МАН-ын их хурлын “тайзнаа” хэн тодрохоос Засгийн хувь заяа хамаарна
2017/11/13
Ямартай ч эндээс харахад МАН-аас хүчтэй, хүчтэй гээд өнөөдөртөө Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй өрсөлдөх бие даасан, нөлөө бүхий улстөрч тодроогүй л байна. Гол нь түүний өрсөлдөөний ард Монгол Улсын Засгийн газрын хувь заяа давхар бичигдэнэ. Энэ тохиолдолд МАН-ын Их хурлын “тайз” түүнийх болохыг үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ… үйлдэл нь эзнээ хэр зөвтгөхөөс их зүйл шалтгаалах биз ээ.
Монгол Ардын намын Их хурал энэ сарын 20-22-ны өдрүүдэд болно. Ардчилсан нам байсан бол алдаа, оноогоо ил зарлаж, лидер хоорондынх нь зөрчил хөнжлөөсөө хальж, хэтэвчээрээ илчлэгдэхсэн гэж баярлах ч МАН юм хойно үгээ ч амнаасаа “асгахгүй”, үйлдлээ ч Их хурлынхаа танхимд дарж өнгөрөх магадлалтай. Гэсэн ч МАН-ын шинэ даргыг сонгох уг хурал олон түмний нүднээс далд, үнэнээс хол өнгөрнө гэж байхгүй. Учир нь, ирэх өдрүүдэд сонгогдох МАН-ын дарга Монголыг гурван жил, цаашлаад дараа дараагийн сонгуулийн ялалтаар/2020 оны УИХ-ын сонгуульд ялбал/ удирдах боломжтой юм. Иймд өнөөдөр түргэвчилсэн пиар ажиллагаа МАН-ын даргын суудалд горилогчдыг тэвдүүлэн, сандаргаж буй нь тодорхой.
Одоогийн байдлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, пиарч, Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга асан Н.Дэмбэрэл нар нэр дэвших нь ил болоод байгаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхий сайдын хувиар МАН-ын даргад нэр дэвшинэ гэдэг хүлээлт намынхан дунд нь өнгөрсөн хоёр сар орчмын хугацаанд бий болсон. Гол нь энэ удаагийн Их хурлаас МАН-ын даргын суудлыг авч чадахгүй бол түүний байгуулсан Засгийн газрын хувь заяа богиносож мэднэ. Ялсан намын дарга нь Ерөнхий сайдын үүргийг давхар хүлээнэ гэсэн бичигдээгүй дүрэм энэ удаад хэрэгжихгүй бол МАН доторх шинэ улс төр идэвжхинэ гэсэн үг. Үүнийг далимдуулж, УИХ дахь МАН-ын бүлэгт нэг суудлаар цөөнхийн үүрэг гүйцэтгэж буй 32-ын албан бус бүлэг улс төрийн тэмцэлд ханцуй шамлаж таараа.
Саяхан л мэргэжлийн гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан өсийг өнөөдөр авах уу, маргааш авах уу гэдэгтээ тулчихсан байгаа тэдний хувьд яахан боломжийг ашиглахгүй байх билээ дээ. Тэр дундаа, МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдалтайгаа хамт намын даргаа өгнө гэдгээ аль эрт мэдэгдэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дэмжигчид хүлээлтээс ангижирч, хурдан хугацааны тэмцэлд боссон байхад. Тиймээс МАН-ын дарга болох сунгаанд яах аргагүй хүчийг үзүүлэх бүлэг бол У.Хүрэлсүхийн дэмжигчид болж таарч байгаа юм. Дээр нь, сануулахад Ерөнхий сайдаар томилсон МАН-ын Бага хуралд “Зүүний хүчний холбоо”-ны шугамаар тэд орон нутгийн намдаа хөлөө зузаатгаж, төлөөлөгчөө томилж амжсан байгаа. Иймд Их хуралд ч гэсэн Бага хурлынхаа гишүүдээр дамжуулан бэлтгэл базаасан байх талтай.
Харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы хувьд МАН-д Шинэчлэл, хөгжлийн хороо гэгчийг байгуулж, гурван жилийн өмнөөс намдаа эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн. Мөн УИХ-ын дарга М.Энхболдтой намын даргын суудлын төлөө өрсөлдөж, ялагдал хүлээсэн. Дээр нь, шинээр байгуулагдсан Засгийн газарт Шадар болон Гадаад харилцааны сайдын суудалд суух зорилго тавьсан ч их санасан газар есөн шөнө нойргүй хононо гэгчийн үлгэр болж дууссан. Ийм хүний хувьд шууд өнөөдөр “Би нэр дэвшинэ” хэмээн зарлаагүй ч намын нөхдөөс ч, шинэчлэлийн хорооны андууд ч “Дахин нэрээ дэвшүүл гэдэг санал тавиад байгаа” гэдэг ахархан утгатай ч, далд зорилготой тайлбарыг удаа дараа хийнэ билээ. Өөрөөр хэлбэл, нэр дэвших санаагаа энэ удаад өөрөө бус намынхаа нөхдөөр, найзуудынхаа үгээр дайх нь зөв гэж үзсэн биз.
Харин Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга асан Н.Дэмбэрэлийн тухайд тэрбээр хэлсэн үгэндээ эзэн болж нэр дэвшлээ гэхэд санал хуваах үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй. Өнгөрсөн 20 орчим жил тэрбээр МАН-ын дотоод улс төрд туслах дүр бүтээхдээ цаг үргэлж хотын фракцын төлөө ажиллаж ирсэн. Пиар болоод улс төрийн гол ажил нь бүлэглэл хоорондын зөрчлийг өөр дээрээ авч, гал асаах, унтраах үүрэгт эзэн болох байлаа. Үүний нэг нь М.Энхболдын Засгийн газрын сайдуудыг өөр хоорондоо зөрчилдөж, хатуу үг чулуудах үед ёстой л өмнүүр нь орж хариуцлага үүрэх маягтай Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаа өгч байсан. Гэхдээ үг дуугүй буусан хэрэг биш. Удаа дараа, Сангийн сайд асан Ч.Улаан, Ерөнхий сайд асан С.Баяр нар руу хатуу үг чулуудаж байв.
Тэгвэл Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат МАН-ын даргад өрсөлдөх үү. Яг одоо хийсэн ажлынх нь дүн хожимдсон ч гэсэн эергээр бичигдэж буй түүнийг МАН-ын даргад өрсөлдүүлэх, хор, хоржигноон дундуур гүйлгэх санаархал сайнаар ч, муугаар ч намынх нь нөхдөд бий. Гэхдээ албан бусаар “Би нэр дэвшихгүй” гэсэн байр сууриа илэрхийлсэн байгаа бөгөөд УИХ-ын жирийн нэг гишүүн, түр зуурын Сангийн сайдын албанаас тэрбээр сугарч, үсэрч Монгол Улсын Ерөнхий сайд болсныхоо “шийтгэл”-ийг энэ удаад чимээгүй үүрэхээр шийдсэн нь энэ байж болно.
Ямартай ч эндээс харахад МАН-аас хүчтэй, хүчтэй гээд өнөөдөртөө Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй өрсөлдөх бие даасан, нөлөө бүхий улстөрч тодроогүй л байна. Гол нь түүний өрсөлдөөний ард Монгол Улсын Засгийн газрын хувь заяа давхар бичигдэнэ. Энэ тохиолдолд МАН-ын Их хурлын “тайз” түүнийх болохыг үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ… үйлдэл нь эзнээ хэр зөвтгөхөөс их зүйл шалтгаалах биз ээ.
Үндэсний шуудан сонин
Zochin · 2017/11/13
MAN-d gaigui uls tur hiichih hyn bol Davaasuren um bgaan. Daanch ed nar gargahgui l dee.
Иргэн · 2017/11/13
Хятдаас хараат хүрэлсүх байх нь зөв шүү
шаабар · 2017/11/13
Харин ч эсрэгээр Хүрэлсүхэд эрх мэдэл өгч болохгүй юм биш үү. Тэр Ерөнхий сайдад нэр дэвшиж байхдаа хэлсэн лут лут үгнээсээ өдөр бүр ухарч шал эсрэгээр үйл ажиллагаа явуулж байгаа шүү. Энэ хэвээрээ явбал МАН 20 онд будаа л болох байх. Өөрсдөө л шийдэж дээ хөөрхий. Уг нь Аюурсайханд намаа өгөөд үзвэл арай л дээр юм даа.
bold · 2017/11/13
khurelsukhed erh medliig n ogchihwol yadaj l hytadaas haraat bna,,,, eh ornooo bodoo ta nar... bitgii sanal suudliin heruul hj bai...