Зүгээр л инээмсэглэ, З.Энхболд дарга аа
2017/11/10
Монголын улс төрд мод мэт “ургаж”, идэр залуу наснаасаа үндэс мөчир мэт шигдсэн олон тооны улстөрчийн тэргүүн магнайд яах аргагүй Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд бичигдэнэ. Ардчилсан хувьсгалын буянаар идэр залуу насандаа Төрийн өмчийн хороог удирдаж, өмч хувьчлалын алдаа, оноотой түүхийг тэрбээр нэгэн үедээ эхлүүлсэн.
Үүгээрээ ардчилсан нийгмийн хамгийн том үнэт зүйл болох хувийн өмчийг Монголд тунхаглахад онцгой хувь нэмэр оруулсан нэгэн гэдэгтэй маргах аргагүй. Хэдийгээр тухайн цаг мөчид хувьчлал нэрийн дор Монголын баялаг ардчилагчдын халаасанд орсон хэмээн ард түмэн хардаж, гоочилдог ч үнэт зүйлийг үрслүүлсэн гэдгээр нь харвал талархах шалтгаан бий гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ хувь хүнийх нь хэгжүүн араншин, хэдэр үг, үл ойшоосон дээрэнгүй бардам харилцаа нь өдгөө Монголын төрийн нэгэн том эмгэг болоход хүрчихлээ.
Ердөө л жил гаруйн өмнө УИХ-ын даргын хувиар тэрбээр чуулганы танхимд байрлуулсан хүндэт индрээс гишүүн нэг бүрийг загнаж, микрофоныг нь хааж, элдэвлэж, доромжилж явсан. Харамсалтай нь, тэр цагийн араншингаа тэрбээр өнөөдөр ид бах мэт үргэлжлүүлж байна.
Уг нь Монголын ард түмэн 2016 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан намын даргын хувиар ч, УИХ-ын даргын хувиар ч олон олон алдаа гаргасных нь төлөө түүнээс саналаа харамласан. Зөвхөн түүнээс ч төдийгүй Ардчилсан намаас итгэлээ УИХ-ын сонгуулийн санал хураалтаар булааж авсан. Хэдийгээр Ардчилсан намын Засгийн газраа огцруулснаас эхлээд төмөр замаар талцаж, Тавантолгойноос болж зөрчилдсөн тоолж барамгүй олон алдаа тэрхүү ялагдалд нөлөөлсөн ч даарин дээр давс гэдэгчлэн З.Энхболд хэмээх хувь хүнийх нь араншин намаа олиггүй харагдуулж чадсан юм. Үүнийг улс төр судлаачид ч, ард иргэд ч, бүр намынхан нь ч хэлдэг, ярьдаг.
Мэдээж 50 насыг шүргэж, идэр залуу наснаасаа улс төрийн эрх мэдлээс зүүгдсэн түүнд өнөөдөр араншингаа зас, алдаагаа багасга хэмээн хэлэх, зөвлөх нь утгагүй хэрэг байж болно. Тэр дундаа хувь хүнийх нь онцлог, өс зангидах мөн чанарыг нь бодолцож үзэхэд шүү дээ. Гэсэн ч энд залруулж болох, залж болох нэг зүйл бол албан тушаалын аранги юм. УИХ-ын даргын хувиар тэрбээр АН-ыг АН гэхгүй, МАН-ыг МАН гэхгүй дарангуйлж байсан байж болно. Харин өнөөдөр бол тэрбээр ялагдагч. Бүр тодруулбал, Ерөнхийлөгчийн саналыг танилцуулж, Ерөнхийлөгчийн үйл хэргийг саадгүй үргэлжлүүлэх ёстой зохион байгуулагч. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн Тамгын газрын дарга П.Цагаан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тэгж л ажилласан. Ерөнхийлөгчийнхөө өмнөөс УИХ-ын гишүүдийг загнах бус харин мэдээлэл өгөхийг чухалчилдаг байсан. Төрийн шийдвэрийг өөрийнхөө араншингаар тайлбарлах бус хууль ярьж, хуулийн төсөл танилцуулах зарчмаар УИХ-ын чуулганд, байнгын хороонд суудаг байлаа.
Гэтэл одоо З.Энхболдын араншингаас улбаалаад “Монгол Улс хоёр Ерөнхийлөгчтэй” гэсэн бодол, сэтгэгдэл олон нийтийн дунд түгж байна. Энэ хэрээр хувь хүнийх нь алдаа нэмэгдээд өнгөрдөг бол яая гэх вэ. Харамсалтай нь, Ерөнхийлөгч Х.Баттулга Тамгын газрын даргынхаа авираас үүдээд хамтдаа муухай харагдаж эхэллээ. Ердөө л гурван сарын өмнө Ерөнхийлөгч Х.Баттулгад итгэж саналаа өгсөн сонгогчид өнөөдөр Ерөнхийлөгчид үл итгэх шалтгаанаа тоолоод сууж байна.
-Монголчуудыг талцуулж байна.
-Төрийн дэг жаяг алдагдлаа.
-Төрийн албан бичгийн утга найруулга, дэс дараа гэж юм алга боллоо.
-Ерөнхийлөгч төрийн ажлыг гацааж байна.
-Монгол Улс хоёр Ерөнхийлөгчтэй боллоо.
-Ерөнхийлөгч 30 гэр бүлээр худлаа оньсого таалгаж байна.
-З.Энхболд Ерөнхийлөгчийг атгачихаж... гэх мэтээр Ерөнхийлөгчийг тойрсон муу үг, тааруу дүгнэлтүүд өдрөөс өдөрт олширч байна. Ийм байхад Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хувиар өөрийн сонирхолоо татаж, хэгжүүрхэлээ зогсоож, хувь хүний улс төр хийхээ больчихмоор. Гэтэл тэгсэнгүй.
Дээр нь, Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага буюу Үндсэн хуулиар төрийг ч, нийгмийг ч удирдах онцгой бүрэн эрхтэй УИХ-ын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан хүн албан тушаалын эрэмбэ зиндаа буурч Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллах нь хэр зохистой вэ. Харамсалтай нь, энэ жишгийг Монголын улстөрчид өнгөрсөн таван жилийн хугацаанд та бидэнд хангалттай олон харууллаа. УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаяр салбарынхаа дэд сайдаар ажлаа үргэлжлүүлсэн. УИХ-ын дарга асан С.Төмөр-Очир гэхэд л спикерийнхээ алхыг тушаагаад Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдын албыг хашиж байх жишээний. Барууны улс төрд бол ичиж, нуугдмаар, эгдүүцэж бухимдмаар ийм албан тушаалын аранги доошилж, төрөөс зууралддаг жишгийг энэ удаад З.Энхболд үргэлжлүүлж байна. Тэр үүнээсээ ичихгүй байна. Бизнесмэн байсан бол дампуураад эргэж сэргэж байна гэж бодоод ойлгохсон. Урлаг, соёлын алдартан бол алдаж онож яваад эргэн тайзан дээрээ гарахын тулд хичээн зүтгэж байна хэмээн өмгөөлөхсөн. Харин УИХ-ын дарга байсан хүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга буюу зохион байгуулагчийн үүрэг гүйцэтгэхийг хэрхэн зөвтгөж бодох вэ. Тэр дундаа төрийн хамгаалалт дэргэдээс нь буугаагүй байхад шүү. Иймд З.Энхболд даргад хандан “Зүгээр л инээмсэглэ” гэж зөвлөе. Өмч хувьчлалыг гардан эхлүүлж, төрийн өмчийг хувийнх болгож дөнгөлөө, Төрийн тусгай хамгаалалтанд багтаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүний нэг байх их хувь тохиолоо, УИХ-ын гишүүнээр сонгогдож, алх цохиод авлаа, Ардчилсан намыг ялалтаас нь эхэлж удирдаад ялагдалд хүргээд буцлаа... Одоо танд юу хэрэгтэй юм бэ гэж. Тавантолгойг гацааж, зогсоож чадлаа. Ардчилсан намын зөрчлийг хурцатгаж, үсэрсэн оч бүрийг нь дэвэргэж, гал асааж дөнгөлөө. Монголын ард түмний итгэлийг авч нэг, алдаж нэг үзлээ. Одоо харин инээмсэглэхэд суралц. Гэхдээ ялалт, ялагдлаа ялгахгүй харц шилбүүрдэж, доромжлохоо больчих. Залуус цаана чинь “Зүгээр л инээмсэглэ” гэж дуулаад байна. Тэр дууг сур. Тэгээд зүгээр л инээмсэглэ. Ерөнхийлөгчийг, төрийг чөлөөл... Өөрөөсөө.
Үндэсний шуудан сонин
45 · 2017/11/12
Амтгүй олон ус аваад гөлиичихсэн монгол архи гөлөөн шиг амьтан
Зочин · 2017/11/10
32-ын бүлэг, МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын Холбооноос төрд шургалуулсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан,Эвлүүлэг нэрээр өөрсдийгөө хаацайлсан явуургүй жүжиг, Эргэж буцсан тооцоогүй шийдвэрүүд , Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
зочин · 2017/11/10
хуйхалсан хонины толгой шиг шазайчих юм
Зочин · 2017/11/10
Босоо удирдлагатай агентлагуудын томилгоог өнгөрсөн хугацаанд ЕТГ-ын бодолгоор томилдог байсан шүү дээ.
Зочин · 2017/11/10
Монголчуудыг талцуулах явдал өнгөрсөн 8 жилд хүчтэй явагдсан.Нэн ялангуяа үндэстэн хооронд яс хаяж талцуулсан явдал одоо ч гэсэн арилахгүй байгаа нь үнэн шүү.Хэн нь яаж ажиллав гэдэг нь тодорхой байгаа.
Хүннү · 2017/11/10
"Зихэн" улс төрд байгаа цагт монгол улс өөдлөхгүй, хэрүүлээс салахгүй дээ.
зочин · 2017/11/10
Энэ гөлөөнд юу ч гэж зөвлөөд нэмэргүй өөрийнхөөрөө л гөжүүдлэнэ шүүдээ