Хоёр Засгийн газар дамжиж, удтал дуншсан “Монгол Улсын 2018 оны төсөв”, “Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсөв”, “Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсөв”-ийн төслийг УИХ өчигдөр хэлэлцэж баталлаа. Төсвийн нийт зарлага 9.6 их наяд, орлого 7.2 их наяд, алдагдлыг 2.4 их наяд төгрөг байхаар тооцож ийнхүү батлав. Ирэх онд эдийн засгийн өсөлт 4.2 хувь байхаар тооцжээ. 
Ингээд батлагдсан төсвийг салбараар нь задалж үзвэл,

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭГ ИХ НАЯД 632.3 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Ирэх онд боловсролын салбарт нэг их наяд 632.3 тэрбум төгрөг зарцуулна. Ингэснээр улсын хэмжээнд 82 сургууль барьж, он дамжсан сургуулийн барилгыг барьж дуусгах юм байна. Үүний дүнд сургуулиуд гурван ээлжгүй хичээллэх бүрэн боломжтой гэж тооцоолж байгаа аж. Мөн улсын хэмжээнд 127 цэцэрлэг болон он дамжсан барилгыг барьснаар эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт хамруулах сугалаанд найдах хэрэггүй болох нь. 
Тодруулбал, цэцэрлэгийн 75 барилга шинээр барих, 15 цэцэрлэгийн барилгад өргөлтгөл хийхэд зориулж 64,2 тэрбум төгрөгийн төсөвт тусгахаар Засгийн газраас санал оруулж ирсэн. УИХ үүн дээр нэмж 11 цэцэрлэг шинээр барих, нэг цэцэрлэгийн барилгад өргөтгөл хийх, 12 цэцэрлэгийн өргөтгөлийн санхүүжилтийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, нийтдээ 11 тэрбум төгрөгийн төсвийг нэмж баталсан юм. Ингэснээр ирэх 2018 онд 73.4 тэрбум төгрөгөөр 86 цэцэрлэгийн барилгыг шинээр барих, 16 цэцэрлэгийн барилгад өргөтгөл хийх боломж, бололцоо бүрдэж байгаа юм. Боловсролын үйлчилгээг тэгш хүртээмжтэй болгох, хөтөлбөрийн хэрэгжилтийг хэрэгжүүлэхэд 79.9 тэрбум төгрөг зарцуулах саналыг Засгийн газраас ирүүлснийг таван тэрбумаар нэмэгдүүлж, 84.5 тэрбум төгрөг болгожээ. Энэ хөрөнгөөр 29 сургууль, гурван бага сургуулийн барилга шинээр барих ажлыг эхлүүлэх аж. Мөн 29 сургуулийн барилгыг өргөтгөх, 15 сургуулийн дотуур байр, 11 сургуулийн спортын заал, нэг сургуульд номын сан шинээр барих асуудал энэ хөрөнгөд багтан шийдэгдэж байгаа юм байна. Түүнчлэн гурван мянган оюутан Боловсролын зээлийн сангаар дамжуулан урт хугацаатай зээл авах боломжтой болжээ. Тодруулбал, нэг өрхийн гурав болон түүнээс дээш хүүхэд нь их, дээд сургуульд зэрэг суралцаж байгаа бол нэг хүүхдэд нь, мөн бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, гэр бүлийн гишүүн нь хөдөлмөрийн  чадвараа  бүтэн  алдсан  оюутны  сургалтын  төлбөрт зориулан нийт 12.6 тэрбум төгрөгийг төсөвт тусгав. 
 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 893.1 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛАХААР БОЛОВ

2018 оны төсвийн хуулийн дагуу эрүүл мэндийн салбарт 893.1 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэжээ. Энэхүү хөрөнгөөр санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийн суурийг тавьж, эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж, хүрээг нэмэгдүүлэн, оновчтой болгох гэнэ.  Тухайлбал, эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулах 376 тэрбум төгрөг Эрүүл мэндийн даатгалын санд хуримтлагдах юм байна. Түүнчлэн ирэх онд өрх, сумын эмнэлгийн үзүүлэх тусламж, үйлчилгээг нэмэгдүүлэх аж. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ажилгүй иргэдийн төлөх эрүүл мэндийн даатгалыг 50 хувиар бууруулж, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг 100 хувь санхүүжүүлэхээр төсөвт тусгажээ. Харин өндөр өртөгтэй мэс засал болон  эмнэлгийн тусламжийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зэргээр хүртээмжтэй эрүүл мэндийн даатгал бий болгох юм байна.

ЭЭЖҮҮД 50 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ БОЛЛОО 

“Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд  0-3 насны хүүхдээ асарч байгаа эх 50 мянга, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр 240 мянган төгрөг олгохоор баталжээ. Үүнд нийт 72,8 тэрбум төгрөг зарцуулах аж. Түүнчлэн 396.6 мянган хүний тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцийн төвшинтэй дүйцүүлж нэмэхэд 119,5 тэрбум төгрөг зарцуулах юм байна. Малчдын тэтгэврийн насыг таван насаар урагшлуулж, 44.6 тэрбум төгрөгийг Тэтгэврийн санд шилжүүлэхээр болжээ. Тодруулбал, 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, нийт 20-иос  доошгүй жил,  үүнээс 12 жил зургаан сараас  доошгүй жил малчнаар  ажиллаж  тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно гэж хуульд заасан байдаг байна. Хуулийн дээрх  зохицуулалтыг 2018 оны нэгдүгээр  сарын 1-нээс  эхлэн  хэрэгжүүлж эхэлснээр эрэгтэй 54-58, эмэгтэй 49-53 насны бүлгийн нийт 13.5 мянган иргэн тэтгэвэрт гарах  нөхцөл  бүрдэх  бөгөөд  сарын  дундаж  тэтгэврийг 284.7 мянган  төгрөгөөр  тооцвол жилд 44.6 тэрбум төгрөгийн зардал гарч байгаа аж. 

АЙМАГ БҮРТ ДУНДЖААР ДОЛООН ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ 

Төсвөөс үзвэл нэг аймаг дунджаар долоон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авахаар байна. Энэ нь нийт 147.5 тэрбумд хүрэх аж. Тодруулбал, улсын  төсвөөс  аймаг,  нийслэлийн  орон  нутгийн  хөгжлийн  санд  олгох  орлогын шилжүүлгийн  хэмжээг 2017  оны  төвшнээс 35.5  тэрбум  төгрөгөөр  нэмэгдүүлж, 88.6 тэрбум төгрөгт хүргэжээ. Төсвийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш анх удаа 21  аймгийн  орон  нутгийн  төсвийн  суурь  зардалд 59 тэрбум  төгрөгийн  хөрөнгө оруулалтын  эх  үүсвэрийг  тусгаж байгаа нь энэ аж. Ийнхүү улсын  төсвөөс  олгож  буй  орон  нутгийн  нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэр 2018 онд 147.6 тэрбум төгрөг болж, нэг аймагт дунджаар долоон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх боломжтой боллоо.  

ИЛ ТОД ЛИЦЕНЗ, ГАЗРЫН ЗӨВШӨӨРӨЛД ЗОРИУЛЖ 36 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨЖЭЭ 

Засгийн газар лиценз, газрыг татвар төлөхөөс зайлсхийж далдуур наймаалцах, зориулалтын бусаар ашигладаг байдлыг таслан зогсоохыг зорьж байгаа. Энэ дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших гэрчилгээ болон эзэмшигчийн мэдээллийг үнэн зөв, ил тод тайлагнаж, худалдах замаар төсөвт 36 тэрбум төгрөг оруулах юм байна. 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТАД 76 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨВ

Барилга,  хот  байгуулалтын  салбарт 2018  онд 76   тэрбум  төгрөгийн  хөрөнгө оруулалтын  төсөл,  арга  хэмжээг  санхүүжүүл­эхээр  төлөвлөжээ. Үүнээс 70.7  тэрбум  төгрөгийг барилга,  байгууламж, гурван  тэрбум  төгрөгийг  их  засвар, 1.7  тэрбум  төгрөгийг  тоног төхөөрөмж худалдан авах, 0.6 тэрбум  төгрөгийг техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулахад тусгасан байна. 
Харин Улаанбаатар  хотын Төв  цэвэрлэх  байгууламжийн  лагийг цэвэрлэх,  үнэргүйжүүлэх  ажлын  хүрээнд  2020  он  хүртэл 35  тэрбум  төгрөгийн  төсөвт өртөг бүхий ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж,  2018 онд арван тэрбум төгрөгийг тусгаад  байна.  Улсын  хэмжээнд арван  тэрбум  төгрөгийн  төсөвт  өртөг  бүхий  хог  ангилах  төвийг байгуулах  ажлыг  эхлүүлэхэд нэг тэрбум  төгрөгийг  тусгаснаар  хог  хаягдлыг  цуглуулах, тээвэрлэх,  ангилан  ялгаж  устгах  ажил  хийгдэж,  хүний  эрүүл  мэнд,  байгаль  орчинд үзүүлэх  хор  нөлөөллийн  эрсдлийг  бууруулах гэнэ. Түүнчлэн зургаан  тэрбум  төгрөгийн төсөвт өртөг  бүхий “Газрын  төлөвлөлт  бүртгэл  бирж,  үнэлгээ,  мониторингийн  нэгдсэн тогтолцоо”-г бий болгох төсөлд 959.6 сая төгрөгийг тусгасан байна.  

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД 17.9 ТЭРБУМ ТӨГРӨГ

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД 99.2 ТЭРБУМ ТӨГРӨГ

ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧДЫН ЗАРЦУУЛАХ ХӨРӨНГӨ

Ерөнхийлөгчийн Тамгын газар 5 тэрбум 242 сая
УИХ-ын дарга 33 тэрбум
Үндсэн хуулийн цэцийн дарга 2 тэрбум 33 сая
Улсын дээд шүүх 3 тэрбум 998 сая
Шүүхийн ерөнхий зөвлөл 48.6 тэрбум
Хүний эрхийн үндэсний комисс 1.40 тэрбум
Улсын ерөнхий прокурорын дарга 29 тэрбум 238 сая
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга 2 тэрбум 55 сая
Үндэсний аудитын ерөнхий газар 11.3 тэрбум
Авлигатай тэмцэх газар 14.48 тэрбум
Санхүүгийн зохицуулах хороо 3 тэрбум 837 сая
Төрийн албаны зөвлөл 730.8 сая
Үндэсний статистикийн хороо 9 тэрбум 487 сая
Сонгуулийн ерөнхий хороо 1 тэрбум 39 сая
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс 647.4 сая
Ерөнхий сайд 203 тэрбум 278 сая
Шадар сайд 136.7 тэрбум
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 34.5 тэрбум
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 88 тэрбум 461 сая
Сангийн сайд 6 их наяд
Хууль зүй, дотоод хэргийн сайд 476 тэрбум
Зам тээврийн хөгжлийн сайд 384.5 тэрбум
Батлан хамгаалахын сайд 237 тэрбум
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 1.6 их наяд
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 26 тэрбум 397 сая
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 266.6 тэрбум
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд 1.2 их наяд
Эрүүл мэндийн сайд 766.3 тэрбум
Барилга хот байгуулалтын сайд 137.4 тэрбум төгрөг

 

Үндэсний шуудан сонин