЙХ" гэдэг тэнэглэл гаргаж ирэв. Тэднийг "УЛСАА-ТӨРӨӨ" бод, ажиллаж зүтгэ гэж бид сонгодог дэмждэг. Гэтэл сонгогдсон төлөөлөл маань "УЛС ТӨРЖИХГҮЙ" гээд " ҮЗЭЛ СУРТАЛЖСАН " нэг бүлэглэлд( намчирхсан, хамчирхсан, барьцаалагдсан) шургалаад тэндээс хувиа бодон "ОЛЗ"оо тооцон нуугдаад суучихдаг. Харийн " ИЗМ" ээр хийрхэж шинэсэг, хуучинсаг гэж хэрээ хэрээнийхээ харыг гайхан ҮЗЭЛ СУРТАЛЖИХ, ҮЗЛИЙН хэрүүл, хараал, шунал зүхэл нь биднийг элгээр минь хэвтүүлж хохирсон, ядарсан, зүдэрсэн, зовсон ард түмэн болгов...ҮЗЭЛ СУРТАЛЖИХаа больцгооё!!! гэж хэн ч дуугарахгүй байна. Үнэн ҮЗЭЛ гэж байдаггүй. Ялангуяа харийн орны нэг хүний ҮЗЭЛ өөр нөгөө улс оронд яв цав таарна гэж бүр байдаггүй. ҮЗЛЭЭС бодол, бодлоос ТУНГААЛТ- ОНОЛ -ЭШИ ( ертөнцийн жам ёсонд нийцэх) буй болдог. Энэ нь хүн төрөлхтний баялаг. Харамсалтай нь үнэн ҮЗЭЛ өнөөдөр хүртэл байгаагүй. Харин Монголчууд 9 их онолтой, тэр нь ой санааны дархлаатай язгуурт удамшсан байдаг.

Ийм онол, ухааны ӨВ ЭРДЭМ тэй учраас "ТЭНГЭРЛЭГ МОНГОЛЧУУД" гэгддэг юм. Социализмын жилүүдэд ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ, ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ  гэгч орчуулгын хоёр хөөсөн, хоосон НЭРШИЛ бий болж, эх орон , газар шороо, үндэстэн угсаатнаа хий ҮЗЭЛ СУРТАЛ жуулах сурталчилгаа эхэлсэн... Одоо энэ хоёр " ҮЗЭЛ" дээр хуурамч ЭХ ОРОН чид тоглож МОНГОЛ оо барж эхлэв. Бид гаднаас заалгасан, хариас авсан ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ тэй биш, зөвхөн Монголчууд бидэнд заяагдмал, төрмөл, уламжлагддаг ЭХ ОРОНЧ УХААН тай байх ЖАМ тай.

 

Үргэлжлэл бий...

"Монгол ухаан 9 эрдэм" номноос

Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү